Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Б.Балгансүрэн: Технологи бол зэвсэг. Харин бидэнд зэвсгийн...
Б.Балгансүрэн: Технологи бол зэвсэг. Харин бидэнд зэвсгийн эрдэм байна уу?
2014-12-24
Б.Балгансүрэн: Технологи бол зэвсэг. Харин бидэнд зэвсгийн эрдэм байна уу? Б.Балгансүрэн: Технологи бол зэвсэг. Харин бидэнд зэвсгийн эрдэм байна уу?

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэнтэй ярилцлаа.

Засгийн газрын мэдээ сонин Ж.Тэгшжаргал

-Харилцаа холбооны зохицуулах хорооны энэ жилийн хамгийн чухал ажил юу байв, түүний ард хэрхэн гарав?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн зөвлөгөөн хийсэн. Бид үүнээс өмнө дотоод бизнесийн процесс, тусгай зөвшөөрөл олголт, баталгаажуулалт, радио давтамжийн долгионы хяналт, тэдгээрийн хэмжилт, шалгалт, хуваарилалт төлөвлөлт зэрэгтэй холбоотой байгууллагын дотоод үйл ажиллагааны процессийг хэрхэн автоматжуулах вэ, гэсэн судалааг хоёр жилийн өмнөөс хийж эхэлсэн. Мөн үүнийгээ нийт тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа үйлчилгээ эрхлэгчид яаж түргэн шуурхай, хялбар, ил тод нээлттэй байх вэ гэсэн судалгааг бас хийсэн. 2013 оны намраас эхлээд манай байгууллага цаасан маягт ашиглаж байгууллагын дотоод үйл ажиллагааны процессийг хялбаршуулах ажлыг эхлүүлээд өдгөө яг нэг жил хагасын хугацаа өнгөрч байна. Ер нь программ хангамжийг нэвтрүүлээд ажиллуулахад бэлэн болсон гэсэн үг.

-Монгол цөөн хүн амтай, ажиллах хүчний зах зээлд энэ нь нөлөөлдөг учраас хүний хүчийг хэмнэсэн автомат төхөөрөмж нэн хэрэгтэй байна. Одоо хамгийн түрүүнд ямар дамжлага, үйлчилгээг автомат болгох нэн шаардлагатай байна вэ?

-Ер нь байгууллагын дотоод үйл ажиллагааны процесст дүгнэлт хийгээд үзэхэд хоорондын уялдаа холбоо, хүмүүсийн харилцаа, мэдээлэл солилцоогоо сайжруулах нэгдсэн форматтай болох хамгийн чухал юм билээ. Тэгж байж байгууллагын бүх ажилчин  нэг зорилготой, нэг зүг рүү харж ажиллана. Бүгд нэг ижил мэдээлэл, нэг стандарттай байхгүй байгаа учраас эмх цэгц замбараагүй байдал үүсч, үйл ажиллагаа нэг газраа гацах, доголдох саатал үүсч, байгууллагаар үйлчлүүлж байгаа хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн уур бухимдлыг хүргэх, хүнд суртал гэж харагдахаар асуудал үүсээд байсан юм билээ.

-Харилцаа холбоо, технологийн салбарын хөгжил дэлхийн түүхийг орвонгоор нь өөрчилж байна. Нэг цагт хэн олон цэрэг зэвсэгтэй, хүчтэй нь дэлхийг дагуулж байсан бол өдгөө мөнгөтэй нь, дараа нь технологиотой нь ертөнцийг эргүүлэх үе ирэх нь. Энэ бүхэнд Монгол улс бэлэн байна уу?

-Гар утас, интернэтийн хэрэглээ, программ хангамжийн хөгжлийг хурдасгахын тулд дэлхийн улсууд юу хийж буйг тайлбарлая. Шинэ техник, технологи гаргаад үүнийгээ маш хурдан хугацаанд хэрэглээнд оруулаад, улмаар хэрэглээгээ дагаад төрөл бүрийн инноваци гаргаж байна. Инновацаа дагаад хөрөнгө оруулалт орж ирж, хөрөнгө оруулалт татсанаараа тухайн зах зээл салбар болгонд үр өгөөжөө өгөөд нийт улс орны хэмжээнд маш үр ашигтай, чухал ач холбогдолтой болж хөгжиж байна. Бид үүнийг хэрхэн эхлүүлж, үр дүн, давуу талыг нь илүү хүртэх вэ гэдэг чухал боллоо.  

Гар утасны хэрэглээ эхлээд яриа, мессежид төвлөрч байсан бол Apple компаний ухаалаг утас хэрэглээнд нэвтэрсэн цагаас хойш өргөн зурвасын өндөр хурдтай үйлчилгээ буюу дата гэж нэрлэгдээд байгаа үйлчилгээ, хэрэглээ 100 хувиар тогтохгүйгээр, улирал тутам огцом нэмэгдэж байна. Нэг талаар хэрэглээ асар хурдтай нэмэгдэж байгаа юм шиг хэрнээ, нөгөө талаар хэрэглэх мэдээлэл, контент байна уу, үгүй юу гэдгийг бодохоос аргагүй. Контент үйлдвэрлэхийн тулд маш их цаг хугацаа оюун зарна. Үүнээс гадна маш их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай болно. Гэтэл яг үнэндээ Монголын контент үйлдвэрлэл технологийн хөгжлөө төдийлэн гүйцэхгүй, удаашралтай байна. Үүнд мэдээж төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай.

-Монголчууд өөрсдөө ухаалаг гар утас үйлдвэрлэлээ. Маш олон залуус аппликейшн бүтээж байна. Хэдийгээр энэ бүхэн өдгөө нэгдсэн зохион байгуулалтгүй, эмх замбараагүй ч гэмээр байгаа ч тэдний идэвх, оролдлогыг өдөөх арга хэмжээ явуулах боломж хэр их байна вэ?

-Монголд програм хангамжийн салбар, зах зээл чамгүй урт хугацаанд хөгжлөө. Гэсэн хэдий ч хөгжил нь удаашралтай хэвээр байна. Програм хангамжийг хөгжүүлж, инноваци нэвтрүүлэхийн тулд бидэнд нэн тэргүүнд үүнийг хэрэглэх хэрэглэгч хэрэгтэй. Хэрэглэгч байхгүй бол тэр залуусын гаргасан бүтээгдэхүүн цаашдаа хөгжих боломжгүй, хэрэглээгүй болоод зогсчихно. Бидний зүгээс ямар ч байсан өргөн зурвасын өндөр хурдын интернетийн хэрэглээг маш хурдан нэвтрүүлье, төрөөс үүнд тусалъя, дагаад залуус төрөл бүрийн инноваци туршихад үүнийг дэмжье гэсэн бодлогтой, үйл ажиллагаагаа энэ зүгт чиглүүлэн явж байна.

Төрийн үйл ажиллагааг програм хангамжийн бүтээгдэхүүн ашиглаж автоматжуулах, процессоо хурдасгах, илүү сайжруулах ажил чухал боллоо. Энэ тал дээр манай улс ажиллаж эхэлсэн ч, санаснаар хурдан шилжиж чадахгүй байна. Үүнд дан ганц төр гэлтгүй хувийн компаниуд хөрөнгө оруулалт хийвэл хөгжил улам л хурдсах болно. Гэвч хууль эрхзүй, төр хувийн хэвшлийн түншлэл, зохицуулалтын орчноо богино хугацаанд илүү тодорхой, хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулахад хялбар, ойлгомжтой мөн захиалах, гүйцэтгүүлэх ажлууд түүнийг тойрсон шаардлагууд, цаашдын урт удаан хугацааны хамтын ажиллагаа зэргийг хэмжих, үнэлэх хэмжигдэхүүнүүд нь маш тодорхой бөгөөд чухал шаардлагатай байна.  

-Технологийн хөгжил өдрөөр биш цагаар хурдасч байна. Үүнтэй харьцуулахад төрөөс харилцаа холбоо, технологийн салбарт үзүүлэх дэмжлэг, санхүүжилт хэр их нэмэгдэж байна вэ?

-Яам, агентлаг болгон жил бүр сервер, сүлжээ, тоног төхөөрмж, програм хангамжаа шинэчлэх, сайжруулахад зориулсан төсөв гаргаж байгаа. Гэвч энэ бүхэн нь салангид байсаар олон жил боллоо. Үүнийг нэгтгэсэн, харилцан холбогдсон, нэг стандартын дагуу мэдээлэл солилцоо явагддаг цогц систем рүү шилжих, шилжүүлэх, цаашлаад мэдээллээ илүү тодорхой, олон үзүүлэлтээр хоорондоо солилцдог болох хэрэгцээ байна. Жишээ нь төрийн мэдээллийг аюулгүй байдал, нууцлалын хувьд хэрэглээгээр нь ангилж, аль хэрэглээ, нууцлалын түвшин хүртэл иргэдэд нээлттэй өгч болох вэ гэдгийг тодорхойлох, үүнд зориулсан төрөл бүрийн ухаалаг аппуудыг иргэн, хувийн хэвшлийн компаниуд илүү олон боломж, хурдан шуурхай найдвартай ажилладаг програм хангамж, үйлчилгээ үзүүлэх боломж харагдаж байгаа. Үүний сонгодог жишээ Ази тивийн Сингапур, Өмнөд Солонгос гэх мэт улсуудад хэдийнэ бий болсон.

-Сүүлийн үед дижитал контентууд дээр зохиогчийн эрхийн асуудал хурцаар хөндөгдөх боллоо. ХХЗХ зарим сайтын үйл ажиллагааг зогсоосон нь ч үүнтэй холбоотой байсан байх. Цаашид оюуны өмчийн асуудал улам л түвэгтэй болох нь. Бид үүнд бэлэн байна уу?

-Контент (бүх хэлбэрийн оюуны бүтээл), зохиогчийн эрхийн асуудал гэнэтхэн анхаарлын төвд орох болсон нь учиртай. Өмнө нь зөвхөн интернэтийн сүлжээнд холбогдох, ямар нэг хэмжээгээр ашиглах л чухал байлаа. 1995 оноос хойш электрон шуудан, 1996 оноос хойш байнгын холболттой үйлчилгээ нэвтрээд, 2000 оноос хойш шилэн кабелиар бусад улсуудтай холбогддог болоод эхэлснээс хойш хэрэглээ маань ихэсч, бас төрөлжлөө. 2010 оноос хойш хэрэглэгчид дуу хөгжим, кино урлагийн салбарын хэрэглээ рүү хэлбийгээд эхэлснээс хойш илүү өндөр чанартай дуу хөгжим, дүрс сонирхдог болсон. Энэ бол бусад улсын даван туулаад л гарсан үйл явц. Хэрэглэгчид тодорхой хугацаанд гадаад контент илүү сонирхдог, эргээд дотоодын контент руу төвлөрдөг зэрэг цонх үеүүд байдаг юм байна л даа. Харин 2012 оноос олон телевиз, кабелийн сувагтай болсон цагаас эхлээд оюуны өмчийн асуудал хөндөгдөж эхэлсэн. Зарим томоохон телевиз багагүй мөнгөөр эрх худалдаж аваад эхлэхээр үүнийгээ хамгаалахын тулд оюуны өмчийн асуудлыг хөндөж эхэллээ. Энэ ч аргагүй. Бидний зүгээс эрх зүйн орчны дагуу зохицуулалтаа хийгээд явж байгаа. Оюуны өмчийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ тал дээр хамтарч ажиллаж байна. 2012 оны намраас хойш телевизүүдийн гаргаж байгаа нэвтрүүлэг, кино хэрхэн өөрчлөгдөж буйг та бүхэн анзаарсан байх. Асуудал аажмаар шийдэгдэж байна. Энэ нэг л өдөр шийдэгчдих хялбар асуудал биш ч, хоёр жилийн хугацаанд ахицтай, үр дүнтэй ажилласан гэж үзэж байна. IPTV үйлчилгээ нэвтэрснээс хойш хүмүүс видео сангаас төлбөрөө төлөөд үйчлүүлж эхэлсэн. Жишээ нь, “Үргээлэг” киног маш олон үзэгч худалдан авч үзсэн гэсэн судалгаа байна. Дотоодын сайн бүтээлд хүмүүс мөнгө төлж үздэг соёл төлөвшиж байна гэж ойлгогдож байна.

-Энэ жилийн хамгийн том дуулианы нэг танай салбартай холбоотой байлаа. УИХ-ын гишүүдийн өмнөөс, тэдний дугаараас мессеж илгээсэн тухай. Мэдээллийн болон хувь хүний аюулгүй байдлын асуудлыг хөндсөн том үйл явдал, том сургамж боллоо. Энэ үйл явдлын дараа хэрэглэгчийн аюулгүй байдлын асуудалд ямар нэг дэвшил гарсан уу?

-Бид харилцаа холбооны салбарт ажиллах аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохдоо хэрэглэгчийн мэдээлэл, сүлжээний аюулгүй байдалд байнга анхаарч, журам нөхцөл шаардлага дээр тодорхой заалтуудыг оруулдаг, аюулгүй байдлыг хамгаалах ёстойг гэрээгээр үүрэгжүүлээд явдаг. Саяын дуулиан хувьд, яриа, мессеж, сүүлийн үед дата роуминг ашиглаж, өөр оронд харилцаа холбооны төхөөрөмжөө хэрэглэх боломжтой болсон нь давуу тал ч гэлээ, үүнийг дагаад сөрөг тал нь ч харагдаж эхэллээ.

Нэгд, тухайн улсын үйлчилгээ эрхлэгчид харилцан холболт хийж байгаа. Хоёрт, харилцан холболтоор дамжиж байгаа мэдээллийн агуулгыг шалгаад, хяналт хийх боломжгүй учраас энэ сул талыг ашиглаад төрөл бүрийн программ хангамж, төхөөрөмжөөр дамжуулаад ихээхэн хэмжээний мессеж дамжуулах тохиолдол гарч байна. Нэгэнт мэдээллийн агуулга болгоныг хянаад эхэлбэл энэ нь өөрөө бүр ч том асуудал болох учраас дээрх шиг тохиолдол гарч эхэлсэн даруйд таслан зогсоох арга хэмжээ авахаас өөр аргагүй. Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л компани үүнийг гарсан даруйд таслан зогсоох боломжтой байгаа гэвч тухайн тохиолдолд ямар агуулга, утга бүхий мессеж хэдий хэмжээгээр дамжиж байгааг хянахгүй байхаар хэрэглэгч, харилцан холболт оролцогч талуудын өмнө бас үүрэг хүлээсэн байдаг.

-Энэ тухайн үүрэн телефоны компаниудын алдаа гэвч, нөгөө талаар монгол төрийн дархлаанд халдсан явдал хэмээн хүмүүс үзсэн. Ер нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд УИХ-ын гишүүд, төрийн өндөрлөгүүдийн гар утас, бусад холбоог хамгаалах тусгай хамгаалалт байдаг уу?

-Харилцаа холбооны зохицуулах хорооны хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд хамаарагдах асуудал биш учраас хариулт өгөх боломжгүй. Энэ талын мэдээлэл ч манай байгууллагад байдаггүй.

-Манай улсад цахим халдлага гадаад, дотоодоос хэр их ирдэг вэ?

 -Байнга л ирдэг. Халдлага нь дотроо хортой код, серверийн болон үйлдлийн системийн халдлдага гэх мэт олон төрөл, ангилал, зорилгоороо ялгаатай. Улсын хэмжээний нэгдсэн статистикийг хяналт тавьж байгаа  байгууллага нь хэлэх байх. Орчин цагт мэдээлэл гэдэг зүйл маш үнэтэй болсон болохоор ямар нэг аргаар хулгайлах, өөр зорилгоор ашиглах явдал ихэссэн. Энэ нь маш их хэмжээний хор уршиг авчрах учраас мэдээлэл аюулгүй байдлын хамгаалалтын систем үнэхээр чухал байна.

-Мессеж болон имэйлээр спам мессеж их ирдэг. Энэ бас л нэг төрлийн хууль зөрчсөн хэрэг мөн. Үүн дээр хяналт тавих, арга хэмжээ авах боломж бий юу?

-Хувь хүмүүсийн имэйл хаягийг аваад төрөл бүрийн зар явуулах нь үнэхээр ихэсч, замбараагүй болсон. Дурын хүн хэдэн мянган цахим шуудангийн хаяг цуглуулаад, ямар ч зөвшөөрөлгүйгээр янз бүрийн мэдээлэл тарааж байгаа. Бид үүн дээр судалгаа хийж, хэрхэн зохицуулах вэ гэсэн асуултын хариуг эрж байгаа. Үйлчилгээ эрхлэгчидтэй ч ярилцаж эхэлсэн.

-Танай байгууллагаас зарим цахим хуудсыг хаасны дараа ихээхэн шүүмжлэл гарсан. Одоо ч гомдол дуусаагүй байгаа шиг харагддаг. Үйл ажиллагаа нь зогсоох, үйлчилгээг нь хаах шийдвэр болгон танайхаас гардаг уу?

-Харилцаа холбооны зохицуулах хороо цахим контентийн агуулгад хяналт тавиад, хааж нээхийг дур мэдэн шийддэггүй. Хууль хяналтын байгууллагаас дүгнэлт гаргаж, хүсэлт тавьсаны дагуу л арга хэмжээ авдаг. Оюуны өмчийн газраас ирсэн дүгнэлт, хүсэлтийн дагуу дотоодын хэд хэдэн цахим хуудсыг хаасан. Хууль хяналтын газраас гэмт хэрэгт холбоотой юм уу, шалгагдаж байгаа асуудлаас болж зарим нэг насанд хүрэгчдэд зориулсын агуулга бүхий сайтуудыг хаасан. Бүгдийг нь бол хаах, хязгаарлах эрхзүйн зохицуулалт байхгүй.

-Цахим хуудсаар хүний нэр хүндэд халдаж, доромжлох асуудал ер нь хавтгайрлаа. Танайхаас үүнтэй холбоотой зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа ажил бий юү?

-Цахимаар хүнийг доромжлохтой холбоотой гомдол хороо, дүүргийн хяналтын байгууллагууд дээр маш их ирдэг болсон гэсэн мэдээлэл хууль хяналтын байгууллагатай хийсэн удаа дараагийн уулзалтуудаар тодорхой болсон. Хэрэв энэ нь цаашид өсөөд, иргэдийн гомдол нэмэгдээд ирвэл хүссэн ч, эс хүссэн ч ямар нэг эрхзүйн болон технологийн зохицуулалт хийж, гарц олж шийдвэрлэхээс өөр аргагүй. Ер нь технологи, харилцаа холбооны төхөөрөмж нэг төрлийн зэвсэг болчихлоо. Уг хүчтэй зэвсгийг хүүхэд залуучууд сурч боловсрох, аж ахуйн нэгж болон төрийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг хурдан шуурхай хүргэх, хялбарчлахад зөв ашиглах ёстой. Үүний тулд мэдээж бүгд л зэвсгийн эрдэмд суралцах хэрэгтэй болно. Энэ л бидэнд дутаад байна.