Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Мэдээлэл, харилцаа холбооны 5 стандарт шинээр батлагдлаа
Мэдээлэл, харилцаа холбооны 5 стандарт шинээр батлагдлаа
2015-05-11

Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэдэх Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит хуралдаанаар төмөр зам, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр шинээр боловсруулсан, шинэчилсэн 20 гаруй үндэсний стандартын төслийг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны захиалга болон санхүүжилтээр “Тоон DRM радио хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжид тавих шаардлага”, “Мэдээллийн технологи. Систем хоорондын теле-холбоо ба мэдээлэл солилцоо. Ойр оронгийн холбоо. Интерфейс ба протокол MNS-ISO/IEC 18092:2015”,  “Харилцаа холбооны тоног төхөөрөмжид тавих аюулгүй байдлын шаардлага”, “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн радио спектр, цахилгаан соронзон зохицлын техникийн ерөнхий шаардлага”, “Хүний биед ойр хэрэглэдэг утасгүй холбооны төхөөрөмжийн нөлөөллөөр үүсэх онцгой шингээлтийн хэмжээг тодорхойлох арга (30МГц-ээс 6 ГГц-ийн давтамжийн цараанд)” төслийг сонгон шалгарсан мэргэжилтнүүдийн баг олон улсын байгууллагын зөвлөмж, стандартууд (ISO, ITU, IEC, ETSI, EN, DRM, DAB+), мөрдөж буй үндэсний стандарттай уялдуулан тус тус боловсруулсан бөгөөд тус зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцээд, мэдээллийн технологи, харилцаа холбооны сонгон хэрэглэх 5 үндэсний стандартыг баталжээ.  Үүнд:

  1. “Тоон DRM радио хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжид тавих шаардлага” үндэсний стандарт. Статистик судалгаагаар, манай улсад нийт 149 гаруй мянган малчин өрх айлууд байгаа ба МҮОНРадиогийн 1-р сувгийг урт, дунд долгион дээр 2-р сувгийг богино долгионоор тус тус улс орон даяар нэвтрүүлгээ цацаж, хөдөө орон нутагт радио өргөн нэвтрүүлэг сонсож байна. Гэвч үндсэн 1-р сувгийн нэвтрүүлгийг техникийн чанарын үзүүлэлт хангахгүй аналог дохиогоор сонсож байгаа юм. Радио өргөн нэвтрүүлгийг сүүлийн 10 гаруй жилд гар утсаар сонсох, интернет болон DDish телевизээр сонсох зэрэг өрсөлдөгч технологиуд гарч ирсэн боловч тоон хүлээн авагч ашигласан тохиолдолд эдгээр өрсөлдөгч технологиудаас ч давуу чадвартай болох боломжийг бүрдүүлэх юм. Тоон хүлээн авагчийн “Тоон DRM радио хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжид тавих шаардлага” үндэсний  стандартыг баталж, хэрэгжүүлснээр тоон радио өргөн нэвтрүүлгийн хүлээн авагчийн бүдүүвч, нэр томьёо болон давтамж, техникийн ерөнхий үзүүлэлтүүдийг тодорхойлох, түүнийг хэмжих, шалгах боломжийг бүрдүүлэх, сонсогчдын хувьд CD дуугаралтын чанарын сонсогдолт, хар болон өнгөт дэлгэцэн дээр үсгэн мессеж, Slide Show-зар сурталчилгаа үзэхээс гадна, дуу ба дүрст гэнэтийн ослын анхааруулга, замын хөдөлгөөний зурган мэдээлэл, GPS байрлал тогтоох, студитэй шууд тоон хүлээн авагчтай сонсогчид интерактив мэдээлэл сонсох боломжийг бүрдүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байна.
  2. “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн радио спектр, цахилгаан соронзон зохицлын техникийн ерөнхий шаардлага” үндэсний стандарт. Сүүлийн жилүүдэд мэдээлэл, харилцаа холбооны шинэ шинэ технологи үйлдвэрлэл, амьдрал ахуйд өргөн нэвтэрч байгаатай холбоотойгоор манай улсад импортоор оруулж байгаа мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн нэр төрөл, тоо хэмжээ эрс нэмэгдсэн. Монгол Улсын давтамж төлөвлөлт, харилцаа холбооны зохицуулалтын дүрэм, журам, техникийн нөхцөл шаардлага болон хэрэглэгчдийн эрүүл мэндэд нийцсэн тоног төхөөрөмж оруулж ирэхэд нь нийлүүлэгчдэд тусламж дэмжлэг болох зорилгоор цахилгаан соронзон зохицлыг хангах мэдээллийн технологи, харилцаа холбооны тоног төхөөрөмжид тавих техникийн шаардлагыг боловсруулах шаардлагатай болсон юм. Уг стандартаар радио спектр, цахилгаан соронзон зохицлыг хангах 30МГц-ээс 6ГГц давтамжинд ажиллах харилцаа холбоо, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн техникийн шаардлагуудыг олон улсын байгууллагын тогтоосон жишиг, үзүүлэлт болон Монгол орны онцлогыг тусган тогтоосон байна. Тухайлбал, харилцаа холбоо, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн радио спектр, цахилгаан соронзон зохицлын техникийн ерөнхий шаардлага, тоног төхөөрөмж, хэрэгслийн үүсгэж болох цахилгаан соронзон хорт цацаргалтын орны хүчлэг болон тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг алдагдуулах цахилгаан соронзон болон дамжууллын шуугианы хүчдэлийн утганд тавих хязгаар зэрэг болно. Энэхүү стандартыг Монгол улсын зах зээлд нийлүүлэх харилцаа холбооны болон мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид мөрдөнө. Манай улсын давтамж төлөвлөлтөөс зөрсөн, стандарт бус, цахилгаан соронзон зохицлын шаардлагыг хангахгүй бусад системд нөлөөлж болох техникийн үзүүлэлттэй, хэрэглэгчдийн эрүүл ахуйг ноцтой зөрчсөн хуурамч бүтээгдэхүүн, техник зах зээлд нийлүүлэхээс урьдчилан сэргийлэх, зөвшөөрлийн хүрээнд ажиллаж байгаа системд шинээр орж ирж буй техник технологийн нөлөөлөл байхгүй байх нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
  3. Харилцаа холбооны тоног төхөөрөмжид тавих аюулгүй байдлын шаардлага” үндэсний стандарт. Мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологиуд үйлдвэрлэл, амьдрал ахуйд өргөн нэвтэрч байгаатай холбоотойгоор харилцаа холбооны тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэгч, үйлдвэрлэгчид төхөөрөмжийн ашиглалтын үеийн аюулгүй байдлын шаардлагын зарчмуудыг хангасан байх ёстой. Стандарт батлагдсанаар харилцаа холбооны төхөөрөмжтэй харьцаж байгаа үйлчилгээний ажилтан ба хэрэглэгч болох мэргэжлийн бус хүмүүсийн цахилгаан гүйдэлд цохиулах, галын аюул, гэмтэл гэх мэт эрсдэлийг бууруулахад зориулсан шаардлагууд, цахилгаан холбоо, радио холбоо, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаанд тавих шаардлагуудыг мөрдөх орчин бүрдэнэ. Энэхүү стандартыг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх харилцаа холбооны тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид мөрдөх бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хороо нь тус стандартыг үндэслэн баталгаажуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах болно. Стандарт нь 600 В-оос хэтрэхгүй номиналь хүчдэлтэй цахилгаан төхөөрөмжүүдийг багтаасан үндсэн тэжээлтэй эсвэл батерейн тэжээлтэй харилцаа холбооны тоног төхөөрөмжид хамаарна.
  4. “Хүний биед ойр хэрэглэдэг утасгүй холбооны төхөөрөмжийн нөлөөллөөр үүсэх онцгой шингээлтийн хэмжээг тодорхойлох арга (30МГц-ээс 6 ГГц-ийн давтамжийн цараанд)” үндэсний стандарт. Энэ стандарт нь хөдөлгөөнт холбооны тоног төхөөрөмжийн үүсгэх цахилгаан, соронзон, цахилгаан соронзон орноос хүнд үзүүлэх нөлөөг үнэлж, хүний бие хортой нөлөөлөлд өртөхөөс сэргийлэх, хортой нөхцөлд өртөлтийн хэмжээг багасгах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, тооцоолол, хэмжилт туршилт хийх аргачлал, тавигдах ерөнхий шаардлага, холбогдох нэр томьёог багтаасан байна. Энэ стандарт нь зөвхөн хөдөлгөөнт гар утас, утасгүй микрофон, нэмэлт өргөн нэвтрүүлгийн төхөөрөмж ба компьютерийн радио нэвтрүүлэгчээр хязгаарлагдахгүй биед суурилуулсан төхөөрөмж, бие-дэмжлэгтэй төхөөрөмж, ширээний төхөөрөмж, нүүрний өмнө тулсан төхөөрөмж, гарт барих төхөөрөмж, зөөврийн компьютер, үе мөчинд суурилуулсан төхөөрөмж, олон зурвасын төхөөрөмж, товчлуур дарж ярьдаг төхөөрөмж, хувцастай нэгтгэсэн төхөөрөмж зэрэг ерөнхий ангиллын төхөөрөмжүүдэд хамаарна. Энэ стандарт нь эмчилгээний зориулалттай туяаг цацаргах ба үл цацаргах эмнэлгийн төхөөрөмжид хамаарахгүй. Стандартаар хүний биетэй ойролцоо байрлалд, үйлдвэрлэгчээс тодорхойлсон байдлаар төхөөрөмжийн цацаргалт нь хүний бие махбодид 200 мм хүртэлх зайд байгаа цахилгаан соронзон орныг цацаргагч ямар ч утасгүй холбооны төхөөрөмжид (тухайлбал, гар утсыг гартаа барьсан, эсвэл нүүрний өмнө, аль нэгэн байдлаар биед дамжуулах бус байдлаар төхөөрөмж болон дагалдах туслах хэрэгслүүдээр биедээ холбосон, хувцсандаа агуулсан үед) ашиглаж болно. Хүний чихэнд ойр ашигласан нэвтрүүлэгчид (IEC 62209-1:2005) стандарт хамаарна. Судалгаагаар, гарыг хүний биеийн загварт илэрхийлэхийн тулд хэрвээ төхөөрөмж толгойны цаана эсвэл их биеийн ойролцоо байвал гарын онцлогийг хасахыг зөвлөдөг учир нь их биеийн болон толгойн онцгой шингээлтийн хэмжээ (SAR)-г консервативаар тодорхойлоход их бие ба толгой гэж авах ба гарыг оруулдаггүй байна. Хот суурин газар сүүлийн жилүүдэд орчин үеийн холбоо, мэдээлэл, эрчим хүчний их чадлын шугам, тоног төхөөрөмж олширч байгаа бөгөөд ахуйн хэрэглээнд радио долгионы энерги цацруулагч техникийг өргөнөөр ашиглаж байгаа нь цахилгаан соронзон орны хэмжээ ихээхэн нэмэгдэж тэр хэмжээгээрээ хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлэй болж байна. Төрөл бүрийн радио төхөөрөмжийн үүсгэгчээс гарсан радио давтамжтай цахилгаан соронзон оронгийн үйлчлэлд өртөж байгаа хүмүүст учрах хортой нөлөөний дээд хязгаарыг тогтоож, хүмүүсийг болзошгүй хортой нөлөөнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой стандарт юм.
  5. “Мэдээллийн технологи. Систем хоорондын теле-холбоо ба мэдээлэл солилцоо. Ойр оронгийн холбоо. Интерфейс ба протокол MNS-ISO/IEC 18092” үндэсний стандарт. Уг стандартаар компьютерийн дагалдах хэрэгслүүдийн харилцан холболтод зориулсан 13,56 МГц-ийн төв давтамж дээр ажиллах индукцийн холбоост төхөөрөмжүүдийг ашиглаж буй Ойр Оронгийн Холбоо (цаашид ООХ гэх, NFC)-ны интерфейс ба протокол буюу товчоор ООХИП-1 (NFCIP-1)-ын холбооны горимууд, нэр томьёо тодорхойлолт, радио давтамжийн дохионы интерфейс, алгоритмыг олон улсын ISO/IEC 18092 стандартын дагуу тус тус тодорхойлсон байна. Сүүлийн жилүүдэд ООХ-ны технологи бусад салбарт хурдацтайгаар нэвтэрч байна. Тухайлбал, банк, төлбөрийн карт, гар утас, зар сурталчилгаа, нийтийн тээвэр, жижиглэнгийн худалдаа, эмнэлэг эрүүл мэнд гэх мэт. Хурдан, дөхөм, контактгүй, түргэн холбоог хангаж чадах чанар нь энэ технологийн гол онцлог юм. Мөн сүүлийн үеийн гар утсанд ООХ-ны технологийг нэмэлтээр суулгаж өгөх болсон нь энэ технологи хэрхэн хурдан хөгжиж байгааг харуулж байна. Үүнтэй уялдан энэ технологийг нэвтрүүлэх өргөн боломж үйлдвэрлэгчид, технологи болон аппликэйшн хөгжүүлэгчдэд гарч иржээ. Манай улсад ООХ-ны технологийн зарим хэрэглээ нэвтэрч эхэлж байна. Жишээлбэл, зарим албан байгууллага, байшин барилга, машины зогсоол руу нэвтрэх системүүдэд энэ технологийг ашиглах г.м. Ойр Оронгийн Холбоонд зориулсан үндэсний стандартыг олон улсын байгууллагууд (ITU, IEC, ISO, ETSI)-ын зөвлөмж стандартыг судлан Монголын нөхцөлд нийцүүлэн боловсруулж батлуулав. Энэхүү стандарт батлагдснаар ОХХ ашигласан төхөөрөмжүүдэд стандартын хяналт тавих, баталгаажуулах боломж бүрдэх ба дотоодын үйлдвэрлэгчид, зохион бүтээгчид, програм хөгжүүлэгчдэд шинэ технологийг стандартын дагуу төрөл бүрийн үйлчилгээ, салбаруудад нэвтрүүлэх боломжийг нээж өгнө.

Дээрх нэр бүхий 5 үндэсний стандартуудыг Монгол улсын зөвлөх инженер, МОҮНР-ийн албаны дарга О.Ганхүү, МҮОНРT-ийн Мэдээллийн технологийн албаны дарга Т.Зандмаа, МТШХХГ-ын мэргэжилтэн Г.Болорчимэг, Эклектик ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Энхболд,  ШУТИС-ийн МХТС-ийн багш доктор, профессор Б.Отгонбаяр, проф.Ө.Буянхишиг, дэд проф.Ж.Жавзансүрэн, док.Г.Хишигжаргал нар тус тус боловсруулжээ. Стандартыг боловсруулах шатанд ШУА-ийн Инкубаторын төвийн инновацийн зөвлөх, доктор Н.Хүүхэнжимээ, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн дэд профессор Доктор /PhD/ М.Баярпүрэв, МУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн эрхлэгч доктор, профессор П.Энхбаяр, ШУТИС-ийн МХТС-ийн багш П. Лхагваа, Э.Нарантуяа, Ч. Оюу, П.Давааням, ШУТИС-ийн БУХС-ийн багш Н.Мөнхөө, Зөвлөх инженер М.Наранбаатар, ХХЗХ-ны мэргэжилтэн Ч.Тэрбиш, Радио телевизийн сүлжээний газрын ахлах инженер Л.Туул нар стандартын экспертээр ажиллаж, үнэтэй санал зөвлөмж өгсөн болно.

Эх сурвалж: СХЗГ