Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 160 дугаар тогтоолоор Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтад “Мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл” гэсэн хэсэг нэмэгдэн батлагдлаа.
Дотоодын компьютер, электрон барааны брэндүүдийг дэмжих үүднээс сэлбэг, дагалдах хэрэгсэлийг гаалийн болон НӨАТатвараас чөлөөлбөл үндэсний брэнд бүтээгдэхүүний үнэ хямдарч, өрсөлдөх чадвар өсч, электроникийн салбарын зах зээлээс гадагшаа гарч байгаа мөнгөн урсгалын 40 хүртэлх хувийг хоёр жилийн дотор дотооддоо авч үлдэх боломжтой гэсэн тооцоо судалгааг Ерөнхий сайдын дэргэдэх Мэдээллийн технологийн зөвлөлөөс гаргасан.
Манай оронд электроникийн үйлдвэрлэл 1974 оноос эх сууриа тавьж, 1990-ээд он гэхэд микрокомпьютер, хар цагаан болон өнгөт телевизор угсарч байсан түүхтэй. Зах зээлийн шилжилтийн үед үйлдвэрлэл зогссон ч 2000 онд “МОНЭЛ” брэнд гарснаар электроникийн үйлдвэрлэл эргэн сэргэжээ. Одоо “Эм Си Эс элөктроникс”, “Мигма элөктроникс”, “Би Эс Би Электроникс” зэрэг компани брэнд гаргаж, 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна.
Эх сурвалж: ЗГХЭГ, МТШХХГ