Тус хорооны удирдлага 2019 оны 1 дүгээр сарын 5-наас 10 өдрүүдэд Тайланд улсад айлчилж Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллага /Asia-Pacific Telecommunication (APT)/, Ази номхон далайн Шуудан холбоо /Asian-Pacific Postal Union(APPU)/ удирдлага, албаны хүмүүстэй уулзалт хийж санал солилцсон юм.
Тус уулзалтаар АНДЦХБ, АНДШХБ байгууллагуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах, ХХЗХ-ны мэргэжилтэн, инженерүүдийг чадавхжуулах, сургалтад хамруулах болон хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллага нь 1979 онд анх Зүүн өмнөд Азийн 10 гаруй орны санаачилгаар байгуулагдаж тус бүс нутгийн олон улсын мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбарын нийтлэг хөгжлийн бодлого, зохицуулалт, стандардчилалын талаар хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөхүүлэн дэмжих, бүс нутгийн хэмжээнд уялдуулах чиглэлээр ажилладаг.
Ази Номхон далайн шуудан холбооны байгууллага нь Ази Номхон далайн бүсд байрладаг улс хоорондын 31 шуудангийн байгууллагыг нэгтгэдэг бөгөөд тус байгууллага нь Нэгдсэн үндэсний байгууллагын тусгай төлөөлөгч Universal Postal Union – Дэлхийн шуудан холбооны байгууллагын салбар юм. АНДШХБ нь шуудангийн салбарт гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сайжруулах, дэмжих зорилготой байгууллага юм.