Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Харилцаа холбооны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Шуудангийн тухай хуулиудын хүрээнд шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, зохицуулалтын бичиг баримт, дүрэм журам боловсруулах, шуудангийн стандартуудыг боловсруулан мөрдүүлэх, шуудангийн салбарын зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт тавих үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Шуудангийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
- Хууль дээдлэх, үйлчлүүлэгчийн эрхийг хүндэтгэх, нууцыг хадгалах, хамгаалах
- Шуудангийн үйлчилгээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүртээмжтэй, шуурхай байх, ялгаваргүйгээр үйлчилгээг үзүүлэх;
- Шуудангийн илгээмжийг саадгүй, чөлөөтэй илгээх, шуудангийн сүлжээний ажиллагаа тогтвортой байх;
- Шуудангийн салбарт дагаж мөрдүүлэх стандарт, дүрэм нь харилцан уялдсан, нэгдмэл байх.
Шуудангийн салбарт сүлжээний болон үйлчилгээний дараах төрлөөр зохицуулалт хийж байна.
Үүнд: Шуудангийн сүлжээ нь дор дурьдсан хамрах хүрээтэй байх ба тухайн хамрах хүрээнд тохируулан сүлжээгээр дамжуулан илгээмжийн хүргэлтийн график маршрут болон хяналтын хугацааг тогтооно.
- Улс хооронд
- Хот хооронд
- Хот суурин газарт
Шуудангийн үйлчилгээ нь шуудангийн сүлжээгээр дамжин илгээмжийг дотоод болон улс хооронд дор дурьдсан төрлөөр үйлчлүүлэгчдэд холбогдох бусад хууль, дүрэм, гэрээнд заасны дагуу үйлчилгээ үзүүлдэг.
Улс хоорондын үйлчилгээ
- Улс хоорондын буухиа шуудангийн үйлчилгээ эрхлэх
- Улс хоорондын илгээмжийн үйлчилгээ эрхлэх
Дотоодын шуудангийн үйлчилгээ
- Шуудангийн үндсэн үйлчилгээ эрхлэх
- Шуудангийн нэмэлт үйлчилгээ эрхлэх