Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 02 дугаар хуралдааны мэдээлэл
2021-03-03
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 02 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 02 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 02 дугаар хуралдааныг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр холимог оролцоотой (биеэр болон цахим) хэлбэрээр зохион байгуулав.  

Энэхүү хорооны 2021 оны ээлжит 02 дугаар хуралдаанаар Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны 2020 оны тайлан, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн талаар танилцуулга; Хөрөнгө актлах тухай; Тусгай зөвшөөрлийн тухай (тусгай зөвшөөрөл олгох тухай, нэмэлт өөрчлөлт оруулах тухай, сэргээх тухай, сунгах тухай, хүчингүй болгох асуудал); Бусад (ХЗДХЯ-аас ирүүлсэн дүгнэлтийн тухай, Хорооны 2020 оны 82 тоот тогтоол) асуудлыг хэлэлцэн хорооны 6 тогтоолыг батлан шийдвэрлэж, хуралдааны 2 тэмдэглэлээр удирдамж чиглэл, хугацаатай үүрэг, даалгаврыг холбогдох бүтцийн нэгжид үүрэг болгов.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 268 дугаар тогтоолоор баталсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”, тус хорооны 2019 оны 28 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-ийн дагуу жил бүрийн эхний улиралд багтаан Хорооны хуралдаанд хорооны хуралдааны жилийн тайлан, төсвийн гүйцэтгэл болон баталсан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэн үнэлэлт дүгнэлт, цаашдын удирдамж, чиглэлийг авч ажилладаг болно. Тус хуралдаанаар Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны хуралдааны жилийн эцсийн тайлан, баталсан тогтоол шийдвэр болон удирдамж чиглэл; хугацаатай үүрэг даалгавар, хуралдааны тэмдэглэлийн хэрэгжилтийн талаар танилцуулга, хуралдааны тэмдэглэлийн төслийг авч хэлэлцээд, энэхүү хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр “ХХЗХ-ны хуралдааны 2020 оны жилийн эцсийн тайлан, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Тэмдэглэлийг батлан гаргалаа. Тэмдэглэлд, хуралдаанаас гишүүдийн зүгээс 2020 онд зохион байгуулсан хорооны 12 ээлжит болон 5 удаагийн ээлжит бус хуралдааны 94 тогтоол шийдвэр, 21 хуралдааны Тэмдэглэлээр өгсөн чиглэл, үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангалттай сайн гэж дүгнэв. Түүнчлэн хорооны хуралдааны 2020 оны 11 дүгээр тэмдэглэлийн хэрэгжилтийг хангуулах, “ХХЗХ-ны хуралдааны дэг”-д хорооны хуралдааныг цахим, холимог (биет болон цахим) хэлбэрээр зохион байгуулах талаар зохицуулалтыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/-д, хорооны тогтоол шийдвэр, зохицуулалтын баримт бичгийг Захиргааны ерөнхий хууль болон холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэх арга хэмжээг (шинэчлэн батлах, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох) эрчимжүүлэх; ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлийн санд бүртгүүлэх, тус яамнаас ирүүлсэн дүгнэлтийг хэрэгжүүлэх, биелэлтийг тухай бүр тайлагнах арга хэмжээг авч ажиллахыг Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар /З.Эрдэнэчулуун/, Т.Ууганбат /Хуулийн хэлтэс/-т, Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/-д тус тус үүрэг болгохоор тогтов.  

Зохицуулах хорооны 2021 оны ээлжит 2 дугаар хуралдаанаар ЗУХАГ, ажлын хэсгээс боловсруулсан “Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасаж, актлах тухай” танилцуулга, тогтоолын төсөл, 2 хавсралт бүхий жагсаалтыг авч хэлэлцээд, Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 271 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”, байгууллагын 2020 оны жилийн эцсийн эд хөрөнгийг тоолсон ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тус тус үндэслэн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 08 тоот “Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасч, актлах тухай” тогтоолыг батлан шийдвэрлэв. Энэхүү тогтоолын 1 дүгээр хавсралтаар хорооны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ашиглалтын хугацаа дуусаж хэрэгцээ хангахгүй болсон 27 нэр төрлийн 87,873,263 (наян долоон сая найман зуун далан гурван мянга хоёр зуун жаран гурван) төгрөгийн анхны өртөгтэй машин тоног төхөөрөмжүүдийг актлах, устгах саналыг; 2 дугаар хавсралтаар тус хорооны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ашиглалтын хугацаа дуусаж, хэрэгцээ хангахгүй болсон 17 нэр төрлийн 59,869,627.76 (тавин есөн найман зуун жаран есөн мянга зургаан зуун хорин долоон төгрөг далан зургаан мөнгө) төгрөгийн анхны өртөгтэй программ хангамжийг үндсэн хөрөнгөөс хасаж актлах, устгах саналыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлж шийдвэрлэхээ тогтов.

Бусад асуудал, ХХЗХ-ны хуралдаанаар баталсан 2020 оны 82 тоот тогтоолын талаар ХЗДХЯ-аас 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1/683 албан тоотоор ирүүлсэн дүгнэлтийг тус хуралдаанд танилцуулж, хуралдааны үеэр дарга, гишүүдээс уг асуудлаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар удирдамж, чиглэлийг өгч, хэрхэн шийдвэрлэсэн талаар Хорооны хуралдаанд танилцуулахыг холбогдох газар, нэгжийн удирдлагад үүрэг болгов.   

Хорооны 2021 оны ээлжит 02 дугаар хуралдаанаар “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөл сэргээх тухай”, “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай”, холбогдох газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээний дүгнэлт бүхий 5 тогтоолын төслийг хавсралтын хамт тус тус хэлэлцэж, энэхүү хуралдаанаас 5 тогтоолыг хавсралтын хамт батлан шийдвэрлэсэн. Үүнд:

  • Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дах заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10.2 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 09 тоот тогтоолын хавсралтаар  3 хуулийн этгээдийн 4 тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 10 тоот тогтоолын хавсралтаар 21 хуулийн этгээдэд 21 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 11 тоот тогтоолоор 1 хуулийн этгээдийн 1 тусгай зөвшөөрлийг сэргээсэн;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 8 дугаар зүйлийн 8.6 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 12 тоот тогтоолын хавсралтаар 8 хуулийн этгээдийн 11 тусгай зөвшөөрлийг сунгасан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 13 тоот тогтоолын хавсралтаар  1 хуулийн этгээдийн 1 тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).