Харилцаа холбооны зохицуулах хорооны албан шаардлагаар Америкийн Нэгдсэн Улсаас илгээх шуудангийн илгээлтийн үнийг нэмсэн гэх худал мэдээллийг сүүлийн үед олон нийтийн мэдээллийн цахим сүлжээгээр дамжуулан цацах боллоо. Үүнтэй холбогдуулан дараах тайлбарыг хүргүүлж байна.
Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэгчид нь 2012 оноос агаарын шуудангийн илгээлтийг хэрэглэгчдээс карго үйлчилгээний үнээр авдаг, хэрэглэгчдээс хүлээн авсан шуудангийн илгээлтийг олон хоногоор явуулахгүй саатуулан хураах, илгээлт алга болгох зэрэг хэрэглэгчдийн эрх ашгийг хохироосон зөрчлүүд байнга гаргах болсон.
Үүний гол шалтгаан нь агаарын тээврийн компаниудаас улс хоорондын илгээлтийн үйлчилгээ эрхлэгч нарт ачааны жин өсөх тусам тээврийн зардлыг бууруулах санал тавьдагтай холбоотой бөгөөд энэ нь “Монгол Улсын Шуудангийн тухай” хуулийн 20 дугаар зүйлд заасан шуудангийн хүргэлтийн хяналтын хугацааг ноцтой зөрчих нөхцлийг бий болгож хэрэглэгчдээс олон тооны санал гомдол ирэх болсон.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохион байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн уулзалтаар Америкийн Нэгдсэн Улсын чиглэлд үйлчилгээ эрхлэгч Инфотек ХХК,Ти Эс Ий ХХК, Гэгээн чандмань ХХК, Аймон интернэшнл ХХК, Нано Ертөнц ХХК, Англофрэйт ХХК, Долоон ган ХХК, Сакура мандал ХХК-уудын Америкийн Нэгдсэн Улсаас илгээх шуудангийн илгээлтийн үнийн доод хязгаарыг тогтоож өгөх хүсэлтийн дагуу тооцоо, судалгаа хийсний үндсэн дээр Хорооны хурлын 2012 оны 08 дугаар сарын 28ны өдрийн 50 тоот тогтоолоор үйлчилгээний үнийн доод хязгаарыг баталсан юм.
Иймд шуудангийн үйлчилгээний үнэ нэмэх болон өөрчлөлт оруулах саналыг Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс бус улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэгч нарын зүгээс “Монгол улсын шуудангийн тухай” хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу холбогдох саналаа гаргадаг болохыг албан ёсоор мэдэгдэж байна
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО