Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 4 стандарт шинээр...
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 4 стандарт шинээр батлагдлаа
2016-02-01

Монгол Улсын Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурал 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хуралдлаа. Энэ удаагийн хурлаар салбарын техникийн хороодоор хэлэлцэн дэмжигдсэн Хүнсний-2, Арьс ширний-4, Мэдээлэл харилцаа холбооны-4, Аюулгүй байдлын-2 нийт 12 стандартыг хэлэлцсэн байна.

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны /ХХЗХ/ захиалгаар “Хүнд нөлөөлж байгаа радио давтамжтай цахилгаан соронзон орныг хэмжих ба тооцоолох (100 кГц –ээс 300 ГГц хүртэл)”, “Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага”, “Харилцаа холбооны цамхаг байгуулахад тавих ерөнхий шаардлага”, “Нэгдсэн хаягжуулалт.  Хаягийн бичвэрт тавих шаардлага” стандартуудын төслийг сонгон шалгарсан мэргэжилтнүүдийн баг тус тус боловсруулсан бөгөөд тус зөвлөлийн хуралд хэлэлцэн сонгон хэрэглэх үндэсний стандартаар баталсан болно. Үүнд:

  1. “Хүнд нөлөөлж байгаа радио давтамжтай цахилгаан соронзон орныг хэмжих ба тооцоолох (100 кГц –ээс 300 ГГц хүртэл)” стандарт

Бид бүхэн цахилгаан соронзон орны байнгын үйлчлэл дор амьдарч байна. Бидний өдөр тутмын хэрэглээ болсон компьютер, гар утас, ахуйн цахилгаан хэрэгслүүд, телевизор мөн түүнчлэн цахилгаан дамжуулах шугам, цахилгаанаар явдаг тээврийн хэрэгслүүд, радио болон телевиз хийгээд хиймэл дагуулын холбооны станцууд, радиолокатор эд бүгд биднийг хүрээлэн бүрхсэн цахилгаан соронзон оронг үүсгэнэ. Цахилгаан соронзон орон нь хүнд ашигтай болон хортой янз бүрийн нөлөө учруулдаг ба хүн амын цахилгаан соронзон орны аюулгүй байдлыг хангах үндэс нь үндэсний стандартуудын систем болдог.

2015 онд “Радио давтамжтай цахилгаан соронзон орноос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (3 кГц -ээс 300 ГГц хүртэл). MNS 5594:2015” ба “Радио давтамжтай цахилгаан соронзон орноос хүнд үзүүлэх нөлөө аюулгүйн түвшинд нийцэж буй эсэхийн үнэлгээ. MNS 5148:2015” стандартууд шинэчлэгдэн батлагдаж мөрдөгдөж эхэлсэн. Эдгээр стандарт нь өмнөх хувилбараа бодвол нэлээд дэлгэрэнгүй болж радио давтамжтай цахилгаан соронзон орноос хүнд үзүүлж болох нөлөөний өнөөгийн түвшинд мэдэгдэж байгаа бүх төрлийг хамарсан бөгөөд ингэснээр олон улсын жишигт илүү дөхөж зохих хэмжээгээр нийцсэн болно. Эдгээр стандартын хэрэгжилтийг хангах, орны нөлөөг тодорхойлох зэрэгт цахилгаан соронзон орныг хэмжих шаардлагатай. Цахилгаан соронзон орноос хүнд үзүүлэх нөлөөг тодорхойлох хэмжилт нь цахилгаан соронзон орны бусад төрлийн хэмжилтүүд, тухайлбал тодорхой нэг радио, телевизийн зэрэг радио долгион цацруулдаг станцын цахилгаан соронзон оронг хэмжих, тэдгээрийн үйлчлэх хүрээг тогтоох, станцуудын харилцан үйлчлэлийн нөлөөг тодорхойлох гэх мэтийн хэмжилтүүдээс ихээхэн онцлогтой. Тухайлбал, ийм төрлийн хэмжилт нь ихэнх тохиолдолд ойрын орны хэмжилт байх бөгөөд хэмжих орон зай нь байшин барилга дотор байх нь олонтоо байдаг. Үүнээс гадна дотоодын оронг болон энергийн хувийн шингээлтийн хурдыг хэмжих шаардлага ихэд тулгардаг. Мөн индукцын болон контактын гүйдлийг хэмжих хэрэгцээ ч их байдаг. Иймд энэ стандартыг боловсруулах шаардлагатай болсон.

Энэхүү стандартыг IEEE нийгэмлэг болон “IEEE Standards Association (IEEE-SA) Standards Board”-оос боловсруулж гаргасан  “IEEE Std C95.3-2002 (R2008), IEEE Recommended practice for measurement and computations of radio frequency electromagnetic fields with respect to human exposure to such fields, 100 kHz-300 GHz” стандартад тулгуурлан боловсруулсан байна.

  1. “Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага” стандарт

Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд телевизийн студийн тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг олон улсын жишигт хүргэх шаардлага тулгамдаж байна. Энэ стандартаар телевизийн нэвтрүүлэг дамжуулах, түгээх сүлжээг тоон технологид шилжүүлэх,  өргөтгөх, тоон телевизийн студид тавих үндсэн шаардлагыг тогтоосон.

Энэхүү стандарт батлагдснаар Монгол улсад тоон телевизийн үйлчилгээ эрхлэгч байгууллага аж ахуйн нэгжүүдийн студийн тоног төхөөрөмжүүдийн чанарын үзүүлэлтүүд дээшилж, олон улсын стандарт хангахуйц контентийн үйлдвэрлэл хөгжих гол үндэс суурь болно. Үүний үр дүнд бид манай оронд болох олон улсад өндөр ач холбогдол бүхий үйл явдлуудын тухай шууд нэвтрүүлгийг олон улсын телевизийн өргөн нэвтрүүлгийн зах зээлд гаргах боломж бүрдэнэ.

Монгол улсад телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж буй эфирийн болон кабелийн телевизийн студи, продакшн студид энэхүү стандарт хамаарахаас гадна телевизийн нэвтрүүлэг дамжуулах, түгээх сүлжээг тоон технологид шилжүүлэх,  өргөтгөхөд уг стандартыг мөрдөнө.

Энэхүү стандартыг “High-definition television (HDTV) digital recording formats ITU-R Recommendation  BR.1375-3; Test signals and metering to be used on international sound programme connections “ITU-R Recommendation BS.645-2”; IEC TR 60268-18:1995, Sound system equipment - Part 18: Peak programme level meters - Digital audio peak level meter; EBU Technical Recommendation R68-2000 Alignment level in digital audio production equipment and in digital audio recorders; (IEC 61938:2013), ITU-R BT.601-5 Parameter values for the HDTV standards for production and international programme exchange;  Rec. ITU-R BT.801-1  Test signals for digitally encoded colour television signals conforming with Recommendations ITU-R BT.601 and ITU-R BT.656 стандартад тулгуурлан боловсруулсан байна.

  1. Харилцаа холбооны  цамхаг байгуулахад тавих ерөнхий  шаардлага стандарт

MNS 5884:2008 стандартыг шинэчлэн боловсруулахдаа ерөнхий шаардлага талаас нь хуучин шаардлагуудыг хэрхэн сайжруулах, заавал байх ёстой ямар ямар шаардлагууд дутуу байгааг тус тус тодорхойлон гаргаж дараах агуулгын дагуу шинэчилэн боловсруулсан. Үүнд:

  • Ерөнхий шаардлага
    • Цамхагийн хийц загвар ба хэмжээ
    • Цамхагийн байршилд тавих шаардлага
  • Харилцаа холбооны цамхагт тавих техникийн шаардлага
    • Цамхаг байгуулахад шаардагдах талбайн хэмжээ
    • Цамхагийн суурь ба их бие
    • Цамхагт байрлах ажлын тавцан ба шат
    • Цамхагийн хамгаалалтын хашаа
    • Цамхагийн гэрэлтүүлэг ба тэмдэглэгээ
    • Цамхагийн газардуулга ба аянга зайлуулагч
    • Барилга, байгууламжийн дээвэрт цамхаг, антенн байрлуулах
  • Харилцаа холбооны цамхагт стандартын дагуу шалгалт хийх жишиг загвар

Стандарт батлагдсанаар одоо ашиглагдаж байгаа цамхагуудад мөрдөх боломжтой шаардлагуудыг тодорхойлон мөрдүүлэх, цаашид шинээр байгуулах харилцаа холбооны цамхагт  стандартыг бүрэн мөрдөх боломжтой гэж үзэж байна.

MNS 5884:2008 стандартыг шинэчлэн боловсруулахдаа АНУ, Непал, Австрали, Ганна, Малайз, Нигер, БНХАУ, БНЭУ, ОХУ зэрэг орнуудад  холбооны цамхаг шинээр  байгуулах талаар мөрдөж байгаа стандарт, дүрэм, журам, зөвлөмжүүдийг судлан өөр хооронд нь болон өөрсдийн тулгуур санаатай харьцуулалт хийсний үндсэн дээр Монгол улсын бодит нөхцөл шаардлагад нийцсэн, цаашид мөрдөгдөх боломжтой стандарт болгохыг зорьж ажилласан байна.

  1. “Нэгдсэн хаягжуулалт. Хаягийн бичвэрт тавих шаардлага” стандарт

MNS 6275:2011 стандартыг шинэчилсэн энэхүү хувилбар нь ард иргэд, албан байгууллага, шуудангийн операторуудад өдөр тутам хэрэглэгдэх хаягийн төрлүүд хийгээд бичвэрийн форматыг тогтоож байгаагаараа онцлог юм. Энэхүү стандартыг дараах зорилгоор шинэчлэн хянасан:

  • УИХ, Засгийн газраас хамгийн сүүлд баталсан хууль, журамд стандартыг нийцүүлэх
  • Байршлын хаягийг амаар болон бичгээр дамжуулахад хамгийн товчхон ойлгомжтой байлгах
  • Хаягуудыг олон янзаар тайлбарладаг байдлыг цэгцлэх
  • Байршлын хаягийг цахим худалдаанд хэрэглэхэд хялбар болгох
  • Шинэ хаягжуулалтын компанит ажил улс орон даяар зохион байгуулагдахад ашиглагдахуйц баримт бичиг бий болгох
  • Шуудангийн үйл ажиллагаанд дэмжлэг болох

Энэ стандарт батлагдсанаар дараах ач холбогдолтой:

  • Хаягжуулалтын тухай хууль, Засгийн газрын журамд туссан бүхий л зорилтуудын бодит үр дүнг ард иргэдэд хүртээх
  • Гадаад, дотоодын хэн ч бай бусдаар заалгалгүй, Монгол улсад хүссэн хаягаа шууд олж очдог болно.
  • Монголчуудын хаягийн аман-хэлц хэлбэрийг халж, оронд нь гудамжнуудын нэр /хаяг/-ийг эргэлтэнд оруулна.
  • Олон нийт хаягуудыг нэгдсэн байдлаар ойлгож, ухагдахуунууд дээр онолын маргаан үүсэхгүй болно.
  • Монгол улсын далайд гарцгүй, түгжигдмэл байдлыг гэтлэхэд eBay, Amazon, Аlibaba гэх мэтийн олон улсад алдартай цахим худалдааны порталуудыг бодит гарц болгох, цахим нийгмийн дундаж давхаргын ашиг орлогыг нэмэгдүүлэх.
  • Айл байгууллага бүрийг шуудангийн хайрцагтай болгох үйл явцыг идэвхижүүлэх
  • Ингэснээр хаягийн менежментийг оновчтой зохион байгуулах, шуудангийн эргэлтийг хурдасгах боломжтой болно.
  • Орчин үеийн цахим газрын зураг, газарзүйн байршил тогтоох хиймэл дагуулын тусламжтай ажилладаг олон төрлийн програм хангамжуудыг хөгжүүлэх
  • Маш их хэмжээний илгээмжийг хилээр саад багатай гаргах
  • Шуудангийн үйл ажиллагааны зардлыг бууруулах
  • Буцах илгээмжийн тоог бууруулах

Энэхүү стандартыг шинэчлэн боловсруулахдаа UPU S42, Дэлхийн шуудангийн байгууллагын стандарт, “Олон улсын шуудангийн хаяг, түүний бүрдэл хэсгүүд ба загварууд” мөн Postal Addressing Standards for Puerto Rico and US Virgin Islands болон Address Standards, New Zealand Post, АНУ, Их Британи зэрэг улсуудын стандартуудыг судалсан байна.

Дээрх нэр бүхий 4 үндэсний стандартуудыг МУИС-ийн профессор Э.Дамдинсүрэн, МУ-ын зөвлөх инженер Ө.Цогзолмаа, МУ-ын зөвлөх инженер Д.Цэдэвсүрэн, ШУТИС-ийн МХТС-ийн холбооны салбарын эрхлэгч профессор (PhD) Н. Эрдэнэхүү, мэргэшсэн инженер Н.Баярхүү, профессор доктор (Ph.D) О.Балдангомбо, МУИС-ийн ХШУИС-ийн багш, доктор /Ph.D/ Б.Өсөхбаяр, Э.Золбаяр /MSc, MBA/ нар тус тус боловсруулсан.

Стандартыг боловсруулах шатанд МУИС-ийн ХШУИС-ийн сургалтын албаны эрхлэгч доктор профессор Д.Бямбажав, ШУТИС-ийн МХТС-ийн Холбооны салбарын профессор Ж.Жавзансүрэн, Мэдээлэл холбооны чадавхийн хөгжлийн тэргүүн У.Тамир, МХС ТӨХХК-ийн ШУТ-ийн дарга, МУ-ын Гавъяат холбоочин, зөвлөх инженер Ц.Эрдэнэцэцэг нар стандартын экспертээр ажиллаж, үнэтэй санал зөвлөмж өгсөн болно.