Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд сургалт зохион...
Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа
2014-12-26
Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа

Харилцаа холбооны зохицуулах хороо болон Улаанбаатар хотын Цагдаагийн газраас хамтран  Монгол улсын Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хэрэгжилтийн хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг цахим тоглоомын үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд сургалт, хэлэлцүүлгийг  2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс” –ийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Дүүргийн Онцгой байдлын ерөнхий газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон тус хорооны мэргэжилтэн, албан хаагчид оролцож “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын тайлбар, галын аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах, цахим тоглоом хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг болон цахим тоглоомын насны ангиллын талаар илтгэл тавьж холбогдох асуудлаар үйлчилгээ эрхлэгчдийн санал бодлыг сонсон, сонирхсон асуултанд хариу өглөө.

Үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс журмаар орон сууцны 1-р давхарт үйлчилгээ эрхлэхийг болон интернет кафе нь цахим тоглоом тоглуулахыг хориглосон зэрэг нь учир дутагдалтай, ойлгомжгүй байдал үүсгэж байгаа тул холбогдох байгууллагад нь уламжлан өгч журамд өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байгаагаа илэрхийлж байлаа. Мөн зарим цахим тоглоомын газрууд нь холбогдох хууль, журмыг илэрхий зөрчиж байгаа хэдий ч цагдаагийн байгууллага арга хэмжээ авахгүй байна гэсэн шүүмжлэл ихээр байв.

Иймд үйлчилгээ эрхлэгчид “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн Монголын Интернет, цахим тоглоомын бизнес эрхлэгчдийн холбоогоор дамжуулан хүсэлтээ Хууль зүйн яам болон тус хороонд албан ёсоор хүргүүлэхээр боллоо.

Сургалт,семинарын төгсгөлд үйлчилгээ эрхлэгчдээс авсан санал асуулгаас харахад сургалт, хэлэлцүүлгээс хэрэгтэй мэдээллээ авч чадсан бөгөөд энэхүү сургалтыг үр дүнтэй боллоо гэж дийлэнх олонх нь үзсэн байна.