Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит бус 6 дугаар хуралдааны мэдээлэл
2021-11-18
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит бус 6 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны  2021 оны ээлжит бус 6 дугаар хуралдааны  мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит бус 6 дугаар хуралдааныг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр холимог (биет болон цахим) хэлбэрээр зохион байгуулав.  

 

Зохицуулах хорооны 2021 оны ээлжит бус 6 дугаар хуралдаанаар Цахим орчин дах нийгмийн сүлжээний зохицуулалтын олон улсын судалгааны тайлан, танилцуулга; “Харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх зохицуулалтын журам”-ын төслийн тухай; "Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх, зах зээлийн хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх журам"-ын төслийн тухай; “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм”-ийн төслийн танилцуулга; Байгууллагын 2021 оны эд хөрөнгийн тооллогын ажлын хэсгийн тайлан, эд хөрөнгийн дахин үнэлгээ, акталж данснаас хасах тухай; Тусгай зөвшөөрлийн тухай (Тусгай зөвшөөрөл олгох тухай, өөрчлөлт оруулах тухай) зэрэг 6 асуудлыг хэлэлцэн хорооны хуралдааны 5 тогтоолыг баталж, 1 хуралдааны тэмдэглэлээр холбогдох бүтцийн нэгжийн газар, хэлтэст хугацаатай үүрэг, удирдамж чиглэл болгов. 

Тус хорооноос олон улсын нийгмийн сүлжээний аппликэйшнуудын хууль эрх зүйн орчин, зохицуулалтын туршлага судлах, манай орны  онцлогт тохирсон зохицуулалтын бодлого, хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулах зорилготойгоор олон улсад нийгмийн сүлжээн дэх контентийн зохицуулалтыг хэрхэн хангаж байгаа, түүнтэй холбоотой маргаан дээр дүн шинжилгээ хийж, зохицуулалтын чиглэлээр санал зөвлөмж боловсруулах судалгааг гүйцэтгэсэн болно. Хорооны хуралдаанд уг судалгааны тайлан, нийгмийн сүлжээний зохицуулалт дах гадаад улс орны тэргүүн туршлага, бүтэц зохион байгуулалт, зохицуулалтын арга механизмын харьцуулалт, судалгааны гол үр дүн, Монгол улсад дээрх чиглэлээр хийх зохицуулалтын арга хэмжээ, санал зөвлөмжийн талаар танилцуулгыг хэлэлцээд, судалгааны үр дүнг сурталчилах, зохицуулалтын арга хэмжээ, санал дүгнэлтийг хэрэгжүүлэхэд ажлын төлөвлөгөө батлуулан ажиллах, нийгмийн сүлжээн дэх контентийн зохицуулалтаар холбогдох хууль тогтоох, ХЗДХЯ, ХНХЯ, яамдууд, ХХМТГ, эрх байгууллагууд, ТББ, хуулийн этгээд нартай хамтран ажиллах нь зүйтэй гэж тогтов. Судалгааны үр дүнгээс тоймлон үзэхэд, олон нийт, үндэсний аюулгүй байдлын хүчин зүйлээс гадна, хүний үндсэн эрх үг хэлэх, мэдээлэл олж авах эрх чөлөөг хөндөлгүй цахим контентийн зохицуулалтыг хийх арга замыг эрэлхийлэх шаардлага байсаар байна. Улсын үндэсний болон олон нийтийн эрх ашгийг дээдлэх, өөрийн хэл дээрх контентийг дэмжих бодлогыг баримтлан, бусад улс орнуудад амжилттай хэрэгжсэн зохицуулалтын механизмыг нь өөрийн орны нөхцөлд хэр оновчтой болохыг бодолцож зохицуулалтыг хэрэгжүүлэх нь чухал болжээ. Цахим орчин дах контент зохицуулалтын хүрээнд дараах контентэд илүү анхаарч холбогдох хууль, болон зохицуулалтын баримт бичгийн хүрээнд зохицуулдаг хандлага олон улсад байна. Үүнд: Хүүхэд хамгаалал, хүүхдийн порнограф; Худал мэдээ мэдээлэл; Терроризм; Оюуны өмчтэй холбоотой контентууд зэрэг болно. Манай орны хувьд эдгээр контентуудад холбогдох хуулийн дагуу зохицуулалт хийж байгаа хэдий ч цахим орчинд зохицуулалт хийх тусгайлсан хууль байхгүй байна.

Зохицуулах хорооны 2021 оны ээлжит 6 дугаар хуралдаанаар УИХ-аас Харилцаа холбооны тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулан 2019 онд соёрхон баталсан (9.1.6 дугаар заалт: “Харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих”) бөгөөд энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх журам”-ын төслийг хэлэлцээд, хорооны гишүүдээс энэхүү журмын төслийн агуулга, зорилгыг тодорхой болгох, багцлах, логик дарааллыг нягтлах, зохицуулалтын үндсэн зарчим, арга зарчмууд, олон улсын өрсөлдөөний байдал практик туршлага, жишээн дээр танилцуулга, өгсөн удирдамж, чиглэлийг тусган журмыг дахин боловсруулж, 2021 оны 9 дүгээр сард хорооны хуралдаанд хэлэлцүүлэхийг ажлын хэсэг, холбогдох бүтцийн нэгжийн дарга нарт даалгасан билээ. Энэхүү үүргийн хэрэгжүүлэх хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит бус 6 дугаар хуралдаанаар Зохицуулах хорооны Зах зээл, үнэ тарифийн үнэлгээ, судалгааны газраас нэгтгэн журмын төсөл, танилцуулга, үндэслэл судалгаа, тогтоолын төсөл, холбогдох байгууллагаас ирүүлсэн саналын товчоо зэрэг материалыг авч хэлэлцэн шийдвэрлэв. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь хэсэг, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 2.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 57 тоот “Харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх журам батлах тухай” тогтоолыг баталсан. Энэхүү журам батлагдснаар харилцаа холбооны зах зээлийн өрсөлдөөний орчныг боловсронгуй болгож, цаашид цахим шилжилт, мэдээллийн нууцлалт, аюулгүй байдлыг хангах, мэдээллийн дэд бүтцийг боловсронгуй болгох зэрэг шинэ төрлийн үйлчилгээнд хөрөнгө оруулалтыг татах, эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах,  шинэлэг бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан иргэдийн эрэлт, хэрэгцээг хангасан шинэ төрлийн хэрэглээ, үйлчилгээг нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна. ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд хянуулан бүртгүүлэхээр ХХЗХ-ны Даргын 2021 оны 01/1989 албан /2021-11-08/ тоотоор хүргүүлж, ХЗДХЯ-ны шийдвэрийн улсын бүртгэлийн 5554 дугаарт 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бүртгүүлэн баталгаажуулсан. 

УИХ-аас Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг баталж, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалтад “Өргөн нэвтрүүлгийг хараат бус, нээлттэй, ёс зүйтэй байлгах зорилгоор өргөн нэвтрүүлгийн эзэмшлийг ил тод байлгана”, 19.4-т “Зохицуулах хороо энэ хуулийн 19.2, 19.3-т заасан мэдээлэлтэй танилцаад өргөн нэвтрүүлгийн салбарт шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлийн хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэхэд чиглэсэн шаардлагатай арга хэмжээг энэ хуулийн 18.2-т заасан журмын дагуу авч хэрэгжүүлнэ”, 18 дугаар зүйлийн 18.2-т “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлийн хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх журмыг Зохицуулах хороо батална”, 30 дугаар зүйлд ХХЗХ-ны эрх үүрэг хэсгийн 30.1.2-т “өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийг олон нийтэд ил тод мэдээлэх, хэт төвлөрөл бий болохоос сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх”, 30.1.3-т “өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж, жил бүр үнэлэлт, дүгнэлт гаргах” тухай тус тус заасан болно. Хорооны 2021 оны ээлжит бус 6 дугаар хуралдаанд хуульд заасан дээрх үндэслэлийг баримтлан тус хорооны ӨНЗГ-аас “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх, зах зээлийн хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх журам”-ын төсөл (журмын төсөл, зөвлөх үйлчилгээ, судалгааны үр дүнг Хорооны 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хуралдаанд тус тус танилцуулж, журмын төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэх, оролцогч талууд, гишүүдийн авч саналыг  тусган 2021 оны 9 дүгээр сард хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болгосон), зөвлөх үйлчилгээний төслийн санал зөвлөмж, судалгааны үр дүн, холбогдох танилцуулга, эрх ашиг нь хөндөгдөж байгаа хуулийн этгээд, ТББ-аас ирүүлсэн санал, уулзалт хэлэлцүүлгийн мэдээлэл, тогтоолын төслийг тус тус боловсруулан хэлэлцүүлсэн. Тус хуралдаанаас Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дах хэсэг, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 2.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлийн хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх журам батлах тухай” 58 дугаар тогтоолыг хавсралт журмын хамт батлан шийдвэрлэв. Энэхүү журмын үндсэн зорилго нь өргөн нэвтрүүлгийн салбарт хараат бус, нээлттэй, ёс зүйтэй байдлыг хангах, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлийн хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэхэд оршиж байна. Баталсан энэхүү тогтоол, хавсралт журмын хамт ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд хянуулан бүртгүүлэхээр хүргүүлээд байна.

Зохицуулах хорооны 2021 оны ээлжит 3 дугаар хуралдаан /2021-03-05/-аар "Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм"-ийн төсөл, анхны танилцуулгыг хэлэлцээд, дүрмийн төсөлд ашиг сонирхол нь хөндөгдсөн хуулийн этгээд, оролцогч талуудын саналыг авах, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, гишүүдийн авч саналыг  тусган боловсруулж, 2021 оны 3 дугаар улиралд багтаан хуралдаанд хэлэлцүүлэхийг ӨНЗГ-т үүрэг болгосон. Энэхүү дүрмийн  зорилго  нь  Өргөн нэвтрүүлгийн  тухай  хуулийн  27  дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт заасан бэлтгэн дамжуулахыг хориглосон хөтөлбөр болон хүүхдийг зохисгүй агуулгаас  хамгаалахад чиглэсэн агуулгын хэм хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нарийвчлан тодорхойлох,  хэрэгжилтэд хяналт тавих зохицуулалтыг багтаасан болно. Дээрх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, эрх бүхий байгууллага, ТББ, эрх бүхий байгууллага болон цахимаар ирүүлсэн саналын товчоо, санал зөвлөмжийг дүрмийн төсөлд оруулан боловсруулсан хувилбар, танилцуулгыг авч хэлэлцээд, хуралдааны үеэр дарга, гишүүдээс гарсан санал, дүгнэлтийг тусгах, дүрмийг хэрэгжүүлэх бүтцийн механизм бүрдүүлэх шийдэл, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эрх бүхий байгууллага, яамдууд, ТББ-тай хамтран ажиллах зэрэг асуудлыг харгалзан "Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм"-ийн төслийг эцэслэн боловсруулж 2021 оны 4 дүгээр улиралд багтаан хорооны хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг ӨНЗГ-т үүрэг болгов. 

Хорооны даргын 2021 оны А/92 тоот тушаалаар тооллогын ажлын хэсэг байгуулж, хорооны балансд бүртгэлтэй үндсэн хөрөнгөнд тооллого, шалгалтыг гүйцэтгэсэн болно. Түүнчлэн хорооны даргын 2021 оны А/146 тоот тушаалын хавсралтаар техникийн комиссын ажиллах журам, комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж ажлын хэсэг ажилласан. Хорооны 2021 оны ээлжит бус 6 дугаар хуралдаанд ажлын хэсгээс “Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасч, актлах, дахин үнэлэх тухай” тогтоолын төсөл, тогтоолын хавсралт болох байгууллагын балансд бүртгэлтэй, ашиглалтын хугацаа дууссан, элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн, хөрөнгөнд хэвийн ажиллагаа бүрэн бүтэн байдалд шалгалт хийж ашиглах боломжгүй болсон, эвдэрч хэмхэрсэн, өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглахад хүндрэлтэй болсон үндсэн хөрөнгийн жагсаалтын төслийг тус тус боловсруулан хэлэлцүүлэв. Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 271 дүгээр тогтоолын хавсралтаар шинэчлэн батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”, Харилцаа холбооны зохицуулах хорооны Өмч хамгаалах байнгын комиссын 2021 оны 1, 2 дугаар хурлын шийдвэр, 2021 оны хагас жилийн эд хөрөнгийг тооллогын ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тус тус үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасч, актлах, дахин үнэлэх тухай” 59 дүгээр тогтоолыг батлав. Тогтоолын нийт 8 хавсралтаар ашиглалтын хугацаа дууссан, хэвийн үйл ажиллагаанд ашиглах боломжгүй болсон тавилга эд хогшлыг; программ хангамжийг үндсэн хөрөнгөөс хасч актлах, устгах саналыг; машин тоног төхөөрөмжийг; элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн, ашиглалтын хугацаа дууссан ч цаашид хэвийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой тавилга эд хогшлыг; программ хангамжийг дахин үнэлж, шинэчлэн тогтоох асуудлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тавьж шийдвэрлүүлэхээр тогтов.

ХХЗХ-ны 2021 оны ээлжит бус 6 дугаар хуралдаанд “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай” холбогдох газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээний дүгнэлт бүхий 2 тогтоолын төслийг хавсралтын хамт тус тус хэлэлцэж, энэхүү хуралдаанаас 2 тогтоолыг хавсралтын хамт баталсан. Үүнд:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 60 тоот тогтоолын хавсралтаар 12 хуулийн этгээдэд 13 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
  • Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дах заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1.3 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 61 тоот тогтоолоор 1 тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг http://www.crc.gov.mn/main.php?cid=1&do=70&did=0 үзнэ үү).

 

Харилцаа холбооны зохицуулах хороо
2021-10-05