Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Одоогийн байдлаар 180 нэр дэвшигчийн цахим хуудас,...
Одоогийн байдлаар 180 нэр дэвшигчийн цахим хуудас, хаягийг бид Фэйсбүүк компанид хүргүүлээд байна.
2020-06-04
 

Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулж, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн.

Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах зохицуулалт бий болсонтой холбогдуулан цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгааг хэрхэн явуулах, түүнд тавигдах хяналтын талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Интернэтэд суурилсан үйлчилгээ, технологийн хэлтсийн дарга Т.Батболдтой ярилцлаа.

-  Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн хугацаанд цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд тавигдах хяналтын талаар Сонгуулийн тухай хууль болон холбогдох эрх зүйн актуудад зохицуулалтыг хэрхэн тусгасан талаар тодруулж өгнө үү?

- Сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах талаар Сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлд зааж өгсөн. Мөн хуульд зааснаар Харилцаа холбооны зохицуулах хороо болон Цагдаагийн ерөнхий газрын саналыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны 21 дүгээр тогтоолоор  “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ыг батласан.

Дээрх хууль тогтоомж болон журмын хүрээнд энэ удаагийн сонгуулийн цахим орчин дахь сурталчилгаа хийгдэнэ гэсэн үг.

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47.1-т зааснаар цахим орчинд гурван хэлбэрийн цахим хуудсыг ашиглаж болно.

  1. Нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас  
  2. Цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас /фэйсбүүк, твиттер, инстаграм гэх мэт /;
  3. Бусад цахим хуудас

Тухайн нэр дэвшигч хуульд заасан эхний хоёр хэлбэрийн цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэх ёстой гэж хуульд заасан. Өөрөөр хэлбэл зургаадугаар сарын 2,3,4-нд бүртгэх хуулийн заалттай гэсэн үг.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгэгдсэн пэйж хуудас болон веб сайтуудын жагсаалтын мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хороонд өдөр өдөртөө ирээд явна.

- Гурав дахь хэлбэр болох бусад цахим хуудсаар сурталчилгаа явуулахыг тодруулж өгнө үү?

- “Бусад цахим хуудас” гэснийг Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 3.1.9-д заасны дагуу ойлгох бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны баталсан “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын 6.2.1-д заасны дагуу бусад цахим хуудас нь сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүднээс шууд харилцах төлөөлөгчийг томилж Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлсэн байх үүрэгтэй.

 

Бусад цахим хуудас сонгуулийн сурталчилгаа явуулахдаа нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 47.3 болон Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмын 6.2.3-т зааснаар нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудсаар болон бусад цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотойгоор нийтлэх үүргийг хүлээж байгаа.

- Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс хууль болон журмын хэрэгжилтийг хангуулах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

Нэгдүгээрт. Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс хууль хяналтын эрх бүхий байгууллагуудтай холбогдож, харилцан хамтарч ажиллаж байна.

Хоёрдугаарт. Цахим орчин дахь олон нийтийн сүлжээ буюу фэйсбүүк орчин дахь цахим хуудас, нэр дэвшигчийн аккаунтыг  Фэйсбүүк компанид хүргүүлж тодорхой хэмжээний хамгаалалтад авч ажиллахаар тохирсон.  

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 250 орчим мэдээ, мэдээллийн веб сайтад нам, эвсэл, нэр дэвшигчтэй холбоотой бүх төрлийн мэдээ мэдээлэл болон эрх бүхий байгууллагаас гаргасан сонгуультай холбоотой мэдээ мэдээллийн дор сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотой нийтлэх тухай албан тоотоор зөвлөмж хүргүүлсэн.

 

- Одоогийн байдлаар хэдэн нэр дэвшигч цахим хуудасны бүртгэлээ хийлгээд байна вэ?

- Хуулийн 47.2 т заасны дагуу өнөөдрийн байдлаар сонгуулийн сурталчилгаа явуулахаар 250 орчим мэдээ, мэдээллийн веб сайт бүртгүүлсэн байна. Харин 140 орчим пэйж хуудас албан бичгээр бүртгүүлсэн байна. Өнөөдөр бас аймаг, нийслэлийн сонгуулийн хороонуудаас мэдээллүүд ирж байгаа.

2020 оны 6 дугаар сарын 02-04-ний хооронд бүртгүүлсэн нэр дэвшигчдийн цахим хуудасны мэдээлэл аймаг, нийслэлийн сонгуулийн хорооноос ирж байна. Тодруулбал, одоогийн байдлаар 180 нэр дэвшигчийн фэйсбүүкийн цахим хуудас, хаягийг бид Фэйсбүүк компанид хүргүүлсэн. Тэгэхээр тухайн хуудас, хаягууд нь тодорхой хамгаалалтад ороод явна гэсэн үг.

- Уг журам болон хуулийг зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах бол?

- Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг зөрчвөл хувь хүн 5 сая, хуулийн этгээд 50 сая төгрөгөөр торгуулна. Тэгэхээр сонгуулийн сурталчилгаа явуулж буй веб сайтууд маань дээр дурдсан  зүйлсийг онцгой анхаарах хэрэгтэйг дахин хэлье. Уг журамд Зөрчлийн тухай хуулийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар гэсэн хоёр байгууллага хяналт тавьж ажиллах юм.

Тус хуулийн 48.1.7 дахь хэсэгт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулахыг хориглох тухай зааж өгсөн байгаа үүнийг зөрчих тохиолдол их гарч байна. Уг заалт сонгуулийн жилийн эхний өдрөөс буюу 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр энэ заалтыг зөрчсөн хувь хүн 20 сая, хуулийн этгээд 200 сая төгрөгийн торгуультай гэдгийг анхаарах хэрэгтэй. Үүнд хяналт тавих байгууллага нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар юм.

Эдгээрээс гадна хэрэв тухайн мэдээ мэдээллийн сайт болон пэйж хуудаснууд сонгуулийн тухай хууль зөрчсөн нь холбогдох эрх бүхий байгууллагаар тогтоогдвол тус сайтын Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн санал авах өдрийг  дуустал хязгаарлах арга хэмжээг авахаар байгаа. Харин фэйсбүүк орчин дахь цахим хуудас буюу аккаунтын мэдээллийг Фэйсбүүк компанид хүргүүлж хязгаарлах арга хэмжээ авах зохицуулалтай байна.  

Үндсэндээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох дүрэм журмуудыг зөрчвөл хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

-  Сошиал орчинд үзэл бодлоо илэрхийлж нэр дэвшигчдийг дэмжинэ, дэмжихгүй зэрэг үзэл бодлоо илэрхийлэхэд тодорхой хяналт тавигдахаар байгаа юу?. Сошиал орчин буюу цахим мэдээллийн хэрэгслийн ялгааг нэг тодруулж тайлбарлана уу?

- Фэйсбүүк бол нэг талаасаа илүү хувийн шинж чанартай. Нөгөө талаасаа Монгол Улсын Үндсэн хууль болон Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу хувь хүн хувийн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлэх ёстой талбар.  

Тэгэхээр сонгуулийн сурталчилгаа болон хувь хүний үзэл бодлыг ялгах зааг гарч ирж байгаа хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл, бид Улсын Их Хурлын сонгуулийн  тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийг зөрчих үү эсвэл Үндсэн хууль болон Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд заасан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлэх үү гэсэн торгон заагийг ялгах шаардлагатай. Тэгэхээр холбогдох эрх бүхий байгууллагууд нь хууль зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу санал, дүгнэлт, шийдвэрийг гаргаад явна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны хувьд аливаа контент, мэдээллийн агуулга нь хууль зөрчсөн эсэхийг тогтоох байгууллага биш. Харин Монгол Улсын хууль тогтоомжийг даган мөрдөж холбогдох эрх бүхий байгууллагаас ирүүлсэн санал дүгнэлтийг үндэслэн технологийн арга хэмжээ авч хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байгууллага юм. Бид энэ үүргийнхээ хүрээнд ажлаа хийнэ.

Мэдээж хэрэг хувь хүн өөрийн үзэл бодлоо цахим орчинд илэрхийлээд явах нь нээлттэй. Өөрөөр хэлбэл, би тэрийг дэмжиж байна, ингэж байна гэх мэтээр. Сонгуулийн сурталчилгаа нь boost  хийх, байнгын сурталчилгаа явуулах гэх мэт арай өөр шинж чанартай байна байх. Өнгөрсөн хугацаанд манайд цахим орчинтой холбоотой ШӨХТГ-ын улсын байцаагчийн 32 дүгнэлт ирсэн. Бид ирсэн дүгнэлтийн дагуу арга хэмжээ аваад, фэйсбүүк компанид хүргүүлж, холбогдох хууль бус контентыг устгах, пэйж хаягуудыг хязгаарлах арга хэмжээг авсан.

- Баярлалаа