Зах зээлийн судалгааны аргачлал боловсруулах Зөвлөх үйлчилгээ авах тухай
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1[1], 7.4.2[2], 7.4.5[3]-д заасан тусгай зөвшөөрөл олгох зарчмууд болон 30 дугаар зүйлийн 30.1.3-д заасан “өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж, жил бүр үнэлэлт, дүгнэлт гаргах” тус хорооны чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор “Өргөн нэвтрүүлгийн зах зээлийн багтаамж, хүн амын тоо, нягтрал, эрэлт хэрэгцээ, өрсөлдөөний нөхцөл байдлын талаар судалгааны аргачлал боловсруулах” зөвлөхийн санал хүлээн авч байна.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7.4.5-д өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний[4] тусгай зөвшөөрлийг нээлттэйгээр сонгон шалгаруулж олгохоор заасан. Харилцаа холбооны зохицуулах хорооноос сонгон шалгаруулалт зарлах өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрөл, тоо, хамрах хүрээг тогтооход өргөн нэвтрүүлгийн зах зээлийн багтаамж, өрсөлдөөний нөхцөл байдалтай уялдуулан шаардлагатай үзүүлэлтүүдийг тодорхойлох, жил бүр үнэлэлт, дүгнэлт гаргах судалгааны аргачлалтай болох хэрэгцээ шаардлага үүсч байна. Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд боловсруулах аргачлалын дагуу Зохицуулах хороо жил бүр судалгаа хийж, уг судалгааны дүнд үндэслэн нээлттэй сонгон шалгаруулалт зарлах үйлчилгээний төрөл, тоо, хамрах хүрээг (аль аймаг, хотод гм) тодорхойлох юм.
Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг эндээс татаж үзнэ үү.
Ажил гүйцэтгэх хугацаа: 90 хоног
Зөвлөхөд тавих шаардлага: Зөвлөх нь зах зээл, эдийн засаг, зах зээлийн өрсөлдөөн, бизнес төлөвлөлтийн чиглэлээр мэдлэг, туршлагатай, мэргэшсэн, судалгаа, шинжилгээ хийх чадвартай, түүвэр судалгаа хийх, асуулга боловсруулах, үр дүнг нэгтгэх, боловсруулалт хийх, харьцуулан судлах, орчны шинжилгээ хийх, аналитик дүгнэлт, зөвлөмж тайлан гаргах, баримт бичиг боловсруулах туршлагатай байх.
Сонирхсон зөвлөх уг ажлыг гүйцэтгэх үнийн санал, товч танилцуулга (CV), багаар ажиллах бол багийн гишүүн тус бүрийн танилцуулгыг zolboo@crc.gov.mn хаягаар 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
[1] 7.4.1.өргөн нэвтрүүлгийн талаар төрөөс баримталж байгаа бодлого, харилцаа холбоо, өргөн нэвтрүүлгийн хөгжлийн ирээдүйн чиг хандлага, техник, технологийн дэвшил, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, эрх ашигт нийцүүлэн зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх;
[2] 7.4.2.өргөн нэвтрүүлгийн зах зээлийн багтаамж, хүн амын тоо, нягтрал, эрэлт хэрэгцээ, өрсөлдөөний нөхцөл байдлын талаарх судалгаанд үндэслэх;
[3] 7.4.5.энэ хуулийн 6.1.6-д зааснаас бусад төрлийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг нээлттэйгээр сонгон шалгаруулах;
[4] Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд “радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ”, “олон суваг дамжуулах үйлчилгээ”, “радио, телевизийн үйлчилгээ”-г хамтад нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ гэж тодорхойлсон.