Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ СЕМИНАР ЗОХИОН...
ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ
2023-10-18

2023.10.18

Харилцаа холбооны зохицуулах хорооноос орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа телевизийн үйлчилгээ эрхлэгчдийг салбарын болон улс орны хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар шаардлагатай мэдээ, мдээллээр хангах, холбогдох төрийн байгууллагуудыг оролцуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр зөвлөмж, чиглэл өгөх зорилго бүхий сургалт, семинарыг 2023 оны 10 дугаар сарын 18-ний өдөр зохион байгууллаа.

Сургалт, семинарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Оюуны өмчийн газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Орон нутгийн телевизүүдийн “Гал хөгжил холбоо” ГҮТББ болон орон нутгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчид нарын 50 гаруй төлөөлөл оролцож байна.

Энэхүү сургалт, семинарт Монгол Улсын хэмжээнд өрнөж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний  талаар мэдээлэл, зөвлөмж өгөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл хөтөлбөрийн албаны дарга А. Амаржаргал, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал, доктор Д.Гүрбазар нар хүрэлцэн ирж илтгэл тавьлаа.

 

Семинарт Харилцаа холбооны зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газраас  Өргөн  нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд тус хорооноос баталсан “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-д оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар, Орон нутгийн телевизүүдийн хөтөлбөрийн бүтэц, төлөвлөлт, мониторингийн дүнгийн талаарх мэдээлэл, цаашид анхаарах асуудлын талаар, Зохицуулах хорооноос телевиз болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдэд зориулан хөгжүүлж, нэвтрүүлж байгаа Зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй бүтээлийн бүртгэлийн нэгдсэн системийн танилцуулга, ажиллах заавар болон Зах зээл үнэ тарифын зохицуулалтын газраас Телевизийн үйлчилгээний зах зээл ба тайлан, мэдээ ирүүлэх заавар, зөвлөмж зэргийг тус тус танилцууллаа.

 

“Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааг нэвтрүүлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эм, биологийн  идэвхт бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах, зар сурталчилгааны зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Ундармаа, Зохиогчийн эрх ба орон нутгийн телевизүүдийн анхаарах асуудлууд сэдвээр Оюуны өмчийн газрын Оюуны өмчийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр, Дууны түвшний тохируулга, техникийн стандарт шаардлага хангаж ажиллах талаар зөвлөх инженер Н.Болорхүү нар илтгэл тавьж үйлчилгээ эрхлэгчдийн сонирхсон асуултад хариулж, тайлбар мэдээлэл өглөө. 

 

Техник, технологийн асар хурдацтай хөгжлийн үед телевизийн үйлчилгээ эрхлэгчид бүтээл үйлдвэрлэлээ хөгжүүлэх, олон платформ ашиглан үзэгч,олон нийтэд хүргэх шаардлага тулгарч байгаа учраас ”Content Box media agency”-г үүсгэн байгуулагч, “Цагийн ажилтан” контент төслийн продюсер М.Түмэнхишиг оролцож “Контент маркетинг”-ийн чиглэлээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ.

Тус сургалт семинарын үеэр  Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ  биелүүлж, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд манлайлан “Үндэсний түүх, соёл, уламжлал, танин мэдэхүй, хүүхдийн нэвтрүүлгийг хамгийн сайн бэлтгэн нэвтрүүлсэн орон нутгийн телевиз”-ээр шалгарсан Дорнод аймгийн Шинэ зураг ХХК-ийн “Жаран”, Ховд аймгийн Огторгуйн асар нийтийн мэдээллийн төв НҮТББ-ын “Ховд” телевизүүдэд ӨРГӨМЖЛӨЛ гардуулж урамшуулав.