Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, улс орны хэмжээнд нэгдмэл кодчиллыг бий болгосноор мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх, гудамж, зам талбай, албан байгууллага, айл өрх бүрийг хаягжуулж, шуудангийн бүсийн тогтолцоонд шилжүүлэх, бүх шатны шуудан хүргэлтийн боловсронгуй болгох зорилтуудыг биелүүлэх ажлын хүрээнд МХХТГ-ын даргын 2005 оны 02 тоот тушаалаар салбар бүрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг, ЗТАЖ-ын сайд, МХХТГ-ын даргын 2005 оны 182/132 тоот хамтарсан тушаалаар үндэсний хэмжээний шуудангийн нэгдсэн кодыг боловсруулах ажлын хэсгүүд тус тус байгуулагдан ажилласан.
ЗТАЖ-ын сайдын 2007 оны 06-р сарын 29-ний өдрийн 101 тушаалаар “Шуудангийн нэгдсэн код” батлагдаж кодыг нэвтрүүлэх ажлыг Шуудангийн тухай хуулийн 9.1.3-р заалтын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцан “Шуудангийн нэгдсэн код бүсчлэлийн кодыг оноох, мэдээллийн сан бүрдүүлэх журам”–ыг 2008 оны 20 дугаар тогтоолоор баталсан.
Уг журмыг ХХЗХороо 2011 оны 66 тоот тогтоол, 2015 оны 72 тоот тогтоол, 2016 оны 12 тоот тогтоолоор тус тус өөрчлөн найруулж байсан. 2018 онд ХХЗХорооны даргын А/300 тоот тушаалаар холбогдох өөрчлөлтүүдийг тус тус хийсэн.
Засгийн газрын 2007 оны 200-р тогтоолоор батлагдсан “Бүсчлэлийн кодыг нэвтрүүлэх, хэрэглэх журам”-аар:
- Хаягийн бүсийн тогтолцоог бий болгосон;
- Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн;
- Газар зүйн байршлыг тодорхойлдгоороо шуудангийн индексээс илүү мэдээллийг хэрэглэгчид олгох болсон зэрэг давуу талуудтай.
Шуудангийн нэгдсэн код нь 5 болон 9 оронгийн тоон илэрхийллээс бүрдэнэ.
Хаягийн бүсийн байршлыг 5 оронгоор тодорхойлох бол 9 оронтой кодыг Хот байгуулалт, хөгжлийн газарт бүртгэгдсэн барилга байгууламжийн код юм.
Цаашид төмөр зам дагуу суурин газрууд болон хүн амын суурьшил ихтэй сум суурин газрын барилга байгууламжид 9 оронтой код оноох ажил эхлээд байна.
Шуудангийн нэгдсэн кодын формат ерөнхий шаардлага стандарт /6775:2019/-д дараах байдлаар тодорхойлжээ.
- Улаанбаатар хотын шуудангийн нэгдсэн кодын дугаарлалт:
- Улаанбаатар хот
15- Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг
15120- УБ хотын Чингэлтэй дүүргийн хаягийн бүс Бага тойруу-3
15120-1234: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3-т байрлах 22-р
объектод оноогдсон код бөгөөд дээрх объектын хаягийн бичвэр нь:
Зоос гоёл ХХК-ийн байр
Анкарагийн гудамж-22/1
Бага тойруу-3
Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар 15120-1234 гэж бичигдэнэ.
- Хөдөө орон нутгийн шуудангийн нэгдсэн кодын дугаарлалт:
8- Баруун бүс
81- Баруун бүст орших Завхан аймаг
81290 - Баруун бүст орших Завхан аймгийн Ургамал суманд оноосон код бөгөөд сум нь дотроо багийн зип кодтой.
Жишээ нь: 81290 гэсэн код нь Завхан аймаг, Ургамал сумын Тосгуур баг
Хаягийн бичвэр нь:
Нутгийн удирдлагын ордон
Ургамал сум, Тосгуур баг
Завхан 81290
ХХЗХороо нь шуудангийн нэгдсэн кодын лавлахыг 2007 оноос эхлэн 2009, 2010, 2013, 2016, 2017 онуудад эмхэтгэн гаргасан.