Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Дэлхийн Радио Холбооны Их Хурал-2019
Дэлхийн Радио Холбооны Их Хурал-2019
2019-12-10
Дэлхийн Радио Холбооны Их Хурал-2019 Дэлхийн Радио Холбооны Их Хурал-2019

Ээлжит 38 дах Дэлхийн Радио Холбооны Их Хурал (ДРИХ) нь 2019 оны 10 сарын 27-аас 11 сарын 22-ны хооронд Арабын Бүгд Найрамдах Египет улсын Шарим-эл-Шейх хотноо зохион байгуулагдаж, Монгол Улсаас төлөөлөгчөөр Харилцаа Холбоо, Мэдээлэл Технологийн газрын Сансрын холбооны албаны дарга Ч.Гантөгс, ахлах мэргэжилтэн С.Онончимэг, Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн Э.Алтанбагана, Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын дарга З.Амгалан, ахлах мэргэжилтэн М.Наранбаатар, мэргэжилтэн Ц.Батхүү нар ОУЦХБ-ын гишүүн 193 орны 3400 гаруй төлөөлөгчийн хамт оролцлоо.

Энэ удаагийн ДРИХ-19 нь IMT-2020 (5G сүлжээ)-ийг багтаасан дараа үеийн хөдөлгөөнт холбоо (IMT), орчин үеийн хөдөлгөөнт өргөн зурвасын олон төрлийн хэрэглээ, олон тооны машин холболтын хэрэглээ, маш өндөр найдваржилттай бага хугацааны хоцрогдолтой харилцаа холбоо зэрэгт зориулсан олон улсад зохицуулагдах нэмэлт миллиметрийн долгионы радио давтамжийн царааг тодорхойлсон байна.

 Энэ нь ухаалаг тээврийн систем, ухаалаг хотыг бий болгох, олон нийтийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ дэлхийн уур амьсгал, хүн амын эрүүл мэнд, хөдөө аж ахуйн тогтвортой ажиллагаа, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болох юм.

Мөн ДРИХ-19-т хиймэл дагуулын дэлхийн хайгуул үйлчилгээ (EESS), мөн зэргэлдээ зурвасууд дахь цаг уурын болон бусад идэвхгүй сансар судлал (SRS) зэрэг дэлхийн сансар огторгуйд орших хяналтын станцуудын хамгаалалтын нөхцөлийг нийцүүлсэн байна.

Хүн төрөлхтний амьдралын аюулгүй байдал, байгалийн нөөцийг хамгаалахад чиглэсэн цаг уурын, уур амьсгал болон бусад идэвхгүй үйлчилгээг  радио одон орон судлалын сансрын гүнзгийрүүлсэн судалгаанд ашиглагдах үед радио давтамжийн харилцан нөлөөллөөс хамгаалах арга хэмжээний нэг юм.

Түүнчлэн радио одон орны станцуудыг тойрог замд байгаа бусад сансрын станцууд эсвэл хиймэл дагуулын системүүдийн харилцан нөлөөллөөс хамгаалах талаар арга хэмжээ авсан.

ДРИХ-19-өөр гаргасан шийдвэрүүд газрын ба сансарт суурилсан харилцаа холбооны технологийг нэгтгэн ашиглах нь дэлхий ертөнцийг холбох илүү шинэлэг арга замуудыг бий болгож байгаа төдийгүй өргөн зурвасын технологи нь аж үйлдвэрийн шинэ бүтээн байгуулалтууд дээр гарч ирснээр хамгийн алслагдсан бүс нутгийн хүмүүст илүү найдвартай, хямд, хүртээмжтэй үйлчилгээг бий болгох болно гэж үзэж байна.

WRC-19-ээс гарсан гол шийдвэрүүд

  • Дараа үеийн хөдөлгөөнт холбоо – 5 дугаар үеийн үүрэн холбооны сүлжээний хөгжилд 24.25-27.5 ГГц, 37-43.5 ГГц, 45.5-47 ГГц, 47.2-48.2 ГГц болон 66-71 ГГц зурвасуудыг нэмж тодорхойлсон.
  • Дэлхий судлалын хиймэл дагуулын үйлчилгээ (EESS) – Хиймэл дагуулыг удирдлагын, телеметрийн болон хяналтын үйлчилгээнд ашиглахын тулд 22.55-23.15 ГГц-ийн радио давтамжийн зурвасыг анхдагч хуваарилалтаар хангах боломжийг бүх бүсэд олгосон.
  • Гео бус хиймэл дагуулууд – Хөдөлгөөнт бус хиймэл дагуулын үйлчилгээнд гео бус хиймэл дагуулд зориулагдсан зохицуулалтын журам радио холбооны дүрэмд тусгагдсан.
  • Радио холбооны дүрэм – Дүрмийн өөрчлөлт нь ухаалаг, оновчтой, эдийн засгийн болон спектрийн үр ашигтай радио давтамжийн хэрэглээг уялдуулсан бөгөөд Гео хиймэл дагуулын тойрог замыг хамарсан.
  • Стратосферт байрлах станц (HAPS) – Агаарын мандлын стратосфер давхарга (далайн түвшнөөс 20-50км)-т байрлах станцад зөвхөн II бүсэд 21.4-22 ГГц, 24.25-27.5 ГГц, мөн 31-31.3 ГГц, 38-39.5 ГГц нэмэлт давтамжийн зурвасуудыг тодорхойлогдсон. Энэхүү станц нь хөдөө, алслагдсан бүс нутагт өргөн зурвасын хүртээмжийг хүргэх харилцаа холбооны дэд бүтцийн хөгжил юм.
  • WiFi сүлжээ – WiFi-д 5150-5350 МГц, 5350-5470 МГц, 5725-5850 МГц, 5850-5925 МГц-ийн зурвасыг авч үзсэн бөгөөд 5850-5925 МГц-ийн давтамжийн зурваст суурин сансрын үйлчилгээ нь анхдагч хуваарилалтаар төлөвлөгдөн ашиглагдаж байгаа зэрэг шалтгаануудыг харгалзан үзээд уг зурвасыг RLAN-аас хассан. Мөн радио холбооны дүрэмд нийтийн болон хувийн сүлжээнд холбогдсон эцсийн хэрэглэгчийн холболтын RLAN гэх мэт утасгүй сүлжээнд нэвтрэх зохицуулалтын заалтуудыг шинэчлэн боловсруулав.
  • Төмөр замын радио холбооны систем (RSTT) – Төмөр замын галт тэрэгний болон харилцаа холбооны системийг өндөр хурдны орчны хэрэгцээг хангах, ялангуяа төмөр замын хөдөлгөөний хяналтыг сайжруулахад галт тэрэгний радио хэрэглээг хангах зорилготой бөгөөд ДРИХ-19-өөр ТЗРХС зориулагдсан тусгайлсан давтамжийн царыг аль ч бүсэд тодорхойлоогүй бөгөөд одоо ашиглагдаж байгаа үүрэн холбооны үйлчилгээний зурваст төмөр замын радио холбооны системийг ашиглах спектр зохицуулалтын тогтоол баталж гаргасан.
  • Ухаалаг тээврийн систем (ITS) – Тээврийн хэрэгслийг холбох, хөдөлгөөний менежментийг сайжруулж, жолоодоход нь туслах систем бөгөөд ДРИХ-19-өөр одоо байгаа хөдөлгөөнт үйлчилгээний ашиглалтын хүрээнд Ухаалаг Тээврийн Системийг багтаасан давтамжийн зурвасын зөвлөмж гаргасан.
  • Хиймэл дагуулын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ (BSS) – Хөгжиж буй орнуудад спектрийн тойрог замын нөөцийг олж авах механизмыг хангасан хамгаалалтыг бий болгосон. I, III бүсд 1452-1492 МГц-ийн зурвасыг Дараа үеийн хөдөлгөөнт холбоо болон Сансрын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг зэрэг ашиглах тогтоол 761-т сансрын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний чадлын урсгалыг нягтын хязгаарыг тогтоосон заалтыг нэмж, өөрчлөлт оруулсан.
  • Хөдөлгөөнт дэлхийн станцууд (ESIM) – ESIM-ийн шийдвэр нь онгоц, усан онгоц, галт тэрэгний үеэр хүмүүсийг гео хиймэл дагуултай харилцан холбох болно.

Дэлхийн Радио Холбооны Их Хурал 2023-ын цаашдын чиг хандлага

  • Earth stations in motion (ESIM) – Нисэх онгоц, усан онгоц, газрын тээврийн хэрэгсэлд зориулсан найдвартай, өндөр хурдны өргөн зурвасын интернэтийн үйлчилгээг хиймэл дагуулын non- geostationary станцыг ашиглан ESIM системийг сансрын суурин үйлчилгээнд тодорхойлох;
  • High-altitude IMT base stations (HIBS) – Өргөтгөсөн өргөн зурвасын хөдөлгөөнт холбоонд HAPS-д суурилсан газрын IMT бааз станцыг ижил давтамжид ашиглах боломжийг;
  • Aeronautical mobile applications – Нисэх онгоцны агаар-газар, газар-агаар, агаар-агаар холбооны системд зориулсан агаарын HF холбоо, аюулгүй байдлаас бусад агаарын хөдөлгөөнт үйлчилгээ зэргийг хөгжүүлэх. Мөн газар-сансар, сансар-газар чиглэлийн агаарын VHF холбоог дэмжих сансрын агаарын хөдөлгөөнт үйлчилгээнд шинэ хуваарилалтын боломжийг;
  • Global Maritime Distress and Safety System (GMDSS) – Далайн холбоог сайжруулах нэмэлт зурвас ба хиймэл дагуулын эх үүсвэр зэрэг болно.