Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл
2018-06-27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 6 дугаар хуралдаан 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болов.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 6 дугаар хуралдаанаар “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын төслийн тухай; “Тоон радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын төслийн тухай; ХХЗХ-ны найдваргүй авлагын нөөцийг бүрдүүлэх талаар танилцуулга (Хорооны 2018 оны 08 дугаар хуралдааны тэмдэглэлийг хэрэгжүүлэх); Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасч, актлах тухай (Тооллогын ажлын хэсэг); тусгай зөвшөөрлийн талаар боловсруулсан танилцуулга, санал дүгнэлт, тогтоолын төсөл зэрэг үндсэн 5 асуудлыг хэлэлцлээ. Энэхүү хуралдаан нь хэлэлцсэн асуудлаар хорооны хуралдааны 6 тогтоолыг батлан шийдвэрлэж, удирдамж чиглэл болон баталсан тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хорооны хуралдааны 2 тэмдэглэлийг гаргалаа.  

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дэх заалтад “харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох, баталгаажуулах”; мөн 9.1.10 дах заалтаар “радио давтамжийн зурвасыг хуваарилах, хяналт тавих”  гэсэн заалтын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороонд радио давтамжийг хуваарилах, хяналт тавих болон техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох бүрэн эрх олгогдсон байдаг болно.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 68 тоот тогтоолоор “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах зохицуулалт”-ыг баталсан бөгөөд хүчин төгөлдөр мөрдөж байгаа билээ. Гэвч үүрэн холбооны техник технологийн дэвшил, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч нараас ирүүлсэн санал, хүсэлт, хуулийн зөвлөх үйлчилгээний зөвлөмж, дүгнэлтээр энэхүү баримт бичгийг шинэчлэн батлах шаардлага гарч ирсэн юм.  Хуулийн зөвлөх үйлчилгээний зөвлөмжид, “Бичилтийн болон тогтоолын тэмдэглэх хэсэгт үндэслэсэн хуулийн заалтыг орхигдуулсныг залруулан Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.10 дахь заалтуудыг үндэслэн эрх олгосон заалтын агуулга, хүрээнд багтаан радио давтамжийн зурвасын ашиглалт, үйлчилгээний чиглэл, стратеги нь хуваарилалт гэдэг дотор багтаж байгааг энгийнээр найруулах, давтамжийн сувгийг олгоход тавигдах нөхцөл, шаардлага гэснийг давтамжийн сувгийн нөхцөл шаардлага гэх зэргээр хуулиар эрх олгосон заалтын томьёолол, агуулгад нийцүүлэн өөрчлөн найруулах нь зүйтэй байна. ....Тогтоол баталсан үндэслэл хэсгийн Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн заалтын нь 2016 онд шинэчлэгдэн өөр болсон..., ... Баталсан баримт бичгийн агуулгаас харвал Дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлагыг тодорхойлсон гэж ойлгохоор байгаа ч хуулиар эрх олгосон заалт болох Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.10 дахь заалтын агуулга, хүрээнээс хальсан нэр томьёоны тодорхойлолт, тусгай зөвшөөрөл олгох, радио давтамж ашиглах үйлчилгээ эрхлэх эрхийн төлбөр зэрэг зохицуулалтыг агуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан эрх олгосон хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх шаардлагыг хангаагүй байна..”  гэсэн байна.  Захиргааны ерөнхий хуульд уг баримт бичгийг нийцүүлэх, хуулийн зөвлөх үйлчилгээний зөвлөмж дүгнэлт, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч нараас ирүүлсэн санал, уулзалт хэлэлцүүлгийн үр дүн, ШӨХТГ-ын саналыг тус тус харгалзан Захиргаа удирдлага, хамтын ажиллагааны газар, Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газар хамтран “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ыг тогтоож, батлах тухай хорооны тогтоолын төсөл, танилцуулга, саналын товчоо, шинэчилсэн хавсралт баримт бичгийн төслийг тус тус боловсруулан хуралдаанд хэлэлцүүлсэн болно. Тус хуралдаанаар энэхүү асуудлыг авч хэлэлцээд, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дэх заалт, 9.1.10 дах заалтыг тус тус үндэслэн “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагыг тогтоож, батлах тухай” хорооны хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 23 тоот тогтоолыг баталж, уг тогтоолын хавсралтаар  “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ыг батлан шийдвэрлэв. Энэхүү баримт бичгийг шинэчлэн баталснаар Дэлхийн Радиогийн их хурлаас баталсан “Олон улсын радио давтамжийн дүрэм”, Монгол Улсын “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт"-ийн дагуу Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасыг хуваарилах, холбогдох техникийн нөхцөл, шаардлагыг  тогтоох, уг баримт бичгийг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх, радио зурвасыг үр ашигтай ашиглах нөхцөл, хяналтын арга хэмжээг бүрдүүлэх боломжтой болно гэж үзэж байна. Энэхүү тогтоолыг баталснаар тус  хорооны 2007 оны 61 дүгээр тогтоол, 2008 оны 18 дугаар тогтоол,  2013 оны 46 дугаар  тогтоол, 2015 оны 68 дугаар тогтоол, 2017 оны 09 дүгээр тогтоол, 2017 оны 10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгов. Тус хорооны 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 23 тоот тогтоол батлагдсантай холбогдуулан “Хорооны 2018 оны 23 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” удирдамж, чиглэл бүхий 2018 оны 10 дугаар хуралдааны тэмдэглэлийг гаргалаа. Уг тогтоолыг хавсралтын хамт Захиргааны ерөнхий хуулийн дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгүүлэхээр ХЗДХЯ-нд хүргүүлээд байгаа болно.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 30 дугаар тогтоолын хавсралтаар “Радио өргөн нэвтрүүлгийн аналоги системийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах зохицуулалт”-ыг баталсан бөгөөд энэхүү баримт бичгийг Захиргааны ерөнхий хууль нийцүүлэх, тоон радио өргөн нэвтрүүлэг ба технологийг нэвтрүүлэх,  Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Даргын 2017 оны А/71 тоот тушаалаар баталсан “Монгол Улсад радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах чиглэл”-ийн зорилт, заалтыг хэрэгжүүлэх шаардлага гарч ирсэн болно. Хуулийн зөвлөх үйлчилгээний зөвлөмжид “Тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн шаардлагад нийцүүлэн Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай хуулийн нэр томьёо, эрх олгосон заалтын агуулга, хүрээнд нийцүүлэн шинэчлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан бүрдлийг ханган Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хянуулж, бүртгүүлэн мөрдөх нь зүйтэй гэж үзэж байна.” Захиргаа удирдлага, хамтын ажиллагааны газар, Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газраас хамтран боловсруулсан “Тоон радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын төсөл, танилцуулга болон хорооны тогтоолын төслийг тус тус хуралдаанаар авч хэлэлцээд, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дэх заалт, 9.1.10 дах заалтыг тус тус үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 24 тоот “Тоон радио өргөн нэвтрүүлэгт ашиглах  радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагыг тогтоож, батлах тухай” хорооны хуралдааны тогтоолыг батлав. Энэхүү тогтоолын хавсралтаар “Тоон радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ыг батлан шийдвэрлэсэн ба Дэлхийн Радиогийн их хурлаас баталсан “Олон улсын радио давтамжийн дүрэм”, “Монгол Улсад радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах чиглэл”, Монгол Улсын “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт"-ийг тус тус үндэслэн тоон радио өргөн нэвтрүүлгийн (DAB+) технологид ашиглах радио давтамжийн зурвасыг хуваарилах, радио давтамжийг үр дүнтэй ашиглах техникийн нөхцөл, шаардлагыг тодорхойлжээ. Уг тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 30 дугаар тогтоолыг хүчингүй болгов. Энэхүү 2018 оны 24 тоот тогтоолыг хавсралтын хамт Захиргааны ерөнхий хуулийн дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгүүлэхээр ХЗДХЯ-нд хүргүүлээд байна.

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Даргын 2017 оны А/259 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс тус хорооны эд хөрөнгийн үзлэг, тооллогыг Төрийн болон орон нутгийн өмчийн тооллого явуулах журмын дагуу зохион байгуулж, актлах хөрөнгийн жагсаалтын төслийг боловсруулжээ. Ажлын хэсгээс тооллогын явцад ашиглалтын хугацаа дууссан, элэгдэл хорогдлын шимтгэлээрээ балансын үнээ нөхсөн үндсэн хөрөнгөөс сэргээн засварлаж, цаашид байгууллагын хэвийн үйл ажиллагаанд ашиглах боломжгүй болсон үнэ бүхий үндсэн хөрөнгийг илрүүлэн актлах саналын талаар танилцуулга, актлах хөрөнгийн жагсаалт, тогтоолын төслийг боловсруулан тус тус  Хорооны хуралдаанд хэлэлцүүлэв. Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам” болон 2017 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тус тус үндэслэн “Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасч, актлах тухай” хорооны хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 25, 26 тоот тогтоолыг тус тус батлав. Тогтоолын хавсралтаар баталсан нэр бүхий ашиглалтын хугацаа дууссан хэрэгцээ хангахгүй болсон машин, тоног төхөөрөмжийг; тавилга, эд хогшлыг; программ хангамжийг; ашиглалтын хугацаа дуусч, элэгдэл хорогдлын шимтгэлээрээ балансын үнээ нөхсөн, сэргээн засварлахад өртөг өндөртэй, цаашид байгууллагын хэвийн үйл ажиллагаанд ашиглах боломжгүй болсон авто тээврийн хэрэгслийг үндсэн хөрөнгөнөөс хасч актлах, устгах саналыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тавьж шийдвэрлүүлэхээр тогтов.

2018 оны  ээлжит 6 дугаар хуралдаанаар баталсан 2018 оны 27, 28 тоот “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” нийт 2 тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.2.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 8 ААН, хуулийн этгээдэд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 27 тоот тогтоолын хавсралтаар тусгай зөвшөөрөл шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.1 дах заалт болон компаниас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 28 тоот тогтоолын хавсралтаар 1 хуулийн этгээдийн 1 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

Тус хуралдаанаар хорооны 2018 оны 08 дугаар тэмдэглэлээр өгсөн удирдамж чиглэл, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЗУХАГ-аас шинэчлэн боловсруулсан “ХХЗХ-ны найдваргүй авлагын нөөцийн бүрдүүлэх тухай”-ын танилцуулга, холбогдох журмын төсөл, хуралдааны тэмдэглэлийн төслийг тус тус авч хэлэлцээд, “Харилцаа холбооны зохицуулах хорооны найдваргүй авлагын нөөц байгуулах журам”-ын төслийг зарчмын хувьд дэмжиж, энэхүү журмыг Хорооны даргын тушаалаар батлах нь зүйтэй гэж тогтов. Зохицуулах хорооны найдваргүй авлагын нөөцийн бүрдүүлэх арга хэмжээг зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, журмын дагуу холбогдох асуудлыг тухай бүр боловсруулан Хорооны хуралдаанаар шийдвэрлүүлж ажиллахыг Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар /З.Эрдэнэчулуун/-т үүрэг болгов.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).