Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Салбарын үндэсний 2 стандартыг шинэчлэн батлав
Салбарын үндэсний 2 стандартыг шинэчлэн батлав
2015-05-11

Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны захиалга болон санхүүжилтээр 2002 оны  Радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөө аюулгүйн түвшинд нийцэж буй эсэхийн үнэлгээ MNS 5148:2002 стандарт, 2006 оны Радио давтамжтай цахилгаан соронзон орноос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (3 кГц -ээс 300 ГГц хүртэл) MNS 5594:2006 үндэсний стандартын төслийг ажлын баг тус тус шинэчлэн боловсруулсан юм.

Монгол Улсын “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн 6.3, 6.5, 9.4, 20.2.1 дэх заалт, Мэдээлэл, харилцаа холбооны стандартчиллын техникийн хорооны дүгнэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэдэх Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар дээр дурдсан 2 үндэсний стандартыг шинэчлэх төслийг хэлэлцэн баталлаа. Шинэчлэн батлагдсан үндэсний 2 стандартын талаар танилцуулахад:

  1. Радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөө аюулгүйн түвшинд нийцэж буй эсэхийн үнэлгээ (Evaluating Compliance with Safety Limits for Human Exposure to Radio Frequency Electromagnetic Fields) MNS 5148:2002. Уг стандартыг Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргасан “Recommendation ITU-T K.52 (2004). Guidance on Complying with Limits for Human Exposure to Electromagnetic Fields”-ийг үндэслэн шинэчлэн боловсруулсан. Энэхүү стандарт нь радио давтамжтай цахилгаан соронзон орныг (ЦСО) үүсгэгч төхөөрөмжүүдийн орчимд үүсэх нөлөөллийн эх үүсвэр, тодорхойлолт, тооцоолох аргачлал, дараалал болон ажиллаж байгаа хүмүүс болон олон нийт  ЦСО-ны нөлөө аюулгүйн хязгаар дотор байгаа буюу Монгол Улсын стандартад заасан хэмжээнд нийцэж буй эсэхийг үнэлэх, шалгах, түүнчлэн аюулгүйн түвшингээс хэтэрсэн орчинд  эрүүл ахуйн бүс хязгаарыг тогтоох зэрэг үйл ажиллагааг нэгдсэн арга зүйгээр хангах зорилготой юм. Шинэчлэгдсэн стандарт нь 3 кГц-ээс 300 ГГц давтамжийн царааг хамаарна. Цахилгаан соронзон орны үүсгүүрийн орчим ажилладаг хүмүүсийн ажлын байран дахь болон бусад хүмүүс оршин байж болох газруудад цахилгаан соронзон орны нөлөө зөвшөөрөгдөх аюулгүйн түвшинд байгаа эсэхийг үнэлэх, аюулгүйн түвшинөөс хэтэрсэн байрлал, газрын хил хязгаарыг тогтоох үйл ажиллагааг нормчилно. Энэ стандартын ач холбогдол нь цахилгаан соронзон орны нөлөө аюулгүйн түвшинд байгаа эсэхийг тогтоохдоо олон улсад баримталдаг аргачлал,  стандартуудад үндэслэсэн учраас дэлхийн олон оронд хэрэглэгдэх ЦСО-г тооцоолох програм, хэмжих багаж тоног төхөөрөмжүүдийг ашиглах боломжийг бүрдүүлж байна.
  2. Радио давтамжтай цахилгаан соронзон орноос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (3 кГц -ээс 300 ГГц хүртэл) (Safety Levels with Respect to Human Exposure to Radio Frequency Electromagnetic Fields, 3 kHz to 300 GHz) MNS 5594:2006.  Өмнө нь энэ хэм хэмжээг хоёр өөр эх сурвалжаас үүдэлтэй “Радио долгионы үүсгэх цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөөний хязгаарлалтын түвшин MNS 5594:2006” ба “Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Радиогийн сүлжээний цахилгаан соронзон орон. Ажлын байрны зөвшөөрөх төвшин. Хяналт тавих шаардлага MNS 5148:2002” гэсэн хоёр үндэсний стандартаар тогтоосон байсан бөгөөд эдгээр нь хоорондоо нийцдэггүй байсныг шинэ стандартаар нэгтгэж нэг мөр болгон шинэчилэсэн байна. Ингэснээр энэхүү стандарт хэрэглэгчдэд ойлгомжтой,  ашиглахад дөхөмтэй болсон. Стандартаар радио тоног төхөөрөмжийн үүсгэх цахилгаан соронзон орон (ЦСО)-оос хүнд үзүүлэх нөлөөг үнэлж, хүний бие хортой нөлөөлөлд өртөхөөс сэргийлэх, өртсөн нөхцөлд өртөлтийн хэмжээг багасгах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чиглэсэн болно. Энэ стандартаар 3 кГц-ээс 300 ГГц хүртэлх радио давтамжтай цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон орны үйлчлэлийн улмаас хүний эрүүл мэндэд учирч болох хортой нөлөөний хэм хэмжээг тогтоосон. Хүний биед хохирол учруулж болох нөлөөний заагийг хоёр давхаргатайгаар тогтоосон. Аюулгүй байдлын хангалттай нөөцтэйгээр хүмүүсийг хамгаалж чадах дээд түвшинг хяналттай орчинд хэрэглэнэ. Доод түвшин нь радио давтамжийн аюулгүй байдлын арга хэмжээг авч эхэлвэл зохих нөлөөний заагийг заана. Энэ стандартаар тогтоосон зөвлөмжүүдийг үндсэн хязгаарлалт (ҮХ), хүлцэх хамгийн их нөлөө (ХХН) гэсэн хоёр үзүүлэлтийг ашиглан томъёолсон. ҮХ нь дотоод орон, хувийн шингээлтийн хурд (ХШХ), гүйдлийн нягтын хязгаарыг заадаг бол ҮХ-ээс уламжлан гардаг ХХН нь гадны орон хийгээд индукцын ба контактын гүйдлийн хязгаарыг үзүүлнэ. Энэхүү стандартыг өмнөх хувилбартай нь жишиж үзвэл үндсээрээ шинэчлэгдэж тогтоосон хязгаарлалтууд илүү нарийн бөгөөд тодорхой болсоны дээр радио холбооны инженерийн хүрээнд ашиглахад хялбар ойлгомжтой болгожээ

Шинэчлэгдэн батлагдсан 2 үндэсний стандартыг МУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Д.Бямбажав, тус тэнхимийн зөвлөх профессор Э.Дамдинсүрэн нар боловсруулсан болно. Стандартын экспертээр Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич Н.Сайжаа ажиллажээ.

 

Эх сурвалж: СХЗГ