Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөрөнгө оруулалт,...
Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөрөнгө оруулалт, зах зээлийн судалгаа
2015-05-19

Судалгааг боловсруулсан: А.Лувсан-Очир (ЗЗҮТА-ны дарга)
Н.Цэнд-Аюуш (ЗЗҮТА-ны мэргэжилтэн)


Судалгааны зорилго
Энэхүү судалгааны зорилго нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авах гэж буй байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд уг үйлчилгээний зах зээлийн багтаамж болон хийгдэж буй хөрөнгө оруулалтын талаарх тойм мэдээллээр хангах, Улаанбаатар болон орон нутагт тухайн зах зээлд хичнээн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулж байгаа талаар болон телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг ажиллуулж эрхэлснээр цаашид хэрхэн ашигтай ажиллаж чадах эсэхэд дүн шинжилгээ хийхэд оршино.


Өнөөгийн байдал
Улаанбаатар хотын радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээл:

Анх Улаанбаатар хотод 1931 оны 5-р сарын 1-нд Ленин клуб, Төв цэнгэлдэх хүрээлэнд 4 ширхэг радио чанга яригчаар илтгэл яриа, дуу хөгжим нэвтрүүлснээр радиогийн өргөн нэвтрүүлэг эхэлсэн түүхтэй. Харилцаа холбооны зохицуулах хорооноос радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 88 аж ахуйн нэгж байгууллага, иргэд байгаагаас Улаанбаатар хотод 32, орон нутагт 53 үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулж байна. Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх Б ангиллын болон радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчийн нэвтрүүлгийн хөтөлбөр нь мэдээ, мэдээлэл, ярилцлага, гадаад, дотоодын дуу, өөрсдийн бүтээсэн нэвтрүүлэг зэрэг агуулгуудаас бүрдүүлж байна. “Радио Телевизийн Сүлжээ” УТҮГ нь зарим нэг томоохон сум суурин газруудад бага, дунд, их чадлын радио өргөн нэвтрүүлэг дамжуулах, нэвтрүүлэх станцуудаар Монголын үндэсний олон нийтийн радиогийн 1 болон 2 дугаар сувгийн хөтөлбөрүүдийг дахин дамжуулан хүргэж байна. Түүнчлэн хиймэл дагуулаар телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч ДДэш ХХК-ийн сүлжээгээр Монголын үндэсний олон нийтийн радиогийн 1 болон 2 дугаар сувгийн хөтөлбөрүүд орон нутагт дамжигдаж байна.


Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын байдал
Энэхүү судалгаанд Улаанбаатар хотод болон 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй нийт 88 радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамрагдсанаас судалгааны маягтыг бөглөн ирүүлсэн 62 үйлчилгээ эрхлэгч байна.

Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа эхлүүлсэн радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн анхны болон нэмэлт хөрөнгө оруулалтын бүтэц

 
 

Улаанбаатар хотод радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаагаа эхлүүлэх анхны хөрөнгө оруулалтынхаа 30.24 хувийг студи байгуулахад, 17.47 хувийг дамжуулах, нэвтрүүлэх станц байгуулахад, 13.86 хувийг антенн, фидерийн байгууламжийг байгуулахад, 25.40 хувийг нэвтрүүлэг бэлтгэх техник, тоног төхөөрөмж худалдаж авахад, 13.03 хувийг барилга байгууламж болон бусад хөрөнгө худалдан авалтанд тус тус зарцуулдаг байна.
Харин үйл ажиллагаагаа эхлүүлсний дараагийн жилүүдэд хийгдэж буй нэмэлт хөрөнгө оруулалтын 32.18 хувийг студи байгуулахад, 27.69 хувийг дамжуулах, нэвтрүүлэх станц байгуулахад, 4.69 хувийг антенн, фидерийн байгууламжийг байгуулахад, 16.80 хувийг нэвтрүүлэг бэлтгэх техник, тоног төхөөрөмж худалдаж авахад, 18.64 хувийг барилга байгууламж болон бусад хөрөнгө оруулалтад тус тус зарцуулдаг байна (нэмэлт хөрөнгө оруулалтын судалгаа 2014 оны эхний хагас жилийн байдлаар).
Улаанбаатар хотод 1 радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч дунджаар анхны хөрөнгө оруулалтыг дунджаар 230 сая төгрөгөөр, хамгийн ихдээ 1 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн байна (хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн үйлчилгээ эрхлэгч хэдэн онд байгуулагдсан, тухайн оны инфляци, ханш зэргээс хамаарч байгааг анхаарна уу). Үйлчилгээ эрхлэгчид нь радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхдээ студийн тоног төхөөрөмжийг үндэсний болон олон улсын стандарт шаардлага хангасан тоног төхөөрөмж худалдаж авах, суурилуулалт хийх, тоноглох, өөрийн барилга байгууламж барих зэрэгт хөрөнгө оруулалтын зарцуулалтыг хийж байна.
Улаанбаатар хотод радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг судлан үзэхэд 69.43 хувь нь өөрийн, 15.89 хувь нь зээлийн, 14.68 хувь нь бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа эхлүүлсэн радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн орлогын бүтэц

 

Улаанбаатар хотод радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сүүлийн 2 жилийн орлогын бүтэц, төрлөөс дүгнэхэд нийт орлогын 67-76 хувийг зар суртачилгааны, 5-15 орчим хувийг захиалгат, ивээн тэтгэсэн нэвтрүүлгээс, 15 хувийг өөрийн бүтээл борлуулалтаас, 2-4 хувийг бусад орлогоос тус тус бүрдүүлж байна. Хэдийгээр Монголд бүтээгдсэн нэвтрүүлгийн хувь өндөр байгаа ч орлогын ихэнх хувийг арилжаа, худалдаа, зар суртачилгаа, улс төрийн шинж чанартай захиалгат нэвтрүүлгүүд эзэлж байна.
Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нь тухайн зах зээлд ямар нэгэн төрөлжсөн чиглэлээр агуулга бэлтгэж сонсогчиддоо хүргэх хүсэлтэй байдаг боловч мэдээлэл, харилцааны холбооны салбар асар хурдтай хөгжиж байгаа өнөө үед сонсогчдын мэдээлэл олж авах хэрэгсэл олон төрлөөс хамааралтай болсон байна.

Орон нутагт үйл ажиллагаагаа эхлүүлсэн радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн анхны болон нэмэлт хөрөнгө оруулалтын бүтэц

 

Орон нутагт радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаагаа эхлүүлэх анхны хөрөнгө оруулалтынхаа 19.63 хувийг студи байгуулахад, 50.87 хувийг дамжуулах, нэвтрүүлэх станц байгуулахад, 3.04 хувийг антенн, фидерийн байгууламжийг байгуулахад, 20.42 хувийг нэвтрүүлэг бэлтгэх техник, тоног төхөөрөмж худалдаж авахад, 6.05 хувийг барилга байгууламж болон бусад хөрөнгө оруулалтад тус тус зарцуулдаг байна.
Харин үйл ажиллагаагаа эхлүүлсний дараагийн жилүүдэд хийгдэж буй нэмэлт хөрөнгө оруулалтын 11.57 хувийг студийн, 6.92 хувийг дамжуулах, нэвтрүүлэх станцын, 34.24 хувийг антенн, фидерийн байгууламжийг өргөтгөх шинэчлэхэд, 39.47 хувийг нэвтрүүлэг бэлтгэх техник, тоног төхөөрөмж, 7.80 хувийг барилга байгууламж худалдан авахад тус тус зарцуулдаг байна.
Орон нутагт 1 радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч дунджаар анхны хөрөнгө оруулалтыг 35 орчим сая төгрөгөөр, хамгийн ихдээ 300 гаруй сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн байна. (хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн үйлчилгээ эрхлэгч хэдэн онд хийсэн, тухайн оны инфляци, ханш зэргээс хамаарч байгааг анхаарна уу).
Орон нутагт радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг судлан үзэхэд 48.17 хувь нь өөрийн, 31.83 хувь нь зээлийн, 20.00 хувь нь бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Орон нутагт үйл ажиллагаагаа эхлүүлсэн радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн орлогын бүтэц

 

Орон нутгийн радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сүүлийн 2 жилийн орлогын бүтэц, төрлөөс дүгнэхэд нийт орлогын 71-81 хувийг зар суртачилгааны орлогоос, 3-12 орчим хувийг захиалгат, ивээн тэтгэсэн нэвтрүүлгийн орлогоос, 8-11 хувийг өөрийн бүтээл борлуулалтаас олсон орлогоос, 3-7 хувийг бусад гэж тодорхойлогдсон үйлчилгээний орлогоос тус тус бүрдэж байна.
Хөдөө орон нутагт радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ явуулахад зах зээлийн багтаамж бага, тухайн зах зээлд хэтэрхий олон тооны үйлчилгээ эрхлэгчид өрсөлдөж байна. Хөдөө орон нутгийн иргэд зар суртачилгааг ихэвчлэн сонсдог бөгөөд зарим үйлчилгээ эрхлэгчид тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй, тоног төхөөрөмжийн гэмтэл саатал их гардаг, боловсон хүчин, мэргэжлийн инженер техникийн ажилчдын хүрэлцээ муу, техник тоног төхөөрөмж дутагдалтай байна.

Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн улсын төсөвт төлсөн татварын хэмжээ (мянган төгрөгөөр)

Төрөл

2012 он

2013 он

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид

109,456.9

112,817.6

Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид

73,485.1

78,974.9

Нийт төлсөн татварын хэмжээ

182,942.0

191,792.5

 

Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хүний нөөцийн талаарх мэдээлэл (дунджаар)

Төрөл

2012 он

2013 он

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид

10

9

Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид

3

3

Радио өргөн нэвтрүүлгийн салбарт ойролцоогоор 130 орчим ажилтан албан хаагчид ажиллаж байна. Үүнээс Улаанбаатар хотын радио дунджаар 9-10 орчим, хөдөө орон нутагт нэг телевизэд дунджаар 1-3 инженер техникийн ажилтны, сэтгүүлчид зэрэг жинхэнэ болон цөөн тооны гэрээт албан хаагчид ажиллаж байна гэсэн судалгааг ирүүлээд байна.