Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / ШУУДАН / Шуудангийн нэгдсэн код, хаягжуулалт
Шуудангийн нэгдсэн код, хаягжуулалт
2025-05-23

 

Монгол Улсын шуудангийн нэгдсэн код  түүний хэрэглээ

Монгол Улсын Засгийн газрын “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Улс орны хэмжээнд нэгдмэл кодчлолыг бий болгож, мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх”, “Гудамж, талбай, албан байгууллага, айл өрх бүрийг хаягжуулж, шуудангийн бүсийн тогтолцоонд шилжүүлэх”, “Бүх шатны шуудан хүргэлтийн тогтолцоог боловсронгуй болгох” зорилтуудыг биелүүлэх ажлын хүрээнд ЗТАЖ-ын сайдын 2007 оны 101 тушаалаар “Шуудангийн нэгдсэн код” батлагдсан ба шуудангийн нэгдсэн кодыг нэвтрүүлэх ажлыг Шуудангийн тухай хуулийн 9.1.3-р заалтын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцдаг.

Шуудангийн нэгдсэн код гэж юу вэ?

Энгийнээр тайлбарлавал шуудангийн нэгдсэн код гэж тухайн хуулийн этгээд буюу объектын байршил, хаягийн мэдээллийг илэрхийлсэн 5 оронтой тоог хэлнэ.

Шуудангийн нэгдсэн код нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу засаг захиргааны нэгжийн болон хот суурингийн хэсэг (бүс)-ийн байршлын тухай мэдээллийг агуулж, тэдгээрийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулалт хийх, давхардуулан оноогдохгүйгэээр оноох нөөц бүхий 5 оронтой тооноос бүрдэнэ.

Тоо баримт:  Монгол Улсын хэмжээнд 2025 оны байдлаар 2721 шуудангийн нэгдсэн код байгаагаас 21 аймагт 1993, Улаанбаатар хотын 9 дүүрэгт 728 кодыг оноогоод байна.

Шуудангийн бүсчлэлийн код болон шуудангийн нэгдсэн кодыг хэрхэн бичих талаар Шуудангийн хаягийн бичвэрийн стандартад /MNS 6775:2024/ дараах байдлаар шинэчлэн баталсан.

Шуудангийн хаягийг хэрхэн зөв бичих вэ? 

Шуудангийн хаягийн бичвэрийн стандарт /MNS 6775:2024/-д заасны дагуу дараах байдлаар шуудангийн хаягийг бичнэ.

  • Хүлээн авагч буюу явуулагчийн нэр
  • Албан газар, албан тушаал (албан байгууллагын хаягаар явуулах бол)
  • Хаягийн бүсийн нэр, гудамжны нэр, хорооны болон барилга байшингийн дугаар
  • Хотын нэр, шуудангийн нэгдсэн код (www.zipcode.mn)
  • Улсын нэр

 

Илгээгчийн хаяг нь: Дугтуйны зүүн дээд өнцөгт байрлана. Хүлээн авагчийн хаяг нь: Дугтуйны баруун доод өнцөгт байрлана.

Та өөрийн оршин суугаа газрын болон барилга байгууламжийнхаа шуудангийн нэгдсэн кодыг www.zipcode.mn цахим хуудаснаас газрын зураг дээр хайлт хийж мэдэх боломжтой.