Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Дэлхийн Шуудан Холбооны Байгууллагын 26 дугаар их...
Дэлхийн Шуудан Холбооны Байгууллагын 26 дугаар их хурал амжилттай боллоо
2016-10-10
Дэлхийн Шуудан Холбооны Байгууллагын 26 дугаар их хурал амжилттай боллоо Дэлхийн Шуудан Холбооны Байгууллагын 26 дугаар их хурал  амжилттай боллоо

Дэлхийн шуудан холбооны байгууллага-ДШХБ (UPU-Universal Postal Union) нь анх 1874 онд байгуулагдсан бөгөөд тус байгууллагын дүрэм, конвенцийн хүрээнд шуудангийн салбарын төр, зохицуулах байгууллага, хувийн салбар, үйлчилгээ эрхлэгч нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шуудангийн нэгдсэн сүлжээгээр найдвартай үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улс хоорондын шуудан солилцоог идэвхижүүлэх, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд дүрэм зөвлөмж гаргах, техникийн технологийн туслалцааг үзүүлэх, солилцооны тоог нэмэгдүүлэх, хөгжлийн өөр өөр түвшинтэй улс орнуудын шуудангийн үйлчилгээний чанарыг нэг түвшинд хүргэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг НҮБ-ийн төрөлжсөн байгууллага юм. Тус байгууллага нь өнөөгийн байдлаар дэлхийн 192 улс орны гишүүнчлэлтэй ба Монгол Улс нь 1963 онд гишүүн улсаар элсэж, шуудангийн салбарт хамтран ажиллаж байна.

ДШХБ-ын 26 дугаар их хурал Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 2016 оны 9 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Шуудангийн салбарын дээд түвшиний хүрээнд 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг уг их хуралд Дэлхийн шуудан холбооны байгууллагын гишүүн улс орны салбар хариуцсан сайд нар, зохицуулах байгууллагын төлөөлөл, шуудангийн байгууллага, гол үйлчилгээ үзүүлэгч компани, Нэгдсэн Үндэстний байгууллага, олон улсын бусад байгууллагуудын нийтдээ 2000 гаруй зочид, төлөөлөгчид оролцов.

Тус их хуралд Монгол Улсыг төлөөлөн Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газрын дарга Б.Чинбат, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дарга С.Адъяасүрэн нарын тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ.

Манай Улсын төлөөлөгчид их хурлаар хэлэлцсэн асуудлаар дэлхийн шуудангийн салбарын өнөөгийн хөгжил, ирэх 4 жилийн тус байгууллагын стратеги, төлөвлөгөөний төслийн талаар байр сууриа илэрхийлж, тус байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Монгол Улс болон ДШХБ хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, төсөл хэрэгжүүлэх зэрэг асуудлаар уулзалт хийж санал солилцов.  Тухайлбал, ДШХБ-ын Ерөнхий захирал Бишар А.Хусэйн, дэд захирал Паскал-Тиери Кливаз, Ази, номхон далайн бүсийн асуудал хариуцсан зохицуулагч Хиаоли Фу нар болно. Эдгээр уулзалтын үеэр Монгол Улс гишүүн орны үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирснийг Дэлхийн шуудан холбооны байгууллагын зүгээс онцлон тэмдэглэж, ДШХБ-аас Монгол Шуудан ХК нь EMS шуудангийн төрөлд “Алтан цом” хүртсэнд баяр хүргэж, албан ёсоор  Монгол Улсын төлөөлөгч нарт гардуулсан болно.  

Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн нарын зүгээс тус их хурлаас батлан гаргасан Дэлхийн шуудан холбооны байгууллагын шинэчлэлийн төлөвлөгөө, Дэлхийн шуудангийн салбарт 2017-2020 онд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа мэдэгдэж, цаашид техникийн хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх, шуудангийн салбарын гадаад харилцааг өргөтгөхөд дэмжлэг үзүүлэх, дэлхий болон бүс нутгийн шуудангийн төрөлжсөн байгуулллагын хурал семинарт оролцох, эксперт солилцох, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, чадавхижуулах зэрэг тэргүүлэх чиглэлийг тохиролцлоо.