Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Радио долгион суурин хяналтын иж бүрэн систем...
Радио долгион суурин хяналтын иж бүрэн систем суурилуулах төсөл амжилттай хэрэгжлээ
2013-10-28

Тус хороонь БНСУ-ын Харилцаа холбооны зохицуулах хороотой (KCC) 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хамтран ажиллах зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурсан билээ. Энэхүү Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд мэдээлэл, харилцаа холбооны салбарт хамтран ажиллах, шинэ техник технологи, радио давтамжийн зохицуулалт, хяналтын сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг хамтран судлах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, харилцан мэргэжилтнүүд солилцон сургаж чадавхижуулах, хамтарсан сургалт семинаруудыг зохион байгуулахад оршиж байгаа юм.

Мөн тус Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбоо, технологи ба ирээдүйн хөгжлийн яамны харьяа Радио давтамж менежментийн байгууллага (CRMO)-тай хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг”, БНСУ-ын “Радио долгион хяналтын суурин станц бэлэглэх, суурилуулах гэрээ”-нд тус тус гарын үсэг зурсан юм. Энэхүү хамтын ажиллагаа болон буцалтгүй тусламжийн хүрээнд CRMO байгууллага нь тус хороонд 2013 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн радио долгион хяналтын суурин станцын угсралт суурилуулалт, тохиргоо болон сургалтыг амжилттай зохион байгуулж 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.

Энэхүү “Радио долгион хяналтын суурин станц” нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагын стандарт, шаардлагад бүрэн нийцсэн хамгийн сүүлийн үеийн ухаалаг, өндөр технологийн систем юм. Энэ радио долгион хяналтын суурин станцын хамрах хүрээ нь нийслэл хотын төвийн хэсгийг бүрэн хамрах бөгөөд бусад хөдөлгөөнт болон зөөврийн хяналтын станцтай хослон ажиллаж хууль бус радио долгионы үүсгүүрүүдийг илрүүлэх, радио давтамжийн харилцан нөлөөллийг 24 цагийн турш хянах, илрүүлэх боломжтой систем юм.