Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 10 дугаар хуралдааны мэдээлэл
2020-11-09
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 10 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 10 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 10 дугаар хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулав.  

Тус хорооны 2020 оны  ээлжит 10 дугаар хуралдаанаар “Радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглах журам”-ын төслийн тухай (Хорооны 2020 оны ээлжит 9 дүгээр хуралдаан); “Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-д  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (Хорооны 2017 оны 31 тоот тогтоол); "Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ"-г шинэчлэн батлах тухай; Радио, телевизийн 2020 оны эхний хагас жилийн радио, телевизийн мониторингийн тайлан, дүгнэлт танилцуулга; “Радио телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ын төслийн танилцуулга; Шуудангийн салбарын зохицуулалт, тулгамдаж байгаа асуудлууд танилцуулга (Хорооны хуралдааны 2020 оны 17 дугаар тэмдэглэл); Тусгай зөвшөөрлийн тухай (тусгай зөвшөөрөл олгох, сунгах, сунгахаас татгалзах, хүчингүй болгох асуудал); Бусад (Хорооны 2020 оны 11 дугаар хуралдааны тэмдэглэлийн хэрэгжилт, улирлын тайлан) асуудлыг хэлэлцэн хорооны 7 тогтоолыг баталж шийдвэрлэв.

Зохицуулах хорооны 2020 оны ээлжит 9 дүгээр хуралдаанаар “Радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглах журам”-төслийн танилцуулга, саналын товчоо, тогтоолын төслийг тус тус хэлэлцүүлсэн бөгөөд энэхүү хуралдааны үеэр гишүүдээс гарсан санал зөвлөмж, эрх бүхий байгууллагын саналыг баримтжуулах, шинэ удирдлагын түвшинд дахин авах, тусгах, журмын төслийг шинэчлэн боловсруулж, Хорооны дараагийн ээлжит хуралдаанд хэлэлцүүлэхийг ажлын хэсэгт даалгасан. Энэхүү үүрэг чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох газар, хэлтсээс дээрх асуудлыг шинэчлэн боловсруулж, Хорооны 2020 оны ээлжит 10 дугаар хуралдаанд дахин хэлэлцүүлэв. Тус хуралдаанаас Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалт, Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.9 дэх заалтуудыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж  ашиглах журам батлах тухай” 69 дүгээр тогтоолыг хавсралт журмын хамт баталсан. Журам нь Төрийн болон албаны нууц задрахаас хамгаалах, аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмжийг ашиглах, тэдгээрт хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна. Захиргааны ерөнхий хуулийн дагуу ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд хянуулан бүртгүүлэхээр тогтоол, журмыг албан тоотоор хүргүүлсэн болно.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 31 дүгээр тогтоолоор “Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ыг  баталж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 3782 дугаарт бүртгүүлэн мөрдөж байна. Сүүлийн үед тоон технологийн харилцааны радио станцын үйлдвэрлэл нэмэгдсэн нь харилцаа радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн шаардлагын хүрээнд 2017 оны 31 тоот тогтоолд нэмэлт оруулан шийдвэрлэх шаардлагатай болсон. Түүнчлэн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны А/80 дугаар тогтоолоор “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-ийг шинэчлэн баталсан бөгөөд 370-380 МГц-ийн давтамжийн  зурвасыг  ашиглах хуваарилалт, ашиглалтад өөрчлөлт оруулаад байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийтийн хэрэглээний 370-380 МГц давтамжийн зурваст тоон технологийн ашиглах зорилгоор 2017 оны 31 дүгээр тогтоолоор “Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-д радио давтамжийн зурвасыг нэмж хуваарилах, хүн амын амь нас, эрүүл мэнд холбоотой болон эрчим хүч, нисэх ба төмөр замын аюулгүй байдлыг хангах, банкны харуул хамгаалалтын байгууллагуудыг хуваарилах зохицуулалтыг шийдвэрлэхээр боловсруулсан. Тус хуралдаанаар 2017 оны 31 дүгээр тогтоолд нэмэлт оруулах танилцуулга, тогтоолын төслийг хэлэлцээд, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалт, Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.2 дах заалтыг тус тус үндэслэн “Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-д  нэмэлт оруулах тухай 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 70 тоот тогтоолыг батлав. Захиргааны ерөнхий хуулийн дагуу ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд хянуулан бүртгүүлэхээр тогтоолыг хүргүүлэв.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 57 тоот тогтоолын хавсралтаар “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-г батлан мөрдөж байна. УИХ-аар 2019 оны 5 сард “Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг соёрхон баталж, 5-р дугаар зүйлийн Радио долгионы талаар төрийн байгууллагын бүрэн эрхийн  5.2.3-т заасны дагуу Радио давтамжийн зурвасыг ашиглах, төлөвлөх, дахин төлөвлөх, хуваарилах болон радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөр тогтоох журмыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар ХХМТГ батлах, Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох холбогдох хуулийн шинэ зохицуулалтын орчин бүрдсэн. ХХМТГ-ын Даргын 2020 оны А/44 тоот тушаалаар “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журам”-ыг шинэчлэн баталсан. “Радио долгионы тухай” хуулийн нэмэлт өөрчлөлтөөр батлагдсан бүрэн эрхийн хүрээнд тус хороо нь энэ хуулийн 5.2.3-т заасан журмын дагуу радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах болсон. Иймд  “Радио долгионы тухай” хууль болон “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журам”-ыг хэрэгжүүлэх, хууль журамд нийцүүлэх үүднээс “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-г баталсан хорооны 2017  оны 57 тоот тогтоол,  энэ тогтоолд нэмэлт оруулсан 2019 оны 05 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгох, хуулийн үндэслэлээр шинэчлэн батлах шаардлага гарсан болно.  Тус хорооны бүтцийн нэгж болох ЗЗҮТСГ, РДХЗГын хамтарсан ажлын хэсгээс боловсруулан Хорооны 2020 оны ээлжит 10 дугаар хуралдаанд “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн батлах талаар үндэслэл танилцуулга, тогтоолын төсөл, тогтоолын хавсралт буюу радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээний төслийг тус тус хэлэлцүүлэв. Тус хуралдаанаар Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.10 дах хэсэг, ХХМТГ-ын Даргын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/44 тоот тушаалаар батлагдсан “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журам” -ыг тус тус үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ-г шинэчлэн батлах тухай 71 тоот тогтоолыг батлав. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 57 тоот тогтоол, 2019 оны 5 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгов. Захиргааны ерөнхий хуулийн дагуу ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд хянуулан бүртгүүлэхээр тогтоол, хавсралтаар баталсан радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг албан тоотоор хүргүүлсэн.

Бусад асуудлын хүрээнд, Хорооны 2020 оны 6 дугаар сарын 11 дүгээр хуралдааны тэмдэглэл (Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай)-ийн хэрэгжилт буюу Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт, шинээр боловсруулах холбогдох дүрэм журам, нөхцөл шаардлагын боловсруулалтын явц, хүрсэн үр дүнгийн талаар хуралдаанд танилцуулав.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 10 дугаар хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөл сунгах тухай”, “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзах тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай”, холбогдох газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээний дүгнэлт болон 4 тогтоолын төслийг хавсралтын хамт тус тус хэлэлцэж, энэхүү хуралдаанаас 4 тогтоолыг хавсралтын хамт батлан шийдвэрлэсэн. Үүнд:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 72 тогтоолын хавсралтаар 5 хуулийн этгээдэд 5 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 8 дугаар зүйлийн 8.6 дах хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 73 тоот тогтоолын хавсралтаар 5 хуулийн этгээдийн 5 тусгай зөвшөөрлийг сунгасан;
  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалтыг тус тус үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 74 тоот тогтоолоор 1 хуулийн этгээдийн 1 тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 75 тоот тогтоолоор 2 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

Харилцаа холбооны зохицуулах хороо

2020-11-05