Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Тоон технологид шилжсэнээр үзэгчид телевизороо солих шаардлагагүй
Тоон технологид шилжсэнээр үзэгчид телевизороо солих шаардлагагүй
2014-07-30
Тоон технологид шилжсэнээр үзэгчид телевизороо солих шаардлагагүй Тоон технологид шилжсэнээр үзэгчид телевизороо солих шаардлагагүй

Монгол Улс 2014 оны 07 дугаар сарын 31-нээс телевизийн өргөн нэвтрүүлгээ тоон технологид шилжүүлж эхлэх гэж байгаатай холбогдуулан үзэгч, уншигчдаас ирүүлж буй зарим асуултуудад хариулт авах зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороонд хандсан юм.

Ингээд уншигчид, үзэгчиддээ зориулж Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны дарга А.Лувсан-Очиртой хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Монгол Улс телевизийн өргөн нэвтрүүлгээ 2014 оны 7 дугаар сарын 31-нд тоон системд шилжүүлнэ гэж байгаа. Энэхүү шилжилтийг хийх бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдаж Монгол Улс радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн системээ 2014 оны 7 дугаар  сарын 31-ний өдөр тоон технологид шилжүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 361 сум суурин газруудад тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн станцууд суурилуулах ажлыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар хариуцан гүйцэтгэсэн. Харин нийслэл Улаанбаатар хотын хувьд төвийн болон алслагдсан дүүргүүдэд нийт 10 байршилд тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн станцыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар суурилуулах ажлыг нийслэлийн Мэдээлэл технологийн газар хариуцан ажиллаж байна.

-Телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлснээр үзэгч, хэрэглэгчдэд ямар давуу тал мэдрэгдэх вэ?

Үзэгчдийн хувьд аналог систем бүхий телевизийн нэвтрүүлгийг хүлээн авахад чанартай дуу, дүрсийг хүлээн авч чаддаггүй байсан. Мөн шуугиан болон харилцан нөлөөлөлд өртөх, телевизийн нэвтрүүлэг хүлээн авах боломжгүй хаалттай бүс үүсэх зэрэг дутагдалтай талууд байсан.

Тоон технологид шилжсэнээр үзэгчдийн хувьд дуу, дүрсний өндөр чанартай телевизийн нэвтрүүлэг хүлээн авахаас гадна телевизийн нэвтрүүлгийг зөвхөн суурин байдлаар бус хөдөлгөөнт байдлаар ч хүлээн авч үзэх бололцоотой болно. Өөрөөр хэлбэл үзэгчдийн хувьд телевизийн хөтөлбөрийг гар утас, таблет төхөөрөмжийн тусламжтайгаар хүлээн авах бололцоотой гэсэн үг.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж байгаатай холбогдуулан Улаанбаатар хот болон орон нутагт шинээр суурилуулагдаж байгаа тоон телевизийн станцын хамрах хүрээний тархалтын тооцоолол, зураглалыг хийсэн байгаа.

Ялангуяа Улаанбаатар хотын байршил, газарзүйн онцлог зэргээс хамаарч үндсэн станц байрлах 3 цэгээс гадна хаалттай бүс нутгийг тоон телевизийн дохио бүрэн хүргэх зорилгоор дахин дамжуулах станц байршуулах долоон газрыг тодорхойлсон. Ингэснээр үзэгчдийн хувьд телевизийн нэвтрүүлэг бүрэн тоон технологид шилжсэн үед телевиз гарахгүй байна гэсэн гомдол үгүй болох юм.

-Сүүлийн үед үзэгч, хэрэглэгчдийн хувьд 2014.07.31-нд телевизийн систем тоон технологид шилжсэнээр одоо ашиглагдаж байгаа зурагт нь ашиглагдахгүй болох юм гэнэ, заавал шинэ зурагт авах ёстой гэсэн ойлголт байгаад байна. Үүнд та хариулт өгөөч?

-За үзэгчид, хэрэглэгчдийн зүгээс сүүлийн үед тавьж буй гол асуултуудын нэг нь энэ л дээ. Тоон технологид шилжиж байгаатай холбогдуулан үзэгчид, хэрэглэгчдийн хувьд одоо ашиглаж буй хавтгай, за тэр бүү хэл хуучны бондгор /кинескоптой/ зурагтнуудаа ч солих шаардлага байхгүй. Харин үзэгч, хэрэглэгч та телевизийн тоон нэвтрүүлэг хүлээн авч үзэхийн тулд хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмж (сэт топ бокс)-ийг худалдан авч өөрийн одоо ашиглаж буй зурагтандаа холболт хийх хэрэгтэй. Мөн сүүлийн үед зах зээлд шууд тоон телевизийн нэвтрүүлэг хүлээн авах бололцоотой (DVB-T2 тьюнертэй) зурагтууд худалдаалагдаж байгаа.

- Бүх үзэгчид маань тэр хувиргагч төхөөрөмжийг заавал худалдан авч холбох шаардлагатай юу?

-Үгүй ээ. Үзэгч, хэрэглэгчдийн хувьд телевизийн нэвтрүүлгийг тасалгааны антенн буюу зарим хүмүүсийн хэлдгээр “сэрээ” антеннаар хүлээн авч байгаа үзэгчдийн хувьд л энэ хувиргагч төхөөрөмжийг худалдан авч, холболт хийж телевизийн тоон нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ. Харин та бидний мэддэг АйПиТВ (IPTV) үйлчилгээ үзүүлдэг Юнившн, Скаймедиагийн хэрэглэгчид, малчдын маань ашиглаж байгаа ДДиш-ийн тавган антеннаар хүлээн авч байгаа хэрэглэгчид мөн Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа кабелийн телевизүүдийн хэрэглэгчдийн хувьд энэхүү хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмж (сэт топ бокс)-ийг худалдан авах огт шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл дээр миний хэлсэн кабелийн телевизийн хэрэглэгчид маань бүгд тоон системд шилжчихсэн гэсэн үг. Нэмээд хэлэхэд Улаанбаатар хотын хувьд Сансар кабелийн телевизийн аналог сүлжээнд холбогдсон байгаа хэрэглэгчдийн хувьд тоон технологид шилжих шаардлагатай гэдгийг бас хэлмээр байна.

-Зарим үзэгчдийн хувьд 2014 оны 07 дугаар сарын 31-нд телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлснээр телевизийн нэвтрүүлгээ хүлээн авч үзэх боломжгүй болчихвий гэсэн сэрэмж байгаад байна. Үүнд та хариулаач?

Зарим үзэгчдийн хувьд 07 дугаар сарын 31-нээс телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж байгаатай холбогдуулан хувиргагч төхөөрөмжийг олж авч чадаагүй байтал телевизийн нэвтрүүлгээ үзэх боломжгүй болчих юм шиг санагдсан ташаа ойлголт төрж байгаа байх л даа. Тийм бодолтой байгаа үзэгчиддээ хэлэхэд тийм зүйл огт болохгүй. Та өмнө нь аналог телевизийн нэвтрүүлэг үздэг байсан.

Харин 7 сарын 31-нээс тоон телевизийн өргөн нэвтрүүлэг цацагдаж эхэлснээс хойш хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмж худалдан авч холбосон үед тоон телевизийн нэвтрүүлгээ үзнэ, харин хувиргагч төхөөрөмжөө хараахан худалдан аваагүй тохиолдолд одоо үзэж буй аналог горимоороо телевизийн нэвтрүүлгээ хүлээн авч үзэх бололцоо нь байсаар байна. Гэхдээ телевизийн өргөн нэвтрүүлгийг аналог системээс тоон технологид шилжүүлэх шилжилтийг бидний тооцоолж байгаагаар жил гаруйн хугацаанд багтаан гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгааг үзэгчид маань ойлгож, тоон телевизийн хувиргагч төхөөрөмжөө аль болох эртхэн худалдан авч ашиглахыг уриалж байна.

Долоодугаар сарын 31-нээс тоон телевизийн өргөн нэвтрүүлэг цацагдаж эхэлснээс хойш хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмж худалдан авч холбосон үед тоон телевизийн нэвтрүүлгээ үзнэ, харин хувиргагч төхөөрөмжөө хараахан худалдан аваагүй тохиолдолд одоо үзэж буй аналог горимоороо телевизийн нэвтрүүлгээ хүлээн авч үзэх бололцоо нь байсаар байна.
 


-Үзэгчдийн хувьд хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмжийн худалдан авахдаа юуг анхаарах вэ?

-Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2013 онд энэхүү хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмжийн үндэсний стандартыг боловсруулж батлуулсан байгаа. Мөн манай байгууллага хэрэглэгчдийг хуурамч, дуураймал бүтээгдэхүүн худалдан авахаас сэргийлэх зорилгоор хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмжийг зах зээлд нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнүүдийг сорилт хэмжилт хийж, баталгаажуулан тохирлын гэрчилгээ олгож, бүтээгдэхүүн тус бүрт нь Монгол Улсын стандарт шаардлагыг хангасныг нотолсон наалт нааж байгаа юм.

Тиймээс үзэгч, хэрэглэгчид маань аливаа бараа бүтээгдэхүүнийг худалдан авахдаа хаана, хэзээ үйлдвэрлэсэн, хугацаа нь дууссан эсэхийг шалгадагтай адилаар тоон телевизийн хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмжийг Монгол Улсад ашиглаж болох эсэхийг баталгаажуулсан эсэхийг нь сайтар нягтлан шалган үзэж авах хэрэгтэй гэж зөвлөж байна. Мөн тоон телевизийн хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмжийг зах зээлд нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүд маань ч гэсэн Харилцаа холбооны зохицуулах хороогоор баталгаажилт хийлгэх шаардлагатай гэдгийг анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

-Энэхүү хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмжийг зах зээлд хэн хэрхэн нийлүүлэх вэ? Хаанаас худалдан авах бололцоотой вэ? Ямар үнээр борлуулагдах вэ?

-Хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмжийг зах зээлд нийлүүлэх сонирхолтой ямар ч хуулийн этгээд импортлон оруулж ирж болно, мөн үйлдвэрлэж ч болно. Гагцхүү Монгол Улсын стандарт шаардлагыг хангасан байх ёстой, дээрээс нь тэрийгээ нотлож баталгаажилт хийлгэж тохирлын гэрчилгээ авсан байх ёстой. Түүнээс ямар нэгэн сонгон шалгаруулалт, тендерээр нийлүүлэгчийг тодруулахгүй.

Борлуулах үнэ болон хэзээнээс борлуулж эхлэх талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар манай байгууллага хамтран энэ оны 6 дугаар сарын сүүлээр тоон телевизийн хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмжийг зах зээлд нийлүүлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг урьж, уулзалт хийж, хэрхэн нийлүүлэх, ямар стандарт шаардлага тавигдаж байгаа тухай, хэрхэн баталгаажилт хийгдэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн.

Өнөөдрийн байдлаар Харилцаа холбооны зохицуулах хороонд 3 аж ахуйн нэгжээс бүтээгдэхүүндээ баталгаажуулалт хийлгүүлэхээр хандаад байна. Баталгаажилт хийгдсэний дараа борлуулагчид маань хаана, ямар байршлаар борлуулах талаар илүү мэдээллийг өгнө.

Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмжийн нийлүүлэлтэд төр оролцохгүй, энэ нь чөлөөт өрсөлдөөн зах зээлийн зарчмаар явагдана. Бидний зүгээс гагцхүү эрхзүйн зохицуулалт, хэрэглэгчийн эрх ашиг талаас нь оролцоно. Хэрэглэгчдэд энэ бол стандарт шаардлага хангасан гэсэн баталгаажилтыг нь хийж өгнө гэсэн үг. Харин үнийн хувьд судалгаагаар ч тэр, нийлүүлэгчдийн урьдчилан танилцуулж байгаагаар ч тэр 35000 төгрөгөөс дээш байхаар байна.

-Хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмж гэж юу вэ? Зурагтандаа яаж холбох заавар зөвлөгөө бий юу?

-Өнөөдөр бидний хэрэглэж буй зурагтууд нь бүгд телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги сигналыг зөвхөн дотор, гадна байрласан антенны тусламжтайгаар хүлээн авч байгаа юм. Харин хэрэлгэгчийн хувиргагч төхөөрөмж гэдэг нь агаарт цацагдсан телевизийн өргөн нэвтрүүлгийн DVB-T2 стандартын тоон сигналыг тасалгааны антенны тусламжтайгаар хүлээн авч таны зурагт руу хөрвүүлэлт хийж дамжуулж буй нэмэлт төхөөрөмж юм. Хувиргалт хийгдсэнээр үндсэн тоон сигналын маань чанар муудах ёсгүй. Үүнд л манай мэргэжлийн байгууллага анхаарал хандуулж сорилт туршилт хийж, баталгаажуулах үүрэгтэй байгаа юм.

Хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмж нь манай улсын үндэсний стандарт шаардлагыг хангаж байвал аль ч оронд үйлдвэрлэгдсэн бай мөн үндэсний үйлдвэрлэгчид ч үйлдвэрлэсэн бай ашиглах бололцоотой юм. Нийлүүлэгчдэд тавьж буй өөр нэг шаардлага бол төхөөрөмж бүрийн хэрэглэгчийн гарын авлага, холбох зарчим зэргийг заавал Монгол, англи хэлээр бэлтгэсэн байх шаардлага тавьж байгаа. Хэрэв хэрэглэгчийн төхөөрөмжөө холбох болон сигналын чанартай холбоотой асуудал гарвал тоон телевизийн хэрэглэгчийн төвийн 18006, 77003111, 97074040, 99900362 утсанд холбогдож заавар зөвлөгөө авч болно.

ХЭРЭГЛЭГЧДИЙН ТҮГЭЭМЭЛ ТАВИГДАХ АСУУЛТУУД

  • Тоон системд шилжсэний дараа шинэ антенн авах шаардлагатай юу?
    Телевизийн өргөн нэвтрүүлэг тоон системд шилжсэний дараа та шинэ антенн авах шаардлагагүй ба хуучин ашиглаж байсан антенн дээрээ хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийг нэмж суурилуулах шаардлагатай.
  • Тоон системд шилжсэнээр ямар төрлийн антенн ашиглах вэ?
    Иргэдийн дунд тоон системд шилжихтэй холбоотойгоор үүсч буй ташаа ойлголтуудын нэг бол хуучин антенн болон зурагтаа солих тухай асуудал байдаг. Телевизийн өргөн нэвтрүүлэг тоон системд шилжсэнээр иргэд хуучин төхөөрөмжүүдээ солих шаардлагагүй ба нэмэлт төхөөрөмж авч суурилуулахад болох юм. Доорх зурагт тоон телевизийн үйлчилгээг хүлээн авах хоёр төхөөрөмжийг харууллаа.
  • Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хэрхэн үзэх вэ?
    Иргэд тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг дараах 2 аргын аль нэгийг ашиглан хүлээн авч үзэх боломжтой.
  • 1-р сонголт: Тоон телевизийн үйлчилгээг хэрэглэгч зориулалтын DVB-T2 тюнертэй зурагтаар хуучин антеннаа ашиглан үзнэ.
  • 2-р сонголт: Хэрэглэгч хуучин зурагтаа солилгүйгээр нэмэлт СЭТ ТОП БОКС (хэрэглэгчийн хувиргагчтөхөөрөмж)-ийн тусламжтай тоон телевизийн үйлчилгээг авах боломжтой.
  • Хэрэв би аналоги телевизортой бол тоон өргөн нэвтрүүлгийг яаж үзэх вэ?
    Хуучин телевиз нь тоон өгөдлийг хүлээн авах боломжгүй тул хувиргагч төхөөрөмж буюу Set Top Box-ийг ашиглан тоон өргөн нэвтрүүлгийг үзэх боломжтой
  • Хэрэв телевиз худалдан авбал ямар төрлийн телевиз худалдан авах хэрэгтэй вэ?
    DVB-T2 стандартын хүлээн авах төхөөрөмжтэй телевизүүдийг худалдан авбал тоон нэвтрүүлгийг шууд хүлээн авах боломжтой. Хэрэв та DVB-T2 стандартын хүлээн авах төхөөрөмжгүй зурагт худалдан авсан бол СЭТ ТОП БОКС (хэрэглэгчийн хувиргагчтөхөөрөмж)-ийг нэмэлтээр телевизортоо залган тоон нэвтрүүлгийг үзэх боломжтой.
  • Тоон системд шилжсэний дараа кабелийн телевизийн болон ДДэш-ийн хэрэглэгчид яах вэ?
    Монгол Улсын телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлнэ гэдэг нь зөвхөн эфирийн телевизийн хэрэглэгчид буюу телевизортоо антенн залган үнэ төлбөргүй дамжуулдаг телевизийн нэвтрүүлгийг үздэг хэрэглэгчид хамаатай асуудал юм. Харин кабелийн телевизийн болон ДДэш-ийн хэрэглэгчийн хувьд тоон технологид шилжсэний дараа ямар нэг өөрчлөлт гарахгүй юм.

 

  • СЭТ ТОП БОКС гэж юу вэ?
    СЭТ ТОП БОКС гэдэг нь агаарт тархаж байгаа тоон телевизийн сигналыг антенны тусламжтай хүлээн авч, хувиргалт хийн аналог телевизорын гаралтанд гаргаж байгаа хувиргах төхөөрөмжийг хэлнэ.

ЗӨВЛӨМЖ

Монгол Улсын телевизийн өргөн нэвтрүүлэг 2014 оны 7-р сарын 31-нд тоон системд шилжсэний дараа аналоги станцыг шууд унтраахгүй ба 1 жил 6 сарын хугацаанд аналоги болон тоон нэвтрүүлэг зэрэг дамжигдана.

Олон нийтэд худалдаалагдах DVB-T2 стандартын телевизор болон СЭТ ТОП БОКС (хэрэглэгчийн хувьргагч төхөөрөмж) нь Харилцаа холбооны зохицуулах хороогоор баталгаажсан сертификаттай байх ёстой. Тиймээс хэрэглэгч та шинэ телевизор болон СЭТ ТОП БОКС (хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмж)-ийг худалдан авах гэж байгаа бол тэрхүү сертификатыг шалгаж үзсэний дараа төхөөрөмжөө худалдан авахыг зөвлөж байна.

Баталгаажуулалтын сертификатгүй төхөөрөмж нь тоон системд шилжсэний дараа ажиллахгүй байх магадлалтай болохыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: www.ikon.mn