Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо болон “Монгол Маркетер” ТББ хамтран хэвлэл мэдээлэл, зар сурталчилгааны байгууллага, бизнес эрхлэгч, маркетеруудад зориулсан “ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ НЭГДСЭН ҮЗЭСГЭЛЭН, ЯАРМАГ-2013” арга хэмжээг 2013 оны 11-р сарын 15,16,17-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээ нь үзэсгэлэн болон бага хурал гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдах бөгөөд зар сурталчилгааны салбарын өнөөгийн хөгжил, чиг хандлагыг тодорхойлон, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт технологийг танилцуулах, хэвлэл мэдээлэл болон зар сурталчилгааны байгууллагуудад дотоод болон гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хэрэглэгчийн хүрээгээ тэлэх боломжийг олгох, реклам, сурталчилгаа түгээгч сувгууд болон бүтээгч, үйлдвэрлэгч байгууллагуудыг нэг дор төвлөрүүлж, бизнесийн байгууллагуудад үнэн бодит мэдээлэл өгөх ач холбогдолтой.
Телевиз, сонин сэтгүүл, вэб сайт, ФМ радио, хэвлэл болон мэдээллийн технологийн компани, сав баглаа боодол, бэлэг дурсгал, хаяг реклам, гэрэлтүүлгийн үйлчилгээ, и-мэйл болон мессеж маркетинг, лавлах үйлчилгээ үзүүлэгчид, зар сурталчилгааны самбар, түрээсийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд, рекламны болон фото студи, маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид уг үзэсгэлэн яармагт оролцох боломжтой юм.