Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 01 дүгээр хуралдааны мэдээлэл
2017-02-07
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 01 дүгээр хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 01 дүгээр  хуралдааны мэдээлэл

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 1 дүгээр хуралдааныг 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр зохион байгуулав. Тус хорооны хуралдаанаар хорооны хуралдааны дэг, үйл ажиллагааг сайжруулах;  хуралдааны 2016 оны тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайлан; бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд 2017 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоох;  тусгай зөвшөөрлийн талаар холбогдох газрууд, Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга нараас боловсруулсан нийтдээ  6 асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 5 тогтоол,  1 тэмдэглэлийг тус тус батлан шийдвэрлэсэн болно.  

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 268 дугаар тогтоолоор баталсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх заалтыг үндэслэн “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-ийг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 43 тоот тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсан бөгөөд үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Тус хуралдаанаар хорооны бүтэц, зохион байгуулалтыг 2016 оны 9 дүгээр сард шинэчлэн баталсантай холбогдуулан “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-д байгаа бүтцийн нэгжийн газар, хэлтсийн нэр өөрчлөгдсөн, холбогдох маягтыг шинэчлэх, хуралдааны шийдвэр гаргах процессын өөрчлөлтийг тусгах, хорооны нэр бүхий зарим гишүүдээс 2016 оны ээлжит 9 дүгээр хуралдаанаас гарсан саналыг тус тус үндэслэн боловсруулсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай танилцуулга, тогтоолын төсөл, хавсралтын хамт авч хэлэлцэв. Хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 01 тоот тогтоолын хавсралтаар “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх заалтыг үндэслэн “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-д нэмэлт, өөрчлөлтийг оруулан баталсан. Түүнчлэн хорооны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлахдаа “Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга” албан тушаалыг шууд хорооны даргын шууд удирдлагад бие даан бий болгосон нь хорооны хуралдааны цагийн урамшуулалыг үндсэн цалинтай давхардуулан олгох боломжгүй нөхцөл үүссэн тул тус хуралдаанаар 2016 оны 44 тоот тогтоолын 1 дүгээр заалтын холбогдох хэсгийг хасч, хүчингүй болгох тухай хорооны 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 02 тоот тогтоолыг батлан шийдвэрлэсэн.

Хорооны 2015 оны 21 тоот тогтоолын хавсралтын 1 дүгээр заалтаар “Харилцаа холбооны зохицуулах хороонд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах тохиолдолд олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ”-г тус хороонд ажилласан жилээс хамаарч 3 шатлалтай байхаар тогтоосон юм.  Хуралдаанаар дээрх 3 шатлалыг 2 шатлалтай болгон өөрчлөх санал, тогтоолын төслийг боловсруулан хэлэлцүүлсэн ба 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 03 тогтоолоор батлав.   

Тус хуралдаанаар “ХХЗХ-ны хуралдааны 2016 оны тогтоол шийдвэрийн хэрэгжилт, жилийн тайлан”-г Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга Т.Наранмандахаас нэгтгэн боловсруулж танилцуулав. Хэлэлцүүлсэн тайланд, хорооны дарга болон хуралдаанаас өгсөн үүрэг даалгавар, удирдамж чиглэл, хуралдааны дэгийн дагуу 2016 онд Хорооны ээлжит хуралдааныг нийтдээ 9 удаа, ээлжит бус хуралдааныг 1 удаа тус тус зохион байгуулж, төлөвлөгөөт болон цаг үеийн 83 асуудлыг авч хэлэлцэн хорооны тогтоол, хуралдааны тэмдэглэл гарган шийдвэрлэсэн.  ХХЗХ-ны 2016 оны хуралдаанаар мэдээллийн технологи, харилцаа холбоо, радио телевиз, шуудангийн зохицуулалтын чиглэл, Дараа үеийн үүрэн холбооны систем нэвтрүүлэх, дүрэм журам, нөхцөл шаардлага, харилцан холболтын орлого хуваах зарчим, зохицуулалтын үйлчилгээний хөлсний зохицуулалт, радио давтамжийн хуваарилалт, төлөвлөлтөнд  нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилэх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, цуцлах, сэргээх, баталгаажуулалт, цаг үеийн шаардлагатай байсан зэрэг хэлэлцсэн асуудлаар нийтдээ 52 тогтоол, 19 тэмдэглэлийг  тус тус батлан шийдвэрлэж, тогтоол болон тэмдэглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан байна.  Уг асуудлыг хуралдаанаар хэлэлэцээд, “Хорооны хуралдааны 2016 оны жилийн эцсийн тайлан, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тухай” 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн хорооны хуралдааны 01 дугаар тэмдэглэлийг гаргав. Уг тэмдэглэлээр хорооны хуралдаанаас 2016 онд баталсан боловч тодорхой шалтгааны улмаас бүрэн хэрэгжээгүй тогтоол, хуралдааны тэмдэглэлийн хэрэгжилтийг хангуулах, шаардлагатай тохиолдолд шийдвэрлэх талаар санал боловсруулах, хуралдаанд хэлэлцүүлэхийг Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга, холбогдох газрын дарга нарт; “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-ийг хэрэгжүүлэх, хорооны гишүүдийг шаардлагатай мэдээлэл зөвлөмжөөр хангах, дэмжлэг үзүүлэх, хорооны тогтоол, хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийн тайланг хагас жил, жилийн эцсээр хорооны хуралдаанд танилцуулан холбогдох удирдамж, чиглэл авч ажиллахыг Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/-д тус тус үүрэг болгож; тэмдэглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж, тайлагнан ажиллахыг хорооны дарга-д даалгав.

Хөдөө орон нутаг болон алслагдсан сум суурин газарт шууданг хүргэх зардлын бүх нийтийн үйлчилгээний үүрэгтэй холбоотой хэсгийн алдагдлыг нөхөх зорилгоор зах зээлийн ашигтай хэсэг дэх шуудангийн үйлчилгээ эрхлэгчдээс төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг ХХЗХ нь тогтоодог. “Шуудангийн тухай хууль”-ийн 9.1.2 дах заалтыг үндэслэн Шуудангийн зохицуулалтын газраас боловсруулсан “БНҮҮС-д төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” танилцуулга, тооцоо судалгаа, тогтоолын төслийг хуралдаанаар авч хэлэлцээд,  2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 04 дугаар тогтоолыг батлав. Уг тогтоолоор шуудангийн үйлчилгээ үзүүлэгчээс Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд 2017 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг шинэчлэн тогтоожээ. Шуудангийн үйлчилгээ эрхлэгч нь шуудангийн тухайн зах зээлийн ашигтай, зардал багатай хэсэгт үйлчилгээ үзүүлснээр үндсэн сүлжээний Улаанбаатар хотын ашгаас хөдөө орон нутгийн алдагдлыг нөхөж, хөрөнгө оруулалт хийх, үйлчилгээний үнэ тарифаа тогтоох, орлогоо төлөвлөхөд нөлөөлж байдаг. Иймээс шуудангийн үндсэн сүлжээний алдагдлын тодорхой хувиар БНҮҮС-д төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоох зарчмыг баримталсан байна. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2014 оны 56 тоот тогтоолыг хүчингүй болгов.

Тус хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, сэргээх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай”  2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 05 тоот тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2 дах заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 6 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 дах заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар 2 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3 дах заалтыг үндэслэн тогтоолын Гуравдугаар хавсралтаар 10 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1 заалтыг үндэслэн тогтоолын Дөрөвдүгээр хавсралтаар 2 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 3 сараар түдгэлзүүлэх;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.5, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 12.1, 12.1.1 дах заалтыг үндэслэн тогтоолын Тавдугаар хавсралтаар 4 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэв.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү)