Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны бүсийн семинарын тайлан...
Харилцаа холбооны зохицуулах хорооны бүсийн семинарын тайлан мэдээ
2014-07-30
Харилцаа холбооны зохицуулах хорооны бүсийн семинарын тайлан мэдээ Харилцаа холбооны зохицуулах хорооны бүсийн семинарын тайлан мэдээ

Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын өнөөгийн хөгжил, бодлого, зохицуулалтын асуудлуудын чиглэлээр төлөвлөсөн бүсийн сургалт, семинар “Харилцаа холбооны зохицуулалт, хөгжлийн чиг хандлага-2014” сэдвээр Баруун бүсийн тулгуур төв-Ховд аймгийн Ховд хотноо 2014 оны 7 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Бүсийн семинар, сургалтанд Монгол Улсын баруун бүсийн Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт болон орон даяар мэдээлэл, шуудан, харилцаа холбооны үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн нийт 90 гаруй зочид, төлөөлөл өргөнөөр оролцож салбарын зохицуулалтын чиг хандлага болон энэ онд хийгдэж буй зохицуулалтууд, технологийн хөгжил дэвшил,   тэдгээрийг нэвтрүүлэхтэй холбоотой судалгаа шинжилгээний дүн, баруун бүсийн аймгуудад мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдийн дунд хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын дүн зэрэг олон  асуудлуудыг хамтран хэлэлцэж төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу явагдав.

Сургалт семинараар 2013-2014 онуудад мэдээлэл харилцаа холбооны салбарт хийсэн зохицуулалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа,тэдгээртэй холбоотой журам, нөхцөл шаардлагуудын шинэчлэлтийг нэгтгэн тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэд байгууллагад хүргэж ажиллав.

Мөн Монгол Улсад орон даяар телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системээр дамжуулж эхлэх, аналогиос тоон систем рүү шилжихтэй холбоотой ажлын явцыг дэлгэрэнгүй танилцуулж  мэргэжил, арга зүйн зөвлөмжийг өглөө.

Орон нутагт радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг бэлтгэх, хүргэх талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн салбарын мэргэшсэн сэтгүүлч судлаачдын зөвлөмж бүхий гарын авлага, ном товхимлоор дамжуулан хүргэлээ.

Семинараар радио, телевизийн студийн дизайн, тоног төхөөрөмжийн сонголт,  төлөвлөлтийг хийх чиглэлээр салбарын тэргүүлэх инженер, Юнайтэд медиа групп ХХК-ийн   мэргэжилтэн Ц.Энхбаяр мэргэжлийн зөвлөгөө өгөв.

Харилцаа холбооны Зохицуулах хорооноос  Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт мэдээлэл, шуудан, харилцаа холбооны үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайланг танилцуулж, бүс нутагт үйл ажиллагаа явуулж тусгай зөвшөөрлийн гэрээний үүргээ биелүүлэн ажиллаж буй Увс аймгийн Сама ХХК-ийн “Сама телевиз”, Мөнхтайхар  баясах ХХК-ийн “Хархираа цуурай-103.3” радио, Ховд аймгийн Хаан Алтай Ховд ХХК-ийн “Хаан Алтай” кабелийн телевиз, Некст дэвшил ХХК-ийн “Олон ястны телевиз”-ийг  “ШИЛДЭГ”-ээр өргөмжлөв.

Ховд аймагт мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж  Харилцаа холбооны зохицуулалт, хөгжлийн чиг хандлага-2014” сэдэвт бүсийн семинарыг амжилттай зохион байгуулахад туслалцаа үзүүлж тус аймгийн Засаг Дарга Д.Цэвээнравдан, удирдлага, нутгийн өөрөө удирдах байгууллага- Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус хороо гүн талархлаа илэрхийлж байна.