2023.10.04
Харилцаа холбооны зохицуулах хороо 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-д оруулсан нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр болон “Зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй бүтээлийн бүртгэл”-ийн нэгдсэн системийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилготой сургалт семинарыг зохион байгууллаа.
Сургалтаар тус Хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газраас журамд орсон дараах нэмэлт өөрчлөлтүүдийн талаар товч мэдээллийг өгөв.
1. Телевизээр нэвтрүүлэх эд мөнгөний хонжворт сугалааны нэвтрүүлгийн зохицуулалт;
2. Эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгаанд тавих шаардлага;
3. Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэмд нийцүүлэн хүүхдийн сэтгэхүй, бие махбодод сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдийн нэвтрүүлгийн хугацаанд сурталчлахгүй байхтай холбоотой хязгаарлалт;
4. Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хоорондын уялдааг хангахтай холбогдсон зохицуулалт.
Мөн сургалт, семинарт Засгийн газрын хэрэгжүүлэх агентлагийн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм биологийн идэвхт бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах, зар сурталчилгааны зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Ундармаа “Эм биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааг нэвтрүүлэхэд анхаарах асуудал” сэдэвтэй илтгэлийг тавьж телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд мэдээлэл өгч, оролцогчдын зүгээс тодруулсан асуултад хариулт өгөв.
Телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан өнөөдрийн сургалт, семинарын үеэр дэвшүүлсэн саналын дагуу тус Хорооноос Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газартай хамтран Эм, эмнэлгийн хэрэгсэл, эм биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгаа нэвтрүүлэхэд анхаарах зөвлөмжүүдийг гаргаж, телевизүүдэд хүргүүлэхээр хэлэлцлээ.
Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар