Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “Дата төвийн цахилгаан холбооны дэд бүтэц”-ийн үндэсний...
“Дата төвийн цахилгаан холбооны дэд бүтэц”-ийн үндэсний стандарттай боллоо
2015-09-25
“Дата төвийн цахилгаан холбооны дэд бүтэц”-ийн үндэсний стандарттай боллоо “Дата төвийн цахилгаан холбооны дэд бүтэц”-ийн үндэсний стандарттай боллоо

Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэдэх Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит 8 дугаар хуралдаанаар хэмжилзүй, харилцаа холбоо, нанотехнологи, текстиль, хөдөлмөрийн аюулгүй байдал, баримт бичгийн стандарт, цахилгаан техникийн чиглэлээр шинээр боловсруулсан, шинэчилсэн 21 үндэсний стандартын төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны захиалга, санхүүжилтээр “Дата төвийн цахилгаан холбооны дэд бүтэц” болон “Өргөн зурвасын утасгүй хандалтын төхөөрөмжийн техникийн шаардлага” үндэсний стандартыг боловсруулсан юм.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбар хурдацтай хөгжиж, мэдээлэл, цахилгаан холбоо, интернетийн үйлчилгээ үзүүлэгч, төр хувийн хэвшлийн байгууллага, компаниуд дата төв байгуулан хөгжүүлж байна. Тус зөвлөлийн хуралдаанаар үндэсний стандартаар баталсан “Дата төвийн цахилгаан холбооны дэд бүтэц” стандарт нь нийтдээ 80 гаруй хуудастай бөгөөд Дата төвийг Монгол Улсад байгуулах, ашиглах, дэд бүтцэд тавигдах үндсэн шаардлагыг тогтоох,  оновчтой зохион байгуулах үндсэн зорилготой. Дата төвийн тоног төхөөрөмжийн төлөвлөлт, кабельжуулалт, холболтын систем болон сүлжээний төлөвлөлт зэрэг дата төвийг байгуулах загварын талаар системтэй ойлголтыг олон хэмжээнд стандартчилсан АНУ-ын ANSI/TIA 942 “Telecommunications Infrastructure Standard for Data Centers” дата төвийн стандартыг баримтлан боловсруулжээ. Уг үндэсний стандарт нь нэг эзэмшигчтэй энгийн, байгууллагын дата төвөөс эхлээд олон эзэмшигчтэй томоохон интернет хостинг хүртэлх дата төв, тэдгээрийн компьютер тоног төхөөрөмжийн өрөөний цахилгаан холбооны дэд бүтцэд тавигдах хамгийн анхан шатны шаардлагыг тодорхойлсноор жишиг болгох, дата төвийг байгуулахад олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чухал ач холбогдолтой, шалгуур болгон ашиглах стандарт болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна. “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу “Дата төвийн цахилгаан холбооны дэд бүтэц” стандартыг сонгон хэрэглэхээр батлан шийдвэрлэжээ.

Тус зөвлөлийн хуралдаанаар “Өргөн зурвасын утасгүй хандалтын төхөөрөмжийн техникийн шаардлага” үндэсний стандартыг хэлэлцэн батлав. Энэхүү стандартыг Засгийн газрын “Монгол Улсын өндөр хурдны өргөн зурвасын сүлжээний үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, Европын цахилгаан холбооны байгууллагаас баталсан IEEE 802.15.1, IEEE 802.11 a,b,g,n,ac, IEEE 802.16 a,e,m стандартуудаас WiMAX, WiFi, Bluetooth технологиудын техник үзүүлэлтүүд, стандартыг үндэслэн боловсруулжээ. Энэ стандартаар суурин ба хөдөлгөөнт утасгүй интернетийн үйлчилгээг явуулахад ашиглах (2,4÷2,4835) ГГц; (3,4÷3,7) ГГц; (5,15÷5,825) ГГц давтамжийн цараанд (1÷80) МГц хүртэлх зурвасын өргөнтэй ажиллах утасгүй өргөн зурвасын сүлжээний төхөөрөмжүүдэд тавих техник үзүүлэлтийн шаардлагыг тогтоосон болно. Сүүлийн жилүүдэд интернет хэрэглээний хурд хүртээмжийг улам нэмэгдүүлэх  хэрэгцээ, шаардлага өнөөгийн амьдралаас урган гарч, уялдан интернетийн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх утасгүй хандалтын төрөл бүрийн сүлжээг байгуулан түүндээ олон төрлийн суурин болон зөөврийн утасгүй төхөөрөмжүүдийг ашигладаг. Үйлчилгээ үзүүлэгч компаниуд болон хэрэглэгчид мөн тэдгээрийн дунд уг үйлчилгээнд ашиглагдах тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэгчид нь өөр өөрийн сонголтоор төрөл бүрийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байгаа билээ. Энэхүү стандартыг утасгүй өргөн зурвасын үйлчилгээ эрхлэгч болон утасгүй өргөн зурвасын төхөөрөмжийг зах зээлд нийлүүлэгчид, үйлдвэрлэгчид, хувь хүмүүс мөрдөх бөгөөд энэ төрлийн төхөөрөмжинд баталгаажуулалт хийх үйл ажиллагаанд ашиглана. Энэ стандартыг баталснаар Монгол Улсад ашиглах өргөн зурвасын утасгүй хандалтын төхөөрөмжийн техникийн шаардлага, тоног төхөөрөмжид тавих үндсэн шаардлагыг тогтоох, сүлжээ, төхөөрөмжийн хоорондын харилцан нөлөөлөлгүйгээр сүлжээ зохион байгуулах, харилцан холбогдох боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм. 

Дээрх нэр бүхий 2 үндэсний стандартыг Монгол Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн секторын эрхлэгч Док.Д.Төмөрпүрэв, ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн багш Док.Ж.Жавзансүрэн, П. Ууганбаяр нар боловсруулжээ. Эдгээр стандартын экспертээр ШУТИС-ийн МХТС–ийн Компьютерийн ухааны салбарын эрхлэгч, Док.Проф.А.Эрдэнэбаатар, ХХЗХ-ны РДЗХА-ны ахлах инженер Ч.Энхболд нар ажилласан болно.