Харилцаа холбооны зохицуулах хороо нь зөвшөөрлийн хүсэлт шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах ажлыг үе шаттайгаар нэвтрүүлж байгаа бөгөөд 2024 онд тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусах үйлчилгээ эрхлэгчдийн хүрээнд цахим системээр дамжуулан хүсэлтээ гаргах сургалтыг улирал бүр зохион байгуулан ажиллаж байна.
2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд, Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болон 2 жил үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдүүдэд зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар гаргах, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, эрх зүйн орчны талаарх ээлжит сургалтыг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтын арга хэмжээг Харилцаа холбооны зохицуулах хорооны Хуулийн хэлтсийн дарга Т.Ууганбат нээж, Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга А.Уранчимэг, Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Мөнхнаран, Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Ө.Сувд-Эрдэнэ нар Зөвшөөрлийн тухай хууль, эрх зүйн орчин, зөвшөөрөл эзэмшигчдэд тавигдах нөхцөл, шаардлага болон цахимаар зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлт гаргах зааварчилгааг танилцууллаа.
Энэхүү сургалтаар зөвшөөрөл эзэмшигчдэд тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар санал солилцож, үйлчилгээ эрхлэгчдийн тодруулга, асуултад тайлбар өгч, мэдээлэл солилцов.