Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-д нэмэлт,...
“Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2023-04-17

Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журамд
 нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2023.04.17 өдөр

“Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам” нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 89 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдаж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 4971 дугаарт бүртгэгдсэн. Мөн журамд Зохицуулах хорооны 2022 оны 59 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн.

Зар сурталчилгааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-д “Радио, телевизээр түгээх зар сурталчилгаатай холбогдох харилцааг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар зохицуулна”,  Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Радио, телевизээр дамжуулах аливаа хэлбэрийн зар сурталчилгааны хязгаарлалт, хөтөлбөрийн ивээн тэтгэлт, төлбөрт, захиалгат, теле-худалдааны нэвтрүүлгийн талаарх зохицуулалт хийхтэй холбогдсон журмыг Зохицуулах хороо баталж, хэрэгжилтэд хяналт тавина”, 30 дугаар зүйлийн 30.1.8-д буюу Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх үүрэг хэсэгт “радио, телевизийн хөтөлбөрт тавигдах энэ хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан шаардлагын хэрэгжилтэд хяналт, мониторинг хийх” гэж тус тус хуульчилсан.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалт болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчийн баримтлах зарчмын 5.1.7-д “олон нийтийн нийтлэг эрх ашигт нийцсэн, тэнцвэртэй, бодит мэдээ, мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх” гэж, 5.1.10-д “үндэсний бүтээлийг дэмжин хөгжүүлэх”, Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлагын 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу “олон нийтийн нийтлэг эрх ашигт нийцсэн, тэнцвэртэй, бодит, мэдээ, мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх зарчмыг баримтлан  олон нийтийг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх чиглэлийг үндсэн үүрэг, зорилго болгон үзэгч, олон нийтийн эрх ашгийг дээдлэн ажиллах үүрэгтэй” гэж тус тус заасан.

Дээр дурдсан хууль, тогтоомжийн хүрээнд  “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-д оруулах энэхүү нэмэлт, өөрчлөлт нь дараах үндсэн 3 хэсгээс бүрдэж байна. Үүнд.

     1.    Телевизээр нэвтрүүлэх эд мөнгөний хонжворт сугалааны нэвтрүүлгийн зохицуулалт
2.    Эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгаанд тавих шаардлага;
3.    Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэмд нийцүүлэн хүүхдийн сэтгэхүй, бие махбодод сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдийн нэвтрүүлгийн хугацаанд сурталчлахгүй байхтай холбоотой хязгаарлалт;
4.    Тодруулга, дүрэм журмын хоорондын уялдааг хангах

1.    Телевизээр нэвтрүүлэх эд мөнгөний хонжворт сугалааны нэвтрүүлгийн зохицуулалт

Телевизүүдийн хөтөлбөрөөр 2021 оноос эхлэн эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулж нэвтрүүлсэн нэвтрүүлэг, шууд дамжуулалт ихээр гарч, ийм төрлийн нэвтрүүлэг нэвтрүүлсэн телевизүүдийн тоо ч өдрөөс өдөрт өссөөр ирсэн.

Тус хороонд 2021 оны 11 дүгээр сараас эхлэн иргэд, телевиз үзэгчдийн зүгээс “...Телевизүүдээр эд мөнгөний хонжворт сугалаа сурталчлан борлуулах нэвтрүүлэг эрс ихсэж байгаа нь телевизүүд соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үндсэн үүргээ биелүүлэхгүй, үзэгчдийн мэдэх эрхэд халдаж, телевизийн эфирийг мөнгө олох хэрэгсэл болгож байна....” гэх агуулга бүхий гомдол тасрахгүй ирсээр байсан. Телевизүүдийн хөтөлбөрт хийгддэг хяналт, мониторингийн дүнгээс харахад ч  Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн болон арилжааны нийт 17 телевизээр өдөрт 1-2 удаа, дунджаар 1 цагаас 1 цаг 30 минут үргэлжилсэн хугацаатай эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах нэвтрүүлэг нэвтрүүлж байсан тул тус Хорооны 2022 оны 12 сарын 08-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-д эд мөнгөний хонжворт сугалаатай холбоотой тодорхой хязгаарлалт бүхий зохицуулалтыг тусгаж, батлуулсан.

      Гэвч журмын дээрх нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийг хангуулах явцад эд мөнгөний хонжворт сугалаа эрхлэгчид, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд үйл ойлголцол гарч, улмаар тус Хороонд шийдвэрлүүлэхээр хандаж эхэлсэн. Журмын 3.18-д “Телевиз нь эд мөнгөний хонжворт сугалаа болон бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулж үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр худалдан борлуулах нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй” гэж, 3.181 ”Эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах нэвтрүүлэгт эд мөнгөний хонжворт сугалааны тохирлыг дамжуулах нь хамаарахгүй” гэж тус тус заасан нь практикт хянаж, зохицуулахад бэрхшээлтэй нөхцөл байдал үүсгэж, телевизээр нэвтрүүлэх сугалааны нэвтрүүлгийн нэвтрүүлэх тоо, давтамж нь цөөрөхгүй зөвхөн хэлбэрээ өөрчилсөн төдийгөөр нэвтрүүлсээр байна.

Харин үзэгч, олон нийтийн зүгээс “өргөн нэвтрүүлгийн телевизүүд нь олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдээр дамжуулан сар бүр өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс авч, сувгийн дарааллын эхэнд байрлаж, хууль, тогтоомжоор тодорхой үүрэг хүлээсэн байтал сугалааны нэвтрүүлэг гаргасаар байгаа нь бидний мэдэх эрхэнд халдаж, хуулиар хүлээсэн үндэсний түүх, соёл, уламжлал, танин мэдэхүй, хүүхдийн нэвтрүүлэг бэлтгэн хүргэхийн оронд телевизийн дэлгэцийг амар хялбар хэлбэрээр мөнгө олох хэрэгсэл болгож, бидний мэдээ мэдээлэл авах, мэдэх эрхэнд халдаж, соён гэгээрүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй” байна гэсэн гомдол ирж, олон нийтийн сүлжээнд ч шүүмжлэл дагуулсан.  

Иймд дээр дурдсан журмын үл ойлголцол үүсгэсэн заалтуудыг засаж, сугалааны нэвтрүүлэг нэвтрүүлэх эрхгүй этгээдийг тодорхой зааж өгөхөөр төсөлд тусгаад байна.

2.    Эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгаанд тавих хязгаарлалт

Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 27 дугаар зүйл, Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн дагуу зохицуулдаг бөгөөд эдгээр хуулиудад мэдээллийн хэрэгслээр эмийн тухай болон эмийг зохистой хэрэглэхтэй холбоотой сурталчилгаа нэвтрүүлэхтэй холбоотой асуудлыг хуульчилсан байдаг.

      Дээр дурдсан хуулиудаар эм, эмийн зүйлсийн зар сурталчилгаанд дараах сурталчилгааг хориглодог байна. Үүнд:

·         Жороор олгох эмийг сурталчлах;

·         Улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмийг сурталчлах;

·         Хүүхдэд хандсан эмийн сурталчилгаа явуулах;

·         Зөвхөн эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эмийг эмийн сан, бусад нөхцөлд борлуулахаар сурталчлах;

·         Эмчийн зөвлөгөө, эмчилгээ, мэс ажилбарыг үгүйсгэх ойлголт төрүүлэх мэдээлэл өгөх;

·         Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтад урамшуулал олгох буюу үнийн хямдрал үзүүлэх тухай нийтэд сурталчлахыг хориглох зэрэг болно.

       Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ээр эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар олгодог.

     Мөн Зөвшөөрлийн тухай хуулиар 8.2 дугаар зүйлийн 12.1-т зааснаар эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааг зөвшөөрөлтэйгөөр, сурталчилгааны агуулга хянуулсны үндсэн дээр нэвтрүүлэх үүрэгтэй. 

2022 оны 4-р улирлаас үзэгч олон нийтийн зүгээс Харилцаа холбооны зохицуулах хороо болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт хандан телевизүүдээр нэвтрүүлж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн худалдаа, эмчилгээний талаарх  сурталчилгаатай холбоотой гомдол мөн ирэх болсон.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас 2021, 2022 онд телевизүүдээр нэвтрүүлсэн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгаанд тандалт үнэлгээ хийхэд 69.3-90.7% нь зар сурталчилгааны зөвшөөрөл авалгүй түгээсэн зөрчил илэрсэн байна. Иймд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтад энэ талаар тусгаж, хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахад  хамтран ажиллах хүсэлтийг тус хороонд тавьж байна.

Түүнчлэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас телевизүүдээр нэвтрүүлж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн худалдаа болон эмчилгээний гоо заслын эмнэлгийн үйлчилгээ эрхлэгчдийн зар сурталчилгаа нь Зар сурталчилгааны тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтаар эмчилгээний үр дүнгээр баталгаа өгсөн, хямдрал урамшуулал зарлаж үйлчлүүлэхийг уриалсан, эрх бүхий байгууллагаар баталгаажаагүй эрүүл мэндийн үйлчилгээг сурталчилсан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэх нэрийн дор хүнсний бүтээгдэхүүнийг тодорхой өвчнийг анагаахад зориулагдсан мэтээр бодит байдалд үл нийцсэн мэдээлэл түгээх, үр дүн амлаж хэрэглэгчдийг төөрөгдүүлэх, жортойгоор олгох эмийг сурталчилсан, эмийн үйлчилгээний талаар урьдчилсан баталгаа гаргасан, эмийн гаж нөлөө, хэрэглэх заавартай танилцах талаар сануулдаггүй зэрэг зөрчил илэрсэн байна. Иймд дээрх зөрчлийг давтахгүй байх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор телевизээр эм, эмнэлгийн хэрэгсэл, эмчилгээний сурталчилгаа нэвтрүүлэхэд баримтлах зөвлөмжийг телевизүүдэд хүргүүлж, хэрэгжилтэд анхаарал хандуулж, хамтран ажиллахыг хүссэн албан бичиг Зохицуулах хороонд ирүүлээд байна.

Иймд Харилцаа холбооны зохицуулах болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас хамтарсан уулзалт хийж, “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-д холбогдох заалтыг тусгах нь зүйтэй гэж үзсэн.  

3.    Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэмд нийцүүлэн хүүхдийн сэтгэхүй, бие махбодод сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдийн нэвтрүүлгийн хугацаанд сурталчлахгүй байхтай холбоотой хязгаарлалт

Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрмээр хүүхдийн сэтгэхүй, бие махбодод сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнийг тодорхойлж, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур бүх төрлийн хийжүүлсэн ундаа, энергийн болон спортын ундаа, бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон сурталчлахгүй байхыг заасан байдаг. Энэхүү заалт нь зар сурталчилгаатай холбоотой тул Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журамтай нийцүүлэх зорилгоор нэмэлт өөрчлөлт оруулж байна.

5.     Тодруулга, дүрэм журмын хоорондын уялдааг хангах

“Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ыг 2021 оноос хойш хэрэгжүүлэх явцад гарсан зарим асуудлыг тодорхой болгох зорилгоор нэмэлт, өөрчлөлт оруулахаар 1 заалтад нэмэлт, оруулж, 3 заалтыг нэмэлтээр оруулахаар журмын төсөлд тусгаад байна.

Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-ийн дагуу “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд олон нийтээс санал авахаар нээлттэйгээр байршуулж байна.

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан
 “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

Журмын одоогийн заалт

Өөрчлөлт оруулах санал

Үндэслэл, тайлбар

 

 

1

3.7 Үгэн болон урсдаг зарыг энэ журмын 3.2 заасан зар сурталчилгааны хугацааны хязгаарлалтад оруулж тооцох ба зарыг Монгол хэлний хэм хэмжээ,  зөв бичих дүрэм, зүй тогтолд нийцүүлэн урьдчилан бэлтгэж, хөтөлбөрийн хуваарьт оруулж зарын цагаар нэвтрүүлнэ.

3.7 Үгэн болон урсдаг зарыг энэ журмын 3.2 ба 3.3-т заасан зар сурталчилгааны хугацааны хязгаарлалтад оруулж тооцох ба зарыг Монгол хэлний хэм хэмжээ,  зөв бичих дүрэм, зүй тогтолд нийцүүлэн урьдчилан бэлтгэж, хөтөлбөрийн хуваарьт оруулж зарын цагаар нэвтрүүлнэ.

Заалтыг тодорхой болгосон. Үгэн болон урсдаг зар нь зар сурталчилгааны нэг хэлбэр бөгөөд энэ журмын 3.2-т заасан нэг цагт дамжуулах зар сурталчилгааны хязгаарлалтад оруулж тооцохоос гадна журмын 3.3-т заасан зар сурталчилгааны нэг блокийн үргэлжлэх хугацааны хязгаарлалтад оруулж тооцох тухай тодорхой зохицуулалт тусгасан.

 

2

 

-

3.71 Үгэн зарын энэ журмын 3.3-д заасан хязгаарлалт нь аймгийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа эрхлэх телевизийн хувьд хамаарахгүй. 

Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэгч буюу орон нутгийн телевизүүдийн орлогын эх үүсвэр нь үгэн зар сурталчилгаа байдаг. Орон нутгийн телевизүүд нь хүний нөөцийн дутагдалтай, орлогын эх үүсвэр нь хязгаарлагдмал байдаг.  

 

 

 

3

3.18. Телевиз нь эд мөнгөний хонжворт сугалаа болон бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулж үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр худалдан борлуулах нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй.

3.18 Телевиз нь бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулж үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр сурталчлан, худалдан борлуулах нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй.

 

Эд мөнгөний хонжворт сугалаатай холбоотой зохицуулалтыг студид бараа бүтээгдэхүүн байрлуулж үнэ хаялцуулах заалтаас салгаж, тусад нь заалтаар зохицуулах нь ойлгомжтой гэж үзсэн.

 

 

4

3.181. Эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах нэвтрүүлэгт эд мөнгөний хонжворт сугалааны тохирлыг дамжуулах нь хамаарахгүй.

 

 

Заалтыг хүчингүй болгох

Энэхүү заалтыг ХХЗХ-ны 2022 оны 12-р сарын 08-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор нэмсэн. Гэвч заалтын хэрэгжилтийг хангуулахад талуудын дунд ойлголтын зөрүүтэй байдал үүсэж байна. Сугалааны нэвтрүүлгийг зөвхөн сугалааны тохирол дамжуулж эсвэл сугалаа сурталчлан, худалдан борлуулж байгаа эсэхийг тогтоох боломжгүй байгаа юм. Тиймээс уг заалтыг хүчингүй болгохоор төсөлд тусгасан.

 

5

 

 

-

3.20. Энэ журмын 3.10-т заасан арилжаа сурталчилгааны нэвтрүүлэгт эд мөнгөний хонжворт сугалааны нэвтрүүлгийг хамааруулж тооцно.

 

 

 

Үзэгч, олон нийтээс телевизүүдээр эд мөнгөний хонжворт сугалааны нэвтрүүлэг ихээр нэвтрүүлж байгаа бөгөөд телевизүүд нь үндсэн соён гэгээрүүлэх, танин мэдүүлэг, мэдээ мэдээлэл хүргэх үүргээ биелүүлэхгүй байна гэсэн гомдол ихээр ирдэг. Тиймээс энэ төрлийн нэвтрүүлгийн цагт тодорхой хязгаарлалт тогтоох шаардлага зайлшгүй урган гарч байна.

 

 

 

 

 

6

 

 

-

3.21 Эд мөнгөний хонжворт сугалааны нэвтрүүлгийг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-т заасан телевизээр нэвтрүүлэхгүй.

Зар сурталчилгааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-д “Радио, телевизээр түгээх зар сурталчилгаатай холбогдох харилцааг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар зохицуулна.” гэж, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д “Радио, телевизээр нэвтрүүлэх аливаа хэлбэрийн зар сурталчилгааны хязгаарлалт ..... хийхтэй холбогдсон журмыг Зохицуулах хороо баталж, хэрэгжилтэд хяналт тавина” гэж тус тус заасан.

Үзэгчдээс өргөн нэвтрүүлгийн телевизүүд нь эд мөнгөний хонжворт сугалааны нэвтрүүлэг ихээр нэвтрүүлж байгаа нь хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байна гэсэн гомдол тус Хороонд ихээр ирж байна.

 

 

 

 

 

7

1.4. Телевиз нь зар сурталчилгаа нэвтрүүлэхдээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, бусад холбогдох хууль, тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн баталсан дүрэм, журмыг мөрдөж ажиллана.

1.4. Телевиз нь зар сурталчилгаа нэвтрүүлэхдээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль бусад холбогдох хууль, тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн баталсан дүрэм, журмыг мөрдөж ажиллана.

 

 

 

 

Журамд эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааг түгээхтэй холбоотой зохицуулалт шинээр орж байгаа тул холбогдох хуулийг тусгайлан зааж өгсөн.  

 

 

 

8

 

 

 

 

-

 

3.22. Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааг түгээхдээ Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас олгосон зөвшөөрлийг үндэслэх.

 

 

Эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай хуулийн 27.2-т “Эм биологийг идэвхит бүтээгдэхүүний зар сурталчилгааны агуулгыг эм, эмнэлэгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хянана” гэж заасан байдаг.

 

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид нь Зар сурталчилгааны тухай хуулиар хязгаарласан сурталчилгаа бэлтгэж, нэвтрүүлэхийг хориглоно”, Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.7-д “Хууль бус зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээхийг хориглоно” гэж заасан байдаг тул телевизээр эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааг түгээхдээ холбогдох газраас зөвшөөрөл авсан эсэхийг зайлшгүй хянах, тодорхой тэмдэглэгээтэй түгээх шаардлагатай.

 

 

 

 

9

 

 

 

-

 

3.23.     Энэхүү журмын 2.4, 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.10, 2.11 заасан нэвтрүүлэг, зар сурталчилгаа, баннер, үг хэллэгийг түгээхэд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан, нотолгоонд суурилсан эх сурвалжид үндэслэсэн, зөвхөн эм, биологийг идэвхт бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэхэд чиглэсэн байх.

 

10

                       

-

3.24. Эмийн зар сурталчилгааг дамжуулахад бүх хугацаанд дэлгэцийн буланд “ЭМИЙН СУРТАЛЧИЛГАА” гэсэн тод гаргацтай таних тэмдэгтэй байх.

 

 

 

11

 

 

 

-

3.25. Биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааг түгээхдээ дэлгэцэд “ЭНЭХҮҮ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ АЛИВАА ОНОШЛОХ, ЭМЧЛЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГОТОЙ БИШ ГЭДГИЙГ АНХААРНА УУ” гэсэн тэмдэглэгээтэй байх.

 

 

 

 

 

 

12

6.2. Телевиз нь өөрийн редакцад баримтлах бодлого, зохицуулалтын хүрээнд энэхүү журмын 4.6, 5.3, 5.4 дах заалтын хэрэгжилтэд дотооддоо хяналт, мониторинг хийж ажиллах бөгөөд журмын заалтыг мөрдөж ажиллаагүй нь илэрсэн, удаа дараа давтагдсан тохиолдолд холбогдох мэдээллийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллын дагуу эрх бүхий байгууллагад шилжүүлж, холбогдох арга хэмжээг авна.

6.2. Телевиз нь өөрийн редакцад баримтлах бодлого, зохицуулалтын хүрээнд энэхүү журмын 3.22-3.25, 4.6, 5.3, 5.4 дэх заалтын хэрэгжилтэд дотооддоо хяналт, мониторинг хийж ажиллах бөгөөд журмын заалтыг мөрдөж ажиллаагүй нь илэрсэн, удаа дараа давтагдсан тохиолдолд холбогдох мэдээллийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллын дагуу эрх бүхий байгууллагад шилжүүлж, холбогдох арга хэмжээг авна.

 

Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгаа түгээхдээ холбоотой 3.22-3.25 гэсэн заалтууд шинээр орж ирсэнтэй холбоотой хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих тухай зохицуулалтыг оруулж ирсэн.

 

 

 

13

 

 

 

-

4.8 Хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийн 2.10-т заасны дагуу бүх төрлийн хийжүүлсэн ундаа, энергийн болон спортын ундаа, бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон сурталчлахгүй.

“Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм”-ийн 2.10 дахь заалтыг энэхүү журамтай уялдуулсан.

 

 

14

  

 

-

6.11. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт, мониторинг хийж зар сурталчилгааны  хязгаарлалт, цаг хугацаа, хувь хэмжээг тооцохдоо эфир эхэлсэн цагаас 00:00 цаг хүртэлх хугацааг авч үзнэ.

Телевизүүдээс журмын 3.10-т заасан хувь хэмжээ тогтоосон заалтыг мониторингийн тайланд тооцож гаргахдаа эфирийн цагийг хэрхэн тооцдог талаарх асуулт, тодруулга авдаг тул энэ талаарх заалтыг нэмэлтээр тодорхой оруулах нь зүйтэй гэж үзсэн.

 

 

 

--оОо--