Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 11 дүгээр хуралдааны мэдээлэл
2015-10-02
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 11 дүгээр хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 11 дүгээр хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид ХХЗХ гэх)-ны 2015 оны ээлжит 11 дүгээр хуралдаан 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр боллоо. Уг ээлжит хуралдаанаар нийтдээ 19 асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 8 тогтоолыг батлан гаргалаа. Мөн хэлэлцсэн зарим асуудлаар хорооны хуралдааны тэмдэглэлээр хугацаатай үүрэг, чиглэлийг холбогдох албадад өглөө.

Монгол Улсад үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 26 дугаар тогтоолын хавсралтаар “Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээний ерөнхий журам”-ыг батлан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Тус журамд утга агуулгын хувьд зарим заалтыг илүү тодорхой, ойлгомжтой болгох, хэрэглэгч Дугаартайгаа шилжих үйлчилгээг сонгоход үйлчилгээний сонголтыг нээлттэй байлгах зорилгоор холбогдох заалтуудад өөрчлөлтийг оруулах тогтоолын төсөл, саналыг холбогдох албадаас боловсруулж, хорооны 2015 оны ээлжит 11 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэв. Хуралдаанаар Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрмийн хүрээнд “Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээний ерөнхий журам”-д 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 49 тоот тогтоолын хавсралтаар зарим заалтад өөрчлөлт оруулан батлав. Журамд энэхүү өөрчлөлтийг оруулснаар журмыг хэрэгжүүлэх, заалтыг тодорхой ойлгомжтой болгож, хэрэглэгч уг шинэ үйлчилгээг сонгосон тохиолдолд хүлээн авагч операторын үйлчилгээнээс дурын сонголтыг хийх бололцоог нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг тусгаж өгсөн болно.

Хорооны хуралдааны 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 50 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар тус хорооны 2012 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Богино зайн радио холбооны төхөөрөмжийн техник, үйл ажиллагааны параметрүүд болон  радио давтамжийн зурвасын зохицуулалт”-ын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. Уг зохицуулалтын баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулахдаа Монгол Улс нь Европ, Африк, Дундад Ази, Персийн булангийн орнуудын хамт ОУЦХБ-ын 1 дүгээр бүсэд хамаарч байгааг харгалзан Европын холбооны мөрддөг сүүлийн үеийн зөвлөмж, стандартын шаардлагад нийцүүлсэн. Зохицуулалтад нэмэлт өөрчлөлт оруулснаар Богино зайн радио холбооны төхөөрөмжийн техник, үйл ажиллагааны параметрүүд болон  радио давтамжийн зурвасын зохицуулалтын баримт бичгийн  Хүснэгт 1, 2-т заасан богино зайн радио холбооны төхөөрөмжийн хамгийн их оронгийн хүчлэг, радио давтамжийн гаралтын чадлыг тодорхойлоход Европын холбооны зөвлөмж (ERC Recommendation 70-03)-ийг мөрдөх, журмыг 2 дугаар бүлэгт техникийн шаардлагуудыг технологийн онцлогоос хамааруулж нэмэлтээр 10 хавсралтыг шинээр оруулснаар тоног төхөөрөмж үзүүлэлт, радио давтамжийн зохицуулалтыг шинэ орчинд нийцүүлэн хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлээд байна. Түүнчлэн энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтаар “ОУЦХБ-ын Радио давтамжийн Мастер бүртгэлд Газрын холбооны үйлчилгээнд ашиглах радио давтамжийг бүртгүүлэх зөвлөмж”, 3 дугаар хавсралтаар “Сансарын холбооны газрын станцыг ОУЦХБ-д бүртгүүлэх зөвлөмж”-ийг тус тус батлсан болно.

Хуралдааны 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 51 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Давтамж ба орон зайн тусгаарлалтууд зөвлөмж”, 2 дугаар хавсралтаар “Хяналтын зорилгоор Т-DAB ба DVB-T нэвтрүүлэгчийн хажуугийн зурвасын цацргалтын хэмжилт хийх зөвлөмж”, 3 дугаар хавсралтаар “Үүрэн холбооны бааз станцын хүний биеийн эрүүл мэндэд нөлөөлөх цахилгаан соронзон орныг хэмжих аргачлал зөвлөмж”, 4 дүгээр хавсралтаар “Радио давтамжийн зурвасын эзлэмжийг хэмжих аргачлал зөвлөмж”, 5 дугаар хавсралтаар “Суурин хяналтын станцыг ойролцоох болон  их чадлын нэвтрүүлэгчийн харилцан нөлөөллөөс хамгаалах аргачлал зөвлөмж”,  6 дугаар хавсралтаар “Газрын хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд интермодуляцийн харилцан нөлөөллийг тооцоолох аргачлал зөвлөмж”, 7 дугаар хавсралтаар “Радио давтамжийн VHF/UHF зурваст өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ болон суурин/хөдөлгөөнт үйлчилгээний хооронд радио давтамж хамтран ашиглах зөвлөмж”, 8 дугаар хавсралтаар “Радио долгионы хяналтын станцаар чиглэл хайх болон байршил илрүүлэх зөвлөмж”-ийг тус тус батлахаар шийдвэрлэв. 

Хорооны хуралдааны 2015 оны 50, 51 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан дээрх 10 аргачлал, зөвлөмжүүдийг тусгай зөвшөөрөл эзэмшигч төр, хувийн хэвшлийн ААН, хуулийн этгээдүүд үйл ажиллагаандаа ашиглан  хэрэгжүүлж эхэлснээр олон улсын жишиг түвшинд суурин хяналт, үүрэн холбоо, тоон системийн Т-DAB ба DVB-T, DVB-T2 нэвтрүүлэгчийн цацаргалтын түвшин, радио давтамжийн зурвасын эзлэмж, өргөн нэвтрүүлэгийн тоног төхөөрөмжийн хэмжилт хийх аргачлалыг тогтоох; давтамжийн нөлөөллөөс хамгаалах, соронзон орны нөлөө болон харилцан нөлөөллийг тооцоолох; манай улсад  үйл ажиллагаа явуулж буй радио станцуудыг олон улсын бүртгэлд баталгаажуулах, улмаар хөрш орнуудтай радио давтамжийн зохицуулалтын хэлэлцээрт хамтран ажиллах; радио долгионы харилцан нөлөөллөөс зайлсхийх, сансарын хөдөлгөөнт бус холбооны үйлчилгээ эрхлэгчид ОУЦХБ-ын програм хангамжийг  ашиглан өөрийн газрын станцуудыг олон улсад бүртгүүлэх чадвартай болох,  үнэн зөв мэдээллийн санг бүрдүүлэх; чиглэл хайх техник, аргачлалууд, тэдгээрийн онцлог ялгаа, байршил илрүүлэх арга зам болон хяналтын станцын чиглэл хайгчийг ашиглан нэвтрүүлэгчийн хамгийн өндөр магадлалтай байршлыг тодорхойлох; үйлчилгээ эрхлэгч болон радио долгион ашиглагч нарыг мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах, олон улсын жишигт нийцүүлэн чадавхижуулах боломжийг бүрдүүлнэ гэж Харилцаа холбооны зохицуулах хороо үзэж байна.

Хорооны хуралдааны  “Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай” 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 52 дугаар тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 9 ААН, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, , Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар нийтдээ 6 ААН, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  14.1, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 12.1, тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг үндэслэн тогтоолын Гуравдугаар хавсралтаар 2 хуулийн этгээдийн эзэмшиж байсан  тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэв.

Хорооны хуралдаанд тус хорооноос батлан хүчин төгөлдөр мөрдөж байгаа тогтоол, дүрэм журам, нөхцөл шаардлага зэрэг зохицуулалтын баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж,  баримт бичгүүдэд байгаа нийтлэг зөв бичгийн болон үг, үсгийн алдааг Монгол хэл бичгийн шинэчилсэн дүрэмд нийцүүлэн залруулах, зарим заалтуудыг хооронд нь уялдуулах, шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлтийг оруулах, хүчингүй болгох талаар санал, дүгнэлтээр хэлэлцүүлэн шийдвэрлэж, “Хорооны тогтоолын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 53 дугаар тогтоолыг батлав. Тогтоолыг гаргаснаар зохицуулалтын баримт бичгий нэр томьёог нэг мөр болгох, редакцийн зарим алдааг зөв бичгийн шинэ дүрмээр залруулан засах, баримт бичгийн боловсруулалтын чанарыг сайжруулах, заалтуудын уялдааг боловсронгуй болгох ач холбогдолтой юм. 

Тус хуралдаанаар хорооны 2010 оны 27 дугаар тогтоолын  1 хавсралтаар баталж, 2013 оны 71 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар  нэмэлт өөрчлөлт оруулсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-д нэмэлт, өөрчлөлтийг оруулах асуудлыг тухай хэлэлцэн, хорооны 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 54 тоот тогтоолын хавсралтаар нэмэлт өөрчлөлтийг оруулан баталсан болно.  Тогтоолын хавсралтаар “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-д нэмэлт, өөрчлөлт оруулснаар хорооны хуралдааны бэлтгэлийг хангах, зохион байгуулах, гаргасан тогтоол шийдвэр, тэмдэглэлийн хэрэгжилтийг хангуулах, тайлагнах зэрэг үйл ажиллагааг боловсронгуй болгож байгаа юм. 

Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-ийн холбогдох заалт болон хорооны хуралдааны 2015 оны 1 дүгээр Тэмдэглэлээр өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны хуралдааны тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн дэлгэрэнгүй  тайлан” танилцуулгыг тус хуралдаанд хэлэлцүүлсэн бөгөөд хорооны гишүүдээс хуралдааны Тэмдэглэлийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулахыг Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга-д даалгав.

Монгол Улсын харилцаа холбооны зах зээлд үүрэн холбооны сүлжээний виртуаль оператор (MVNO) нэвтрүүлэх талаар боловсруулсан зохицуулалтын чиглэл баримт бичгийн төсөл, түүнд үйлчилгээ эрхлэгчдээс ирүүлсэн саналын тухай танилцуулгыг хуралдаанаар авч хэлэлцээд, хорооны гишүүдийн олонхийн саналаар ажлын хэсэг байгуулан ажиллаж хуралдаанд танилцуулахыг хуралдааны тэмдэглэлээр холбогдох албадад үүрэг, чиглэл өглөө.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, хавсралтыг үзнэ үү).