Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Улаанбаатар хотод харилцааны богино долгионы радио станц...
Улаанбаатар хотод харилцааны богино долгионы радио станц ашиглалтын байдалд хийсэн хэмжилт шалгалтын мэдээ
2014-12-19

Хорооны даргын  2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/155 дугаар тушаалын дагуу 2014 оны 9 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотод    харилцааны богино долгионы радио станц ашиглаж буй барилга угсралт,  худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагууд, тэдгээрийн харуул хамгаалалтын албанд ашигладаг радио төхөөрөмжүүдийн ашиглалтын байдалд хэмжилт шалгалтыг хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар тухай бүрт нь холбогдох арга хэмжээг авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.    

Шалгалтанд Нийт 205 аж ахуй, нэгж байгууллага хамрагдсанаас барилга угсралтын 84, харуул хамгаалалтын 47, худалдаа үйлчилгээний 73 нэгж байгууллага тус тус хамрагдав. Үүнд:

  • Радио давтамж ашиглах зөвшөөрөлтэй          - 49
  • Радио давтамж ашиглах зөвшөөрөлгүй          - 102
  • Харилцааны радио станц ашигладаггүй        - 54

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжүүд нь доорх давтамжийн зурваст ажиллаж, харилцан нөлөөлөл үзүүлж байлаа. Үүнд:

  1. Тусгай хэрэглээний зурваст:                           -           22
  2. Нийтийн хэрэглээний зурваст:                        -           69
  3. Радио сонирхогчдын давтамжийн зурваст         -           15
  4. Жи-Мобайл ХХК-ийн үүрэн холбооны зурваст: -           7
  5. Суллаж буй зурваст /450-470MГц/                   -           38   

Шалгалтын явцад дараах арга хэмжээг авч ажиллав.

  1. Шалгалтанд хамрагдсан байгууллагуудын радио долгионы зурваст хэмжилт хийж, зөвшөөрөлгүйгээр радио давтамж ашиглан, бусдын үйл ажиллагаанд саад учруулж харилцан нөлөөлөл үзүүлж байсан аж ахуй, нэгжийн харилцааны радио станцуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож зөрчлийг арилгуулан радио давтамжийн эрхийн бичгийн зөвшөөрөл авахуулан ажилласан:  
  2. Радио долгионы тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хуулийг таниулах арга хэмжээний хүрээнд хууль эрх зүйн талаар санамж, харилцааны радио станцыг ашиглахад тавигдах нөхцөл, шаардлага, зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал, маягтыг бөглөх заавар, бусад мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажилласан. 

Тус хэмжилт, шалгалтын явцад Радио долгионы тухай хуулийн 8.1-д заасан “Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах эрхийн бичиггүй этгээд радио давтамж, радио давтамжийн зурвас  ашиглахыг хориглох”, 20 дугаар зүйлийн 20.5.1 “Радио төхөөрөмж нь стандарт чанарын үзүүлэлт, техникийн нөхцөл шаардлага хангаагүй”, 20.5.2 “Эрхийн бичиг аваагүй, бүртгүүлээгүй”, 20.5.4 “Бусад хэрэглэгчийн үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсгэсэн, тэдний хэвийн ажиллагааг алдагдуулсан” зэрэг заалтуудыг тус тус зөрчин ажиллаж байлаа.

Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгахад Харилцаа холбооны зохицуулах хороотой хуулийн дагуу хамтарч ажиллах, бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах талаар санамж зөвлөгөө өгч радио долгионы тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах  арга хэмжээг авч ажиллаж байна.