Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Иргэдийн өдөр тутмын салшгүй хэрэглээний нэг болсон харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нэгэн зууны түүхэнд хэрхэн хөгжсөн, өдгөө олон нийтэд ямар түвшний үйлчилгээ үзүүлж байгаа талаар Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга А.Лувсан-Очиртой ярилцлаа.
-Манай улсад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжөөд 100 жилийн хугацаа өнгөрлөө. Урт хугацааны энэхүү түүхийн 25 жилд нь Харилцаа холбооны зохицуулах хороо үйл ажиллагаа явуулж, олон нийтэд үйлчилгээ үзүүлсэн байна. Энэ хугацаанд ХХЗХ ямар чиг үүргээр ажиллав, олон нийтэд өдгөө хэрхэн үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Ярилцлагын зочноор урьсанд баярлалаа. Танай сониноор дамжуулан нийт уншигчдадаа Монголын тулгар төр байгуулагдсаны 2230, Ардын хувьсгалын 100 жилийн ой, мөн нийт холбоочдодоо орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн мэнд дэвшүүлье. 1995 онд батлагдсан Харилцаа холбооны тухай хуулийн дагуу анх Харилцаа холбооны зохицуулах зөвлөл байгуулсан нь өнөөгийн ХХЗХ-ны үндэс суурь болсон. Улмаар хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аас 2001 онд баталсан. Үүний дараа буюу 2002 онд зөвлөлийг ХХЗХ болгон өргөжүүлж, илүү өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах болсон. ХХЗХ-ны хуулиар тогтоосон үндсэн чиг үүрэг нь өмчийн бүхий л хэлбэрийн аж ахуйн нэгжийг харилцаа холбооны зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх юм. Үүний хүрээнд хуульд заасан тусгай зөвшөөрлийг олгох, хязгаарлагдмал нөөц бүхий радио давтамжийн болон дугаарлалтын зохицуулалтыг хийх, үйлчилгээний болон салбарын хэмжээнд техникийн стандарт, баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэх үүрэгтэй. Мөн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хууль тогтоомжтой нийцүүлэн гаргах дүрэм, журам, нөхцөл шаардлагыг боловсруулах үндсэн чиг үүрэгтэй. Түүнчлэн харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж, чанарын асуудал, үйлчилгээ эрхлэгч болон хэрэглэгчийн гомдол, санал хүсэлтийг шийдвэрлүүлэх талаар холбогдох талуудтай хамтран ажилладаг.
-Сүүлийн 20 орчим жилд харилцаа холбооны салбар үсрэнгүй хөгжсөн. Ийнхүү хөгжсөн нь дэлхий нийтийн чиг хандлага, хөгжилтэй нэг талаар холбоотой гэж харж байна. Таны хувьд хөгжилд нөлөөлсөн хүчин зүйлийг хэрхэн тодорхойлох вэ?
-Дэлхий нийтэд, манай улсад ч харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үнэхээр л сүүлийн 20 жил асар хурдацтай хөгжиж байна. Үүнийг илэрхийлэх хэд хэдэн тоон мэдээллийг дурдъя. Тухайлбал, сүүлийн 10 жилийн хугацаанд манай улс үүрэн холбооны 3G болон 4G-LTE технологийг амжилттай нэвтрүүлж, та бидний өдөр тутмын хэрэглээ боллоо. Монгол Улс үүрэн холбооны 4G-LTE технологийг нэвтрүүлсэн дэлхийн 25 дахь улсаар нэрлэгдсэн нь бидний хувьд маш өндөр амжилт юм. Энэхүү ажлыг амжилттай гүйцэтгэсэн үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэдээ талархал илэрхийлье. Түүнчлэн манай иргэд телевизийн олон сувгийг интернэт протокол суурилсан IPTV үйлчилгээ, хиймэл дагуулын сүлжээгээр хүлээн авч үзэж байна. Интернэтийн хэрэглээ асар хурдацтайгаар нэмэгдэж, монголчууд өргөн хэрэглэдэг боллоо. Өргөн нэвтрүүлгийн телевизийн газрын дамжуулах сүлжээгээ тоон технологид бүрэн шилжүүлсэн. Шуудангийн үйлчилгээний хувьд ч техник, технологийн олон төрлийн шинэчлэл хийлээ. Жишээ нь, транзит шуудан тээвэрлэлтийг хөгжүүлж, шуудангийн үйлчилгээнд тулгуурлан цахим худалдааг дэмжин, бараа, бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчид хүргэх зэрэг уламжлалт болон шинэлэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлсэн. Эдгээр нь хэдийн хэрэглэгчдийн өдөр тутмын ажил, амьдралын салшгүй хэсэг боллоо. Манай улс Харилцаа холбооны салбараа 2002 оноос бүрэн либералчилсан. Энэ нь салбарын хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон гэж үздэг. Ингэснээр манай салбарт дотоод, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, нөгөө талаас салбарын хөгжлийг хурдасгахад төрийн оролцоо ч чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог.
-Аль ч салбарыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт чухал үүрэг гүйцэтгэдэг. Харилцаа холбооны салбарын хөрөнгө оруулалт хангалттай хэмжээнд байна уу?
-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжилд хөрөнгө оруулалт маш чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, дэлхийн нийттэй хөл нийлүүлж, сүүлийн үеийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхийн тулд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи ашиглах шаардлагатай. Манай улсын хувьд зах зээлийн багтаамж бага, үйлчилгээний үнэ тариф олон улсын дунджаас доогуур байдаг. Энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан үйлчилгээ эрхлэгчид хөрөнгө оруулалтаа нөхөх, шинээр хөрөнгө оруулах зэрэгт хүндрэл үүсдэг тал бий. Гэсэн хэдий ч үйлчилгээнийхээ хүртээмж, чанарыг тогтмол сайжруулах, шинэ төрлийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх зэрэгт анхаарч, жил бүр 100 тэрбумаас багагүй хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсээр байгаа. Жишээ дурдахад, манай үйлчилгээ эрхлэгчид сүүлийн 10 жилийн хугацаанд нийт нэг их наяд 957.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн бүхий л төрлийн татвараар дамжуулан нэг их наяд 600 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн.
-Харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж манай улсын хот, хөдөөний бүсэд харилцан адилгүй байдаг нь цөөнгүй жишээн дээр харагддаг л даа. Энэхүү ялгааг арилгаж, харилцаа холбооны үйлчилгээг иргэд хаана амьдарч байгаагаас үл хамааран тэгш, хүртээмжтэй авч чадаж байна уу?
- Орон нутаг, тэр дундаа алслагдсан сум, суурин газарт харилцаа холбооны үйлчилгээг хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Харилцаа холбооны тухай хуулинд 2001 онд Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг байгуулахыг тусгаж, ХХЗХ-ны дэргэд 2006 онд анх байгуулсан. Сангийн үйл ажиллагааны хүрээнд Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр 2007-2009 онуудад үүрэн холбооны үйлчилгээг Монгол Улсын бүх сум, суурин газарт нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэж байлаа. Ингэснээр үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн үйлчилгээг бүх сум, суурин газарт нэвтрүүлэх стратери, төлөвлөгөөгөө 7 жилийн өмнө хэрэгжүүлж чадсан юм. Санд хөрөнгө төвлөрүүлэх үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд ногдуулснаараа бусад сангаас ялгардаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь улсын төсвөөс санхүүжилт авдаггүй. Харин харилцаа холбооны салбарт ажиллах тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчид татварын өмнөх ашгаасаа хоёр хувийн хөрөнгийг уг санд төвлөрүүлдэг байсан. Тэгвэл Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг шинэчлэн баталснаар Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд үйлчилгээ эрхлэгчдээс татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тухайн үйлчилгээ эрхлэгчийн татварын дараах ашгийн гурван хувь байхаар өөрчилсөн.
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг байгуулсан гол зорилгын нэг нь үүрэн холбооны үйлчилгээг орон нутагт хүртээмжтэй хүргэх байсан. Уг зорилгынхоо дагуу бид бүх сум, томоохон суурин газар, цаашлаад багуудад үүрэн холбооны үйлчилгээ хүргэх ажлыг гурван жилийн хугацаанд амжилттай гүйцэтгэсэн. Энэхүү төсөл нь бүх нийтийн үйлчилгээний үүргийг сайн биелүүлж, амжилттай хэрэгжсэн гэж Дэлхийн банк, Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас үнэлсэн.
-Орон нутагт өдгөө харилцаа холбооны үйлчилгээг хэр хүртээмжтэй үзүүлж байгаа талаар мэдээлэл өгнө үү. Жишээ нь, төвөөс алслагдсан бүс нутаг, багт амьдарч байгаа малчин өрх ямар ямар үйлчилгээ авах боломжтой вэ?
-Одоогоор манай улсын 400 гаруй сум, суурин газарт, түүнчлэн улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын бааз, уул уурхайн бүс нутаг, багуудад үүрэн холбооны үйлчилгээ нэвтрүүлээд байна. Улмаар түүнд суурилан хөдөлгөөнт өргөн зурвасын интернэтийн 3G болон 4G-LTE технологид суурилсан үйлчилгээ ч нэвтэрсэн. Манай харилцаа холбооны салбар 40 мянга гаруй км урт шилэн кабелийн сүлжээгээр Монгол Улсын бүх сум, томоохон суурин газрыг холбосон. Энэхүү дэд бүтцээ ашиглан харилцаа холбооны олон төрлийн үйлчилгээг орон нутагт, тэр тусмаа алслагдсан суурин газарт хүргэх гол нөхцөл боломжийг бүрдүүлсэн юм. Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд иргэд сансрын хиймэл дагуулын сүлжээгээр дамжуулан дотоод, гадаадын телевизийн 100 орчим сувгийг хүлээн авч үзэж байна. Бас радиогийн дөрвөн хөтөлбөрийг хүлээн авч сонсож байгаа. Шуудангийн үйлчилгээний хувьд аймгийн төвүүдэд долоо хоногт 6-7 удаа, сумуудад 2-3 удаа хүрч байгаа. Өмнө нь зөвхөн Улаанбаатар хотын хэрэглэгчид л IPTV үйлчилгээ авах эрхтэй байсан. Харин одоо бол бүх аймгийн төв, томоохон сум, суурин газарт IPTV үйлчилгээг нэвтрүүлээд байна.
-Манай улсад цахилгаан, ус, дулааны үнэ газар зүйн байрлал, бүс нутгийн онцлогоос шалтгаалаад ялгаатай буюу өөр өөр байдаг. Тэгвэл харилцаа холбооны үйлчилгээний үнэ тариф нь хот, хөдөөнөөс хамааран ялгаатай байдаг уу. Эсвэл адилхан уу?
- Харилцаа холбооны салбарт ярианы болон телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний үнэ тарифыг газарзүйн ялгаваргүйгээр тогтоодог. Өөрөөр хэлбэл газар зүйн ялгаваргүй нэг л тарифтай байх зарчмыг манай салбарынхан сүүлийн 10 гаруй жилийн турш баримталсан. Энэхүү шийдвэрийн үр дүнд Монгол Улсын цахилгаан холбооны сүлжээ хоорондын харилцан холболтын төлбөрийн газарзүйн ялгаа бүрэн арилж, хэрэглэгчийн үнэ тариф хоёроос гурав дахин хямдарч, үйлчилгээ эрхлэгчдийн харилцан холболтын төлбөрийн нэг талт урсгал тэнцвэржиж, шударга өрсөлдөөний нөхцөл бүрдсэн. Мөн үйлчилгээ эрхлэгчдийн хөдөө орон нутагт хөрөнгө оруулах, өөрийн сүлжээ үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн юм. Энэ нь манай улсын дэд бүтцийн салбарт анхдагч болсон томоохон амжилт юм. Тухайлбал ярианы үйлчилгээний хувьд хэрэглэгч Улаанбаатар хотод, эсвэл Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумд байна уу гэдгээс үл хамаарч ярианы үйлчилгээндээ тарифын нэг ижил систем мөрдөгддөг. Цаашид интернэтийн үйлчилгээг орон нутагт хүрээмжтэй хүргэх, суурин интернэтийн үйлчилгээний үнэ тарифын хэмжээг бүх бүс нутагт адил болгохыг зорьж байгаа. Интернэтийн үйлчилгээ хот, хөдөөд бүрэн нэвтэрснээр иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах, цахим худалдаа хөгжинө. Мөн интернэтэд суурилсан бусад төрлийн үйлчилгээг ч авах боломж бүрдэнэ.
-Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалт нь бусдаас онцлог болохыг та дурдлаа. Тэгвэл үйл ажиллагаа нь Засгийн газрын бусад тусгай сангийн жишигтэй адил уу. ХХЗХ энэхүү сангийн үйл ажиллагааг удирдан явуулдаг гэж ойлгож болох уу?
-Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн удирдлага, зохион байгуулалтыг анх 2005 онд ХХЗХ хэрэгжүүлж байсан. Харин 2009 онд Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар уг сангийн удирдлага, зохион байгуулалтыг харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу агентлагийн хариуцан ажиллах чиг үүрэгт хамааруулсан. Өөрөөр хэлбэл, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан өдгөө ХХЗХ-нд шууд хамаардаггүй гэсэн үг.
-Харилцаа холбооны салбарын хуулиудад УИХ-аас 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тэдгээр хуулийн хэрэгжилт өдгөө ямар түвшинд байна вэ?
-Манай салбарт мөрдлөг болгодог Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай хуульд УИХ-аас 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 2017 оныг салбарын эрх зүйн шинэчлэлийн жил болгон зарлаж байв. Үүнтэй холбоотойгоор салбарын хуулиуддаа тандан судалгаа, нөлөөллийн шинжилгээ хийж, улмаар нэмэлт, өөрчлөлт оруулах үзэл баримтлал, хуулийн төслүүдийг боловсруулсан. ХХЗХ-ноос өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд салбарын хуулийн хэрэгжилтийг хангуулахтай холбоотой олон ажлыг амжууллаа. Тухайлбал, хуулиудыг дагалдуулан гаргах шаардлагатай журмуудыг боловсруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавигдах нөхцөл, шаардлагуудыг шинэчлэхтэй холбоотой хэлэлцүүлгүүд зохион байгуулсан. Үүний үр дүнд үйлчилгээ эрхлэгч, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, саналыг нь авч, холбогдох журам, нөхцөл, шаардлагуудад тусган, батлаад, өдгөө хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Батлагдсан хууль, журам, нөхцөл шаардлагуудыг олон нийтэд хүргэж, сурталчлан таниулахын тулд иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэж, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан сургалтыг орон нутагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан.
-Та ХХЗХ-ны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын даргаар ажилладаг. УИХ-аас баталсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрлөө. Нэг жилийн хугацаанд тус хуулийг хэрхэн хэрэгжүүлсэн бэ?
-Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор ХХЗХ-ноос 22 бүлэг, 89 дэд ажиллавартай, есөн сарын хугацаатай төлөвлөгөө боловсруулж, түүнийхээ дагуу ажилласан. Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд нийт 16 баримт бичиг боловсруулж, батлахаас ХХЗХ 12-ыг нь батлахаар хуульд тусгасан юм. Өнгөрсөн хугацаанд манай байгууллагаас 10 баримт бичгийг эцэслэн баталсан. Өдгөө үлдсэн хоёр баримт бичгийн төслийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлэхэд бэлтгээд байна. Хэрэгжилтийг нь хангуулах ажлын хүрээнд зөвхөн баримт бичиг батлаад зогсохгүй хуулийг олон нийтэд сурталчлан таниулах үүрэгтэй. Уг ажлын хүрээнд Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй радио, телевиз, олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн дунд танхимын болон цахим сургалт зохион байгуулсан. Мөн хуулийн болон баримт бичгүүдийн эмхэтгэлийг гаргаж, үйлчилгээ эрхлэгчдэд хүргүүллээ.
-Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд ямар онцлог зүйл заалтуудыг тусгасан бол. Тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар жишээ дурдаж, олон нийтэд мэдээлэл өгнө үү.
-Энэхүү хуульд радио, телевизийн хөтөлбөрт мониторинг хийх, зар сурталчилгааны зохицуулалтын арга хэмжээ авах, тусгай зөвшөөрлийн нэршил, гэрээний шинэчлэл хийх ажлууд тусгасан. Үүний дагуу хэрэгжүүлэх ажлуудыг хэдийн эхлүүлсэн. ХХЗХ-ноос хэрэгжүүлэх, Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасан нэг чухал ажил бол өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээллийг ил тод болгох. Энэ чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 2020 оны жилийн эцсийн байдлаар үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн ил тод байдлын талаарх тайланг гаргаж, олон нийтэд мэдээлсэн. Мөн уг хуулийн хүрээнд, бас сонгуулийн хууль тогтоомжуудад радио, телевиз, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа хийх үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг ХХЗХ-нд ногдуулахаар тусгасан. Энэхүү чиг үүргийг бид 2012 оноос хойш хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, 2020 оны УИХ-ын, орон нутгийн сонгууль, 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд мониторинг хийх ажлыг амжилттай хэрэгжүүллээ.
-Сүүлийн үед Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор цөөнгүй иргэн санал хүсэлт, гомдол гаргах болсон. Ялангуяа телевизийн олон суваг дамжуулагчид өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс гэж хэрэглэгчээс сар бүр 2000 төгрөг авч байгаад шүүмжлэлтэй ханддаг хүн цөөнгүй. Яагаад энэхүү төлбөрийг авдаг вэ. Юунд зарцуулдаг бол?
-Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-т олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн үндсэн багцаас өргөн нэвтрүүлгийн телевизүүдийг дамжуулсантай холбоотойгоор үйлчилгээний хөлсийг 15-аас доошгүй хувиар тогтоох талаар заасан. Үүний дагуу нэг талаас “Монголын телевизүүдийн холбоо” ТББ, нөгөө талаас олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч хооронд хөтөлбөр дамжуулах гэрээ байгуулдаг. Уг гэрээнд өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн үйлчилгээний хөлсийг холбогдох татваруудыг хамтаар төвлөрүүлж, Монголын телевизүүдийн холбоонд шилжүүлэх харилцааг тусгасан. Хуульд өргөн нэвтрүүлгийн телевизийг тодорхойлохдоо олон талт хөтөлбөртэй байна гэж заасан. Түүнчлэн өргөн нэвтрүүлгийн телевизийн хөтөлбөрт өөрийн бүтээл, үндэсний бүтээл, орон нутгийн бүтээлийн эзлэх хувь хэмжээг хөтөлбөрт тавигдах шаардлагын хүрээнд тогтоосон байдаг. Телевизийн нэвтрүүлэг бүтээх үйлдвэрлэл нь өртөг өндөртэй учраас үйлчилгээний хөлсийг үүнд зарцуулна. Тэр дундаа үндэсний өв соёл, ардын уламжлал, ёс заншил, түүх, танин мэдэхүйн нэвтрүүлгүүдийг хөтөлбөртөө түлхүү тусгах, үндэсний контент бүтээхэд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг зарцуулах ёстой.
-Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлсийг хэмжээг хэн, хэрхэн тогтоодог вэ?
-Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлсний хэмжээг Монголын телевизүүдийн холбооноос анх тодорхой мөнгөн дүнгээр тогтоосон. Ингээд олон суваг дамжуулагчидтай хөтөлбөр дамжуулах гэрээ байгуулах ажлын явцад 2000 төгрөг байхаар тогтоож, гэрээндээ тусгаад явж байгаа. Энэхүү 2000 төгрөгийг олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид хэрэглэгчдээс цуглуулж, төвлөрсөн хөрөнгийг Монголын телевизүүдийн холбоонд гэрээнд заасан хугацаанд шилжүүлэх үүрэг хүлээдэг. Монголын телевизүүдийн холбоо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасны дагуу уг хөлсийг өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд хуваарилах үүрэгтэй. Энэхүү хөлсний хэмжээтэй холбоотой гомдлуудыг үзэгч, хэрэглэгчид гаргаж байгаа. Үүнтэй холбоотойгоор өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлсний талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, учир шалтгааныг нь тайлбарлах ажлыг хуулийн хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулж буй. Цаашид илүү энгийн, ойлгомжтой хэлбэрээр үзэгч, олон нийтэд хүргэх талаар телевизүүд, олон суваг дамжуулагчид болон ХХЗХ-ныхон ажиллахаар төлөвлөж байна.
-Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд “Онцлог зохицуулалт” гэсэн бүлэг багтсан. Онцлог зохицуулалт гэж юуг хэлээд байна вэ. Тухайлбал, хуульд ямар онцлог зохицуулалтуудыг тусгасан бол?
-Жишээ нь, дээр дурдсанаар өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоосон хуулийн заалт нь өргөн нэвтрүүлгийн салбарт хийгдэж буй хуулийн онцлог зохицуулалт юм. Үүнээс гадна хуульд туссан өөр нэг онцлог зохицуулалт бол Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх сан. Уг санг улсын болон орон нутгийн төсвөөс, дотоодын аж ахуйн дэмжлэгээр болон бусад гэсэн эх үүсвэрээс санхүүжүүлэхээр хуульчилсан. Сангийн хөрөнгийг үндэсний бүтээлийг дэмжих, тэр дундаа үйлдвэрлэхэд өртөг өндөртэй үндэсний бүтээлийг дэмжих болон алслагдсан орон нутагт өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ хүргэхэд зарцуулах ёстой.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн баримтлах зарчимд тусгасан хэвлэл мэдээллийн салбар, тэр дундаа өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, эзэмшлийн мэдээллийг ил тод байлгах чиг үүргийг ХХЗХ-ноос хэрэгжүүлэх юм. Мөн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн үндсэн багцад тавигдах шаардлагыг тогтоох, гадаад сувгуудыг бүртгэх, оюуны өмчийн эрхтэй байх зэрэг хуулийн шаардлагууд туссан.
-Цаашид өргөн нэвтрүүлгийн салбарыг хөгжүүлэх, хэрэглэгчдэд илүү чанартай үйлчилгээ хүргэхийн тулд зохицуулалтын ямар ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?
-Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахтай холбоотойгоор үйлчилгээ эрхлэгчид, олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгаа хийх, батлагдсан баримт бичгүүдийн талаар заавар, зөвлөмж боловсруулах, хуулийн хүрээнд аливаа арга хэмжээг хэрэгжүүлэхдээ судалгаа шинжилгээний үр дүнд үндэслэх зэрэгт анхаарахыг чухалчилж байна. ХХЗХ-ноос салбарын хэмжээний аливаа зохицуулалтын шийдвэрүүдийг олон талт хэлэлцүүлэг, оролцоог хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх зарчимыг баримталж ажилладаг. Тухайн гаргасан зохицуулалтын шийдвэр нь төрөөс харилцаа холбооны салбарт баримтлах бодлого, бодлогын чиглэл болон хэрэглэгчийн эрх ашиг, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаанд нийцсэн байхад анхаарч ажиллах зарчмаа үргэлж хадгалдаг. Ярилцлагынхаа төгсгөлд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбараар үйлчлүүлдэг нийт иргэд, хэрэглэгчдэдээ Ардын хувьсгалын түүхт 100 жил, Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ярилцлага хийсэн: Өнөөдөр сонины сэтгүүлч Ч.Мөнх