Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Цахим орчинд хүүхдийг хамгаалах сэдвээр хэлэлцүүлэг, сургалт...
Цахим орчинд хүүхдийг хамгаалах сэдвээр хэлэлцүүлэг, сургалт боллоо
2016-02-05
2016 оны 2 дугаар сарын 2,3-ны өдрүүдэд Харилцаа холбооны зохицуулах хороо, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийн төлөө үндэсний газар, ECPAT олон улсын байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн сангийн зүүн Ази, Номхон далайн бүсийн мэргэжилтнүүд хамтран Монгол Улс цахим орчинд хүүхдийг аливаа дарамт, хүчирхийлэл, бэлгийн мөлжлөгөөс хамгаалах бодлогын түвшинд болон мэдээлэл харилцааны технологийн хэрэглээний түвшинд хэрхэн ажиллах талаар хэлэлцүүлэг хийлээ. Тус хэлэлцүүлэгт холбогдох яам тамгын газар, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд, салбарын мэргэжилтнүүд оролцож санал бодлоо хуваалцлаа.

Интернэт, олон нийтийн сүлжээ нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэлээлэл авах хязгааргүй эрх чөлөөг хүүхдэд олгож байгаа ч үүнийг дагаад онлайн орчинд бусдын доромжлолд өртөх, зохисгүй мэдээ материал олж үзэх, бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн золиос болох зэрэг олон эрсдэлтэй тулгарч, улмаар хор уршигийг нь амсаж байдаг.

 Үндэсний түвшинд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны WePROTECT загварыг НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийн зөвлөх Aфроз Кавиани Жонсон танилцууллаа. Энэхүү цахим орчин дах бэлгийн мөлжлөг, гэмт хэрэгтэй тэмцэх энэ санаачлагад 50 гаруй улс гарын үсэг зурж, нэгдсэн байна. Харин Монгол Улс уг загварыг  авч үзэн нэгдэхээр ярилцаж байна.

WePROTECT загвар:

 

Засаглал ба хууль тогтоомжийн хүрээнд үндэсний засгийн газар ба хяналт тавих хороо, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн нөхцөл байдлын үндэсний дүн шинжилгээ, гэм буруутныг мөрдөн шалгаж, хохирогчийг хамгаалах хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх нь чухал.

Судалгааг сайн хийсний үндсэн дээр нотолгоон дээр суурилсан үйл ажиллагааг явуулах хэрэгтэй. Ихэвчлэн амьдралын нөхцөл хүнд хүүхдүүд энэ төрлийн гэмт хэрэгт өртөх нь элбэг байдаг учраас судалгаанд үндэслэн авч хэрэгжүүлэх арга хэмжээг тогтоох нь чухал.

Энэ төрлийн гэмт хэрэгтнүүд хүүхдүүдтэй холбоотой ажлын байранд орох сонирхолтой байдаг. Тиймээс багш, сурган хүмүүжүүлэгч, асрах газрын ажилтнуудыг сонгон шалгаруулахдаа хяналтыг сайжруулах хэрэгтэй байдаг. Энэ нь гэмт хэрэгтнийг дахин хэрэг үйлдэхээс сэргийлэх менежмент юм.

Хохирогчийг хамгаалах, хохирохоос урьдчилан сэргийлэхэд тусламжийн үнэ төлбөргүй утас хамгийн чухал. Үүнээс гадна Хүүхэд хамгааллын хуулийг батлахаар хэлэлцэж байгаа нь сайн зүйл.

Хүүхдийн дуу хоолойг сонсох нь энэ чиглэлийн бодлого үр дүнгээ өгөхөд чухал ач холбогдолтой юм.

Дээрх хэлэлцүүлэгт оролцогчдоос дараах санал, санаачлагыг дэвшүүлж саналаа нэгтгэлээ. Үүнд:

  • Нэн яаралтай “Хүүхэд хамгаалал”-ын тухай хуультай болох
  • Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төр болон хувийн хэвшлийн байгууллагууд нэгдсэн зохион байгуулалттай ажиллах
  • Хүүхэд цахим орчинд хэрхэн хохирогч болж байгаа талаар олон нийтэд мэдүүлэх, сурталчилан таниулах
  • Гарч болзошгүй сөрөг үзэгдлүүдийг тодорхойлж, тухай бүрт судалгаа хийх олон нийтэд мэдээлэх
  • Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн нэр томьёог олон нийтэд ойлгомжтой болгох, Монгол хэлэнд хөрвүүлэх

Бусад дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ikon.mn/n/nxe, http://itoim.mn/index.php/site/news/35958, http://news.gogo.mn/r/178682  -аас авна уу.