Олон улсын Цахилгаан холбооны байгууллагаас (ITU) жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн Зохицуулагчдын Чуулган” /Global Symposium for Regulators /GSR/ нь Бахрайны Хаант улсын Манама хотод 2014 оны 6 дугаар сарын 3-5-ны хооронд “Capitalizing on the Potential of the Digital World” буюу “Тоон технологийн ертөнцөд гарч буй боломж нөхцлүүдээс үр ашиг хүртэх нь” гэсэн сэдвийн хүрээнд Бахрайны хаант улсын Өргөмжлөлт Хунтайж эрхэмсэг ноён, Бахрайн улсын Ерөнхий сайд Калифа Бин Салман Ал- Калифагийн ивээл дор амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Дэлхийн Зохицуулагчдын чуулган нь мэдээлэл, харилцаа холбооны салбарын зохицуулагчдын хувьд дэлхийн хэмжээний томоохон арга хэмжээ болдгоороо онцлог бөгөөд энэ удаагийн чуулганд дэлхийн улс орнуудын мэдээлэл, харилцаа холбооны зохицуулах байгууллага болон бодлого боловсруулагчид, салбарт тэргүүлэгч компаниудыг төлөөлсөн 650 гаруй дээд хэмжээний зочид, төлөөлөгчид оролцсон бөгөөд тус хорооноос Зохицуулалтын албаны мэргэжилтэн Н. Тогтохсүрэн, ЭЗМЗА-ны мэргэжилтэн Т. Ууганбат нар оролцоод ирлээ.
Дэлхийн Зохицуулагчдын Чуулган-2014 нь улам бүр тэлэн хөгжиж байгаа тоон технологийн орчинд бодлого боловсруулагчид, зохицуулагчдийн өмнө тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, асуудал, боломжуудын талаар дараах сэдвийн хүрээнд хэлэлцэж, оролцогчид харилцан санал солилцож, туршлагаасаа хуваалцлаа.
Чуулганаар хэлэлцсэн сэдэв (тайлан, хэлэлцүүлэг):
- Цахим ертөнцөд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал/ Consumer protection in the online world
- Хурдацтай хувьсан хөгжиж байгаа мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт өрсөлдөөнийг хэрхэн дэмжин хөгжүүлэх /Why Competition Matters and How to Foster it in the Dynamic ICS Sector /
- Их хэмжээний дата, энэ нь боломж уу, аюул уу, үүнтэй холбоотой зохицуулалт, / Big Data- Opportunity or Threat? /
- Радио долгионы тусгай зөвшөөрлийг эргэн харах цаг болсон уу? Радио долгионы өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлага, радио долгионыг хамтран ашиглах боломжийг бүрдүүлэх, үүнтэй уялдсан бодлого зохицуулалтын арга хэмжээ / New Frontiers in Spectrum Licensing /
- МХТ-ийн бизнес загварт дата-ийн нөлөө- /The Impact of Data on ICT Business Models /
- Зохицуулалтын арга хэмжээний нөлөөлөлд судалгаа, үнэлгээ хийх замаар МХТ-ийн салбар дахь шийдвэр гаргалтыг сайжруулах /Using RIA to improve decision making in the ICT Sector /
- Өргөн зурвасын сүлжээний стратеги, төлөвлөлтийн хэрэгжилтэнд тавих хяналт / Monitoring the Implementation of Broadband Plans and Strategies/
Чуулганд оролцогчид дээрх сэдэв тус бүрээр илтгэл тавьж, улс орнуудын туршлагаас жишээ авч, хэлэлцүүлэг өрнүүлж байсан нь хувьсан өөрчлөгчдөж буй цахим ертөнцөд зохицуулах байгууллагуудын өмнө тулгарч байгаа олон асуудлуудын талаар нэгдсэн ойлголтыг өгч, зохицуулалтын шилдэг туршлагад тулгуурласан удирдамжийг тодорхойлон гаргаж, энэхүү удирдамжийг дэмжиж байгаагаа улс орнуудын зохицуулах байгууллагуудад хандаж уриалснаараа ач холбогдолтой байлаа.
Энэ жилийн хэлэлцүүлгийн гол сэдэв цахим ертөнц дэх хэрэглэгчийн эрхийг хамгаалах, үүнтэй холбоотой бодлого, зохицуулалтыг шинэ шатанд гаргах асуудлыг хэлэлцэхэд чиглэгдэж байв. Түүнчлэн зохицуулах байгууллагууд дээрх асуудалтай уялдсан хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах эрх мэдэлтэй байх, өөрийн үүрэг функц, бүтэц зохион байгуулалтыг эргэн харах шаардлага тулгарч байгаа төдийгүй үндэсний болон олон улсын түвшинд зохицуулалтын хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцлон тэмдэглэж байлаа.
Чуулганы илтгэгч, удирдагчдаас дурьдвал: АНУ-ын Холбооны Харилцаа холбооны зохицуулах хорооны / FCC/ гишүүн х. Jessica Rosenworcel, Солонгос улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны ( KCC) гишүүн н. Kijoo Lee, Facebook-ийн Англи, Ойрх дорнод, Африк улсуудыг хариуцсан бодлогын асуудал эрхэлсэн захирал н. Simon Milner, Google-ийн бодлогын газрын дарга н Khaled Koubaa, Швейцари улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны ерөнхий захирал н.Philipp Metzger, “AJH Харилцаа холбоо” олон улсын зөвлөх компаний захирал н. Andy Hair/ Монгол улсын ХХЗХ-нд харилцаа холбооны тусгай зөвшөөрлийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр зөвлөмж өгч байсан/ ,Польш улсын Харилцаа холбооны байгууллагын ерөнхийлөгч Магделина Гаж, Microsoft-ийн Олон улсын технологийн бодлогын асуудал хариуцсан н. Жим Бевериж гм.
Тус хороо нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагын гишүүны хувьд Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог бөгөөд энэ удаа чуулганд оролцохдоо Ази Номхон Далайн орнуудын цахилгаан холбооны байгууллагын дарга н. Sameer Sharma-тай тусгайлан уулзаж, харилцан санал солилцсоноос гадна хэлэлцсэн сэдэв тус бүрээр чуулганаас гарсан тайлан, улс орнуудын зохицуулалтын туршлага, зөвлөмжтэй дэлгэрэнгүй танилцаж, зарим зохицуулах байгууллагын төлөөлөгчтэй харилцан туршлагаасаа солилцож, чуулганы тайлан, хэлэлцүүлгийн материалыг судалж, цаашдын зохицуулалтын үйл ажиллагаандаа анхаарч үзэхээр авчирлаа.
Зохицуулалтын журам боловсруулж, зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхдээ Дэлхийн Зохицуулалтын Чуулганаар хэлэлцсэн асуудал, гарсан зөвлөмж, удирдамжийг анхаарч үзэн, өөрийн орны онцлог нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх нь тус чуулганд оролцсоны ач холбогдол юм.