Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Монголын интернет холболтын үйлчилгээний зохицуулалт
Монголын интернет холболтын үйлчилгээний зохицуулалт
2013-03-20

Нэг. Ерөнхий зүйл

1.1 Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.4-д заасныг үндэслэн энэхүү баримт бичгээр Монгол Улсын интернэт харилцан  холболтын зарчим болон тавигдах шаардлагыг тодорхойлно.

Хоёр. Нэр томъёоны тодорхойлолт

2.1 Энэхүү зохицуулалтын баримт бичигт  дараах нэр томъёоны тодорхойлолтыг хэрэглэнэ;

2.2 Дотоодын интернэт урсгал гэж Монгол Улсад байрлаж буй тоон контент руу  дотоодын интернэт хэрэглэгч хандахад үүсэх урсгалыг ойлгоно;

2.3 ИХХ (интернэт харилцан холболт - Internet Exchange Point) гэж дотоодын интернэт урсгалыг солилцуулах зорилгоор үйлчилгээ эрхлэгчдийг хооронд нь холбосон дэд бүтэц бүхий холболтын төвийг ойлгоно;

2.4 BGP (Хил гарцын протокол ) гэж интернэтийн замчлалын оновчтой замын мэдээллийг үүсгэн дамжуулах динамик протоколыг ойлгоно;

2.5 AS number ( ЭйЭс дугаар) гэж интернэт дэх сүлжээ тус бүрийг давхардалгүйгээр таньж тодорхойлоход ашиглагддаг APNIC-с олгосон дугаарыг  ойлгоно;

2.6 eBGP(Гадна хилийн гарцын протокол)  гэж АS number  хооронд ажилладаг хил гарцын протоколыг  ойлгоно;

2.7 Routing table ( замчлалын хүснэгт) гэж хил гарцын протоколын үүсгэсэн замчлалын мэдээллийг ойлгоно;

2.8 APNIC гэж IP хаяг болон AS number-г Азийн бүсэд олгодог бүсийн интернэт бүртгэлийн байгууллага;

Гурав. Харилцан холболтын зарчим

3.1 ИХХ–ын төвийг мэдээлэл холбооны улс хоорондын сүлжээ байгуулах, интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дундын төрийн бус байгууллага байгуулна.

3.2 ИХХ-ын төвүүд нь хоорондоо заавал холбогдоно. ИХХ ын төвийн холболтын  топологи нь   Layer2 төвшинд зохион байгуулагдана.

3.3 Мэдээлэл холбооны улс хоорондын сүлжээ байгуулах буюу бөөний үйлчилгээ эрхлэгчид аль нэг ИХХ-ын төвд 10Гбит/с –ээс доошгүй хурдаар  холбогдоно.

3.4 Монгол улсын дотоодын интернэт урсгалыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах зорилгоор интернэтийн үйлчилгээ эрхлэгчид аль нэг ИХХ-ын төвд, хэрэв төрийн байгууллагуудад интернэтийн үйлчилгээ үзүүлдэг бол төрөөс зохион байгуулсан ИХХ- ын төвд холбогдоно.

3.5 ИХХ-ын төвд холбогдон ажиллаж буй  талуудын үүрэг хариуцлага нь гэрээгээр зохицуулагдана. ИХХ болон интернетийн үйлчилгээ эрхлэгчид хоорондын байгуулах гэрээний загвар, техникийн нөхцөлүүдийг Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд хянуулна.

3.6 ИХХ-ын төв хоорондын холбох шугам 10 Гбит/с, ИХХ-ын төв ба интернэтийн  үйлчилгээ эрхлэгч хоорондын холбох шугам 1 Гбит/с доошгүй багтаамжтай байна.

3.7 Дотоодын интернэтийн харилцан холболтод динамик холболтын төрөлд багтах eBGP -г  ашиглана.

3.8 ИХХ –ын төв нь интернэтийн үйлчилгээ эрхлэгчдэд холболтын хувьд техникийн болон үйлчилгээний ижил нөхцөл санал болгоно.

3.9 Дотоодын интернэт урсгалын солилцоонд ашиглах routing table-ийг үүсгэх шинэчлэх ажлыг ИХХ-ын төв зохион байгуулна.

3.10 Улс хоорондын сүлжээ байгуулах, интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид ИХХ-ын төвд холбогдон ажиллахдаа дараах зарчмыг баримтална.

3.10.1 Зөвхөн өөрийн сүлжээний мэдээллийг буюу  APNIC –аас авсан IP хаягаа ИХХ-ын төвд дамжуулж мэдээлнэ.

3.10.2 eBGP-г ашиглан ИХХ-ын төвд бүртгэлтэй, холбогдсон үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн замчлалын хүснэгтээс авсан замчлалын мэдээллийг баримтлан, түүний дагуу дотоод урсгалын замчлалыг хийнэ.

3.10.3 Дамжуулах байгууламжийн сувгийн ашиглалт 80 хувьд хүрсэн тохиолдолд дамжуулах байгууламжийн суваг эсхүл тоног төхөөрөмжийг өргөтгөнө.

3.10.4 Интернэтийн үйлчилгээ эрхлэгчид ИХХ-д холбогдохдоо улс хоорондын интернетийн холболтын дамжуулах суваг, холболтоос бүрэн салангид тусдаа дамжуулах суваг, холболттой байх ба дамжуулах байгууламж, суваг болон Ай-Пи (IP) сүлжээний тоног төхөөрөмж, түүний програм хангамжийн төвшинд хурдны хязгаарлалт хийхгүй байна.

3.10.5 Төрийн болон нийтийн онцгой зориулалт бүхий (gTLD болон .MN домэйн нэр серверүүд гэх мэт) IP хаягийг зарлана.

3.10.6 ИХХ нь APNIC-с интернэтийн харилцан холболтын зориулалт бүхий IP хаягийн мужийг авч ашиглана.

Дөрөв. Интернэт харилцан холболтын төвд тавигдах шаардлага

4.1 ИХХ-ын төв нь техникийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангаж ажиллах  байнгын ачаалал болон мэдээллийн аюулгүй байдлын хяналт, мониторингын системтэй байна. Энэхүү системийн мэдээллийг 6 сараас доошгүй хугацаатай хадгална.

4.2 ИХХ-ын төв нь дараах үзүүлэлтээр чанарын түвшинг гаргаж үйлчилгээ эрхлэгчдэд  өөрийн веб сайтаар тогтмол, ил тод мэдээлнэ. Үүнд:

4.2.1 Packet loss (Сүлжээний урсгалын гээгдэлтийн хувь )

4.2.2 Packet delay (Сүлжээний урсгалын хоцролтын хугацаа)

4.2.3 Packet Utilization (Сүлжээний урсгалын ачааллын эзлэлт )

4.2.4 ИХХ болон үйлчилгээ эрхлэгчдийн тоног төхөөрөмжийн процессорын ачаалал ын мэдээлэл

4.2.5 ИХХ төвд холбогдсон бүх үйлчилгээ эрхлэгчдийн холболтын төрөл, ачааллын эзлэлт

4.3 ИХХ-ын төв нь ашиглалт үйлчилгээ, хяналтыг тогтмол (24х7х365) чанартай зохион байгуулж ажиллана.

4.4 Гэмтэл саатлыг  шийдвэрлэхэд дараах зарчмыг баримтлана. Үүнд:

4.4.1 Гэмтэл саатал илрэхэд өөрт холбогдсон талуудад бүрэн автоматжуулсан хяналтын системийн тусламжтайгаар тухай бүр нь яаралтай мэдээлэх.

4.4.2 Гэмтэл саатлын нөхцөл байдал бодитойгоор бий болсон ИХХ эсхүл аль нэг үйлчилгээ эрхлэгч сүлжээний гэмтлийг шуурхай засварлах.

4.4.3 Гэмтэл саатлын ангилал, хугацаа, шийдвэрлэсэн байдлыг бүртгэж дүн шинжилгээ хийх.

4.5 ИХХ-ын төв нь дамжиж буй урсгалд шүүлтүүр, хаалт хийхгүй ба урсгалыг саадгүй дамжуулна.

4.6 ИХХ болон аль нэг үйлчилгээ эрхлэгчийн дамжуулах болон Ай-Пи сүлжээний тоног төхөөрөмжийн процессор, суваг, дамжуулалтын портын ачаалал 80 хувьд хүрсэн тохиолдолд өмнөх дамжуулах болон Ай-Пи сүлжээний тоног төхөөрөмжийн эд анги, суваг, портыг шуурхай нэмэгдүүлж 80-с ихгүгй хувьд хүргэсэн байна.

4.7 ИХХ нь Харилцаа холбооны зохицуулах хороонд  ИХХ-ын төвийн үйлчилгээний чанар, гэмтэл саатал, ачаалал, холболтын дэлгэрэнгүй тайлан мэдээг гаргаж хүргүүлнэ.