Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 4 дүгээр хуралдааны мэдээлэл
2016-04-29
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 4 дүгээр хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 4 дүгээр хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 4 дүгээр хуралдаан 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр болов. Уг хуралдаанаар 6 асуудлыг авч хэлэлцэж, хорооны хуралдааны  4 тогтоолыг баталсан. Хорооны хуралдааны 1 тэмдэглэлээр удирдамж чиглэл, хугацаатай үүрэг даалгаврыг хорооны даргад өгсөн болно.

Зохицуулах хорооны 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит 2 дугаар хуралдааны 06 дугаар тэмдэглэлээр өгсөн чиглэл, үүрэг даалгаврын дагуу тус хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуулийн 25.1.1 дэх заалт, Төрийн өмчийн хорооны 2010 оны 152 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын дүрмийн 6.3.1 болон  8.1-р заалтууд, хорооны 2015 оны 7 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны үйлчилгээний үнэ тариф тогтоох зөвлөмж, аргачлал”-ыг үндэслэн  Зах, зээл, үнэ тарифын албанаас боловсруулсан Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын “Телевизийн дахин дамжуулах тоон станцын тариф” тогтоох тухай  танилцуулга, тогтоолын төслийг дахин авч хэлэлцлээ. Сангийн яамнаас албан тоотоор ирүүлсэн талаар тодруулах, тооцоо судалгааг нарийвчлан боловсруулж, хорооны хуралдаанд хэлэлцүүлэхийг хуралдааны Тэмдэглэлээр хорооны даргад үүрэг болгосон.  

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.17, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 12 дугаар зүйлийн 12.3, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д Сонгуулийн Ерөнхий Хороо болон Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ыг хамтран батлахаар заасан юм. Зохицуулах хорооны хуралдаанаар  төслийг хэлэлцээд, тус хорооны 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 17 тоот тогтоолын хавсралтаар “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ыг батлаад байна. Журмаар холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд олон нийтийн радио, телевиз болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радиогоор сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, түүнд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна. Энэхүү журмын хавсралтаар Улаанбаатар хот, орон нутагт  сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх олон нийтийн радио телевиз, өргөн нэвтрүүлгийн телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн жагсаалтыг баталсан болно.

“Тусгай арга хэмжээний үед радио давтамжийн зохицуулалт хийх, хяналт тавих журам”-ын төслийг зохицуулах хорооны хуралдаанаар авч хэлэлцэв. Энэхүү журмыг Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.10, Радио долгионы тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, тус хорооны Дүрмийн 3.2.4 дэх хэсэг, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 4.7, 7.2 дэх хэсгийг тус тус үндэслэн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдааны 18 тоот тогтоолын хавсралтаар батлав.  Энэхүү журамд холбогдох нэр томьёо, баримтлах ерөнхий зарчмууд, зохион байгуулалт, хамрах хүрээ, давтамжийн зохицуулалт хяналтын үйл ажиллагаа,  ашиглах тоног төхөөрөмж, ашиглахад хориглох радио тоног төхөөрөмж, радио давтамж ашиглах түр эрхийн бичгийн төлбөр, хариуцлага зэрэг асуудлыг тусган багтаасан болно. Энэхүү журмаар тусгай арга хэмжээ буюу гадаад улсын төр, засгийн дээд хэмжээний айлчлал, Монгол Улсад зохион байгуулах олон улсын хэмжээний хурал, чуулга уулзалт, семинар, соёл, урлаг, спортын наадам, уралдаан тэмцээн зэрэг арга хэмжээний үеэр радио давтамж ашиглах түр эрхийн бичиг олгох, давтамжийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, ашиглах радио холбооны сүлжээ, тоног төхөөрөмжид хяналт тавих, ашиглалт үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулах ач холбогдолтой баримт бичиг гэж үзэж байна.

Хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох, сэргээх, хамрах хүрээнд өөрчлөлт оруулах тухай” 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 20 тоот тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  10.1, Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 8 иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2,2 дахь заалтыг тус тус үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1,Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Гуравдугаар хавсралтаар 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт тус тус шийдвэрлэв.

Хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 19 тоот тогтоолыг тус хорооны Дүрмийн 3.2.6, хорооны 2015 оны жилийн эд хөрөнгийн үзлэг, тооллогын ажлын хэсгийн тайлан, санал дүгнэлтийг тус тус үндэслэн гаргаж, тогтоолын 3 хавсралтад заасан хорооны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ашиглалтын хугацаа дууссан, хэрэгцээ хангахгүй болсон нэр бүхий тавилга, эд хогшлууд; машин, тоног төхөөрөмжийг;  ашиглалтын хугацаа дууссан хэрэгцээ хангахгүй болсон пргорамм хангамжийг тус тус үндсэн хөрөнгөөс хасч актлах саналыг Сангийн яаманд хүргүүлж шийдвэрлүүлэхээр тогтов.

Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах хэсэг, Шуудангийн тухай хуулийн 9.1.4 дэх хэсэг, тус хорооны Дүрмийн 3.2.4 дэх хэсгийг тус тус үндэслэн боловсруулсан “Шуудангийн харилцан холболтын журам”-ын төслийг хорооны хуралдаанаар авч хэлэлцэв. Журмын төслийг нарийвчлан боловсруулах, сүлжээ хоорондын харилцан холболт, орлого хуваах зарчим, сүлжээний зааг цэг, шуудангийн үйлчилгээ зэрэг асуудлаар тооцоо судалгаа хийж, хорооны хуралдаанд дахин хэлэлцүүлэхийг хорооны даргад үүрэг болгов.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү)