2021.09.21
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас шуудангийн үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдсон шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч “Монгол шуудан” ХК-ийн дотоод шуудангийн үйлчилгээний үнэ тарифыг холбогдох хуулийн хүрээнд буюу Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.5 болон Шуудангийн тухай хуулийн 18.2-д заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 8 дугаар хуралдааны 51 тоот тогтоолоор шинэчлэн тогтоолоо.
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 55 тоот тогтоолоор тогтоосон үнэ тарифыг өнөөдрийг хүртэл мөрдөн ажиллаж байсныг 2022 оны 01 дүгээр сараас эхлэн шинэчилсэн тарифаар үйлчилгээ үзүүлж эхлэхийг тус компанид үүрэг болгосон байна.
Дотоод шуудангийн үнэ тарифт өөрчлөлт орсоноор дараах боломж, үр дүнд хүрэх юм. Үүнд:
- Тариф тооцох жингийн шатлалд үндсэн өөрчлөлт оруулснаар дотоод шуудангийн хүргэлт үйлчилгээний зах зээлд өрсөлдөөний таатай орчин бүрдэж, шуудангаар үйлчлүүлэгчид хямд, шуурхай үйлчилгээ авах,
- Дотоод шуудангийн тээвэр, логистик үйлчилгээний зах зээлийг өргөжүүлэх, дайвар ачаа тээврийг хязгаарлах замаар шуудан тээврийн аюулгүй, баталгаатай байдлыг хангах,
- Шуудангийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчид шуудангийн үндсэн сүлжээнд холбогдох, харилцан холбогдож хүргэлт тээврийн зардлаа хэмнэх зэрэг боломжууд бий болно.
ЗАХ ЗЭЭЛ, ҮНЭ ТАРИФЫН ҮНЭЛГЭЭ СУДАЛГААНЫ ГАЗАР