Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Танилцуулга
2022-04-27

Монгол Улс харилцаа холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, зах зээлийг либеральчлах, цахилгаан холбооны үндсэн сүлжээг тоон технологид шилжүүлэх зэргээр салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд сүлжээний ашиглалт эзэмшлийг холбооны үйлчилгээ явуулах бизнес ажиллагаанаас салгах бүтцийн өөрчлөлтийн чиглэлийг Монгол Улсын Их Хурал 2005 оны 48 дугаар тогтоолоор баталсан. Улмаар Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 6 дугаар тогтоолоор мэдээлэл холбооны сүлжээг эзэмших, ашиглах ажлыг харилцаа холбооны үйлчилгээ явуулах бизнесийн үйл ажиллагаанаас салгаж, дагнан эрхэлдэг болгох зарчмыг баримталж, давхардуулан эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг салган, цаашид сүлжээ болон үйлчилгээний тусгай зөвшөөрлийг нэг аж ахуйн нэгжид давхардуулан олгохгүй байх чиглэлийг тус хороонд өгсөн. Үүний дагуу сүлжээ байгуулах тусгай зөвшөөрөлтэй этгээдийг эцсийн хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэхгүй байх зохицуулалтыг хийж, зөвхөн сүлжээ байгуулж, түүнийг эзэмшиж, ашиглах бизнесийн үйл ажиллагаа эрхлэх зохицуулалтыг хэрэгжүүлж байна.

Монгол Улсад харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, хамгаалах харилцааг 2001 оны Харилцаа холбооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-аар зохицуулахаар хуульчилсан бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.10 дахь заалтаар ““харилцаа холбоо” гэж цахилгаан холбоо, радио телевиз, шуудангийн бүх төрлийг;” гэж харилцаа холбоо гэх ойлголтод шууданг хамааруулахаар, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгээр “Харилцаа холбооны сүлжээ нь цахилгаан холбоо, шуудан, радио, телевизийн болон мэдээллийн /интернет, компьютер зэрэг бусад/ сүлжээнээс бүрдэнэ.” гэж харилцаа холбооны сүлжээнд бүх төрлийн сүлжээг хамааруулахаар, 16.2 дахь хэсгээр “Харилцаа холбооны сүлжээг зориулалтаар нь нийтийн үйлчилгээний болон дотоодын, тусгай хэрэглээний сүлжээ гэж ангилна.” гэж тус тус хуульчилсан. Үүний дараа 2003 оны Шуудангийн тухай хуулиар шуудангийн сүлжээ, түүний ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон харилцааг зохицуулахаар заасан тул шуудангийн сүлжээ, түүний ашиглалт, шуудангийн үйлчилгээтэй холбоотой зохицуулалтыг мэдээлэл холбооны шугам, сүлжээний зохицуулалтаас тусдаа зохицуулж байна.

Харин цахилгаан холбоо, мэдээллийн, радио, телевиз, өргөн нэвтрүүлгийн сүлжээтэй холбоотой харилцааг мэдээлэл холбооны сүлжээнд дээр дурдсан хууль, эрх зүйн үндэслэлийн дагуу мэдээлэл холбооны шугам, сүлжээнд хамааруулан зохицуулалт хийн ажиллаж байна. Уг зохицуулалтын дагуу тодорхой сүлжээний төгсгөлийн цэгүүд хооронд болон тэдгээрийн дунд холбогдох боломжийг олгож байгаа шуудангийн сүлжээнээс бусад нийтийн үйлчилгээний сүлжээг мэдээлэл холбооны сүлжээнд хамааруулан ойлгоно.

 

         Тусгай хэрэглээний сүлжээг Харилцаа холбооны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасан журмаар, дотоодын хэрэглээний сүлжээг Харилцаа холбооны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан журмаар тус тус зохицуулна.