Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Мэдээлэл, харилцаа холбооны салбарын өдөрлөг амжилттай болж...
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.
2014-10-06
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.

Монгол Улсын Засгийн газрын бодлого,үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, танилцуулах, ажил үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах зорилгоор 2014 оны 10 дугаар сарын 04,05-ны өдрүүдэд Чингисийн талбайд Мэдээлэл, харилцаа холбооны салбарын нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгт уг салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрийн компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, техник технологийн шинэчлэлийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгч ажиллалаа.

Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс уг өдөрлөгт байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, хэрэглэгчид, иргэдийн санал хүсэлтийг хүлээж авах, холбогдох чиглэлээр зөвлөгөө өгөх байдлаар оролцсон.

Нээлттэй өдөрлөгийн үеэр тус хорооноос одоогийн байдлаар баталгаажуулаад буй тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг  эфирээс  хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжүүдийг танилцуулж тохирлын гэрчилгээг  нийлүүлэгч байгууллагууд болох ТэрбоксХХК, Биг Чип ХХК болон Ди Ви Би ХХК-иудад гардуулсан нь онцлох  үйл явдлын нэг байлаа. Монгол Улс 2016 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс бүрэн тоон системд шилжихээр төлөвлөгдсөний дагуу энэ оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс шилжилтийн ажил эхэлснийг албан ёсоор зарлаад байгаа билээ. Иргэд, хэрэглэгчдийн хувьд телевизороо солихгүйгээр хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмж буюу Сэт топ бокс-г худалдан авснаар тоон системээр буюу дуу дүрсний өндөр чанартайгаар өргөн нэвтрүүлгийг хүлээн авах боломж бүрдэх юм. Харин хэрэглэгч та Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталгаажсан, тохирлын гэрчилгээтэй сэт топ бокс-г худалдаж авснаар стандарт шаардлагад нийцсэн, баталгаатай бүтээгдэхүүнийг ашиглана гэсэн үг юм. Баталгаажуулалтын үе шат, баталгаажсан бүтээгдэхүүнийг таних тэмдэг зэрэг нэмэлт танилцуулгуудыг тус хорооноос зөвлөмж болгон тараасан бөгөөд харилцаа холбооны салбарт бүтээгдэхүүнийг баталгаажуулах ажлыг ийнхүү эхлүүлж байгаад иргэд, хэрэглэгчдийн зүгээс ч сайшаан хандаж байлаа.

Мөн энэ үеэр тус байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг болон цахим тоглоомын газрын бүртгэл, тусгай дугаарын бүртгэл зэргийг хэрхэн олгох, сунгах болоод тэдгээр зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хэрхэн зохицуулалт хийдэг талаар дэлгэрэнгүй тайлбар, зөвлөгөө, танилцуулга зэрэг 11 төрлийн тараах материал нийт 6000 гаруй ширхэг, мөн тус хорооны үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл бүхий 400 гаруй сэтгүүлийг хэрэглэгч, иргэдэд тарааж холбогдох тайлбар мэдээллийг өгч ажиллалаа.

Сүүлийн үед Монгол улсад төдийгүй дэлхий дахинд анхаарал хандуулах болсон цахим орчны аюулгүй байдал, тэр дундаа мэдээллийн аюулгүй байдал, хүүхдийг цахим орчинд хэрхэн хамгаалах талаар Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргасан зөвлөмж уриалга болоод манай улсад мөрдөгдөж буй холбогдох стандарт зэрэг олон чиглэлийн мэдээллийг иргэдэд хүргэж байсан нь иргэдийн сонирхлыг татаж байсан юм. Иргэдийн зүгээс тоон системийн шилжилтийн явц, түүнтэй холбоотойгоор хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмжийг хэрхэн хаанаас авах талаар болон кабелийн телевиз, сувгуудын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлт, шүүмжлэлийг хэлж хүссэн мэдээлэл, зөвлөгөө авлаа.