Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / SPS World спортын сувгийг ДДэш ТВ ХХК-ийн...
SPS World спортын сувгийг ДДэш ТВ ХХК-ийн сүлжээгээр дамжуулахгүй байгаа асуудлын тайлбар
2016-01-18
SPS World спортын сувгийг ДДэш ТВ ХХК-ийн сүлжээгээр дамжуулахгүй байгаа асуудлын тайлбар SPS World спортын сувгийг ДДэш ТВ ХХК-ийн сүлжээгээр дамжуулахгүй байгаа асуудлын тайлбар

Тус хороо нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 болон бусад хууль тогтоомжид заасны дагуу сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгодог. ЦДЦ ХХК компани нь Улаанбаатар хотод спортын төрөлжсөн “SPS” сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2013 онд авсан.

Харин бусад нэр бүхий нэмэлт (SPS-PRIME, SPS-ACTION, SPS-PLAY, SPS-PLUS) төлбөртэй 4 суваг нь тусгай зөвшөөрөлгүй юм.   

Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын хамрах хүрээг Монгол Улсын нутаг дэвсгэрт болгон  өргөжүүлэхдээ тус хорооны 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 30 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ хүргэхэд тавигдах нөхцөл шаардлага”-ыг баримтлан хүсэлтийг шийдвэрлэдэг.

Энэхүү нөхцөл шаардлагын дагуу өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудаас хамрах хүрээ өргөжүүлэх хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авч, ирүүлсэн материал болон тухайн үйлчилгээ эрхлэгчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдалд үнэлгээ хийсний үндсэн дээр хамрах хүрээ өргөжүүлэх эсэхийг Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэдэг.

SPS World суваг тус хороонд хамрах хүрээгээ Монгол Улсын хэмжээнд болгож өргөжүүлэх хүсэлтийг ирүүлсэн ч дараах үнэлгээгээр хангалтгүй дүгнэгдсэн. Үүнд:

  • Хамрах хүрээ өргөжүүлэх хүсэлт, хавсралт материалуудыг SPS сувгийн тусгай зөвшөөрлийн эзэмшигч болох ЦДЦ ХХК-с бус өөр компанийн нэрээр ирүүлсэн нь хууль эрхзүйн хувьд шийдвэр гаргах боломжгүй.
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ хүргэхэд тавигдах нөхцөл шаардлага-ын 5.1.3 хэрэгжилт хангалтгүй, 5.1.8 –д заасан шаардлага хангасан  болох нь ирүүлсэн баримтаар нотлогдоогүй.
  • Харилцаа холбооны тухай хуулийн 25.2.7, тусгай зөвшөөрлийн гэрээний 6.3–д заасны дагуу шаардлагатай мэдээлэл ирүүлээгүй.
  • Мониторингийн дүнгээр хөтөлбөрт тусгаагүй нэвтрүүлэг цацсан, зар сурталчилгааны хэтрэлттэй зэрэг зөрчлүүд илэрсэн.

Иймд SPS world сувгийн хамрах хүрээг нэмэгдүүлэх шийдвэр гаргах боломжгүй бөгөөд дээрх зөрчлийг арилган хүсэлтээ тус хороонд дахин ирүүлэх бүрэн боломжтой юм.

Гэхдээ SPS World суваг нь Улаанбаатар хотод бусад бүх олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээгээр дамжуулж хөтөлбөрөө хүргэх эрхтэй болно.

Түүнчлэн SPS суваг нь өөрийн төлбөрт сувгуудаар дамжуулж байгаа спортын тэмцээнүүдтэй холбоотойгоор олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн дахин дамжуулж буй үзэгчдийн үзэж сонирхдог төлбөргүй гадаад сувгуудыг /CCTV5, Россия-2 гэх мэт/ хаалгаж байгаа талаар үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчдээс гомдол ихээхэн ирсээр байна.

Энэхүү оюуны өмч болоод өрсөлдөөний асуудалтай холбоотой харилцааг Оюуны өмчийн газар болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандахыг хэрэглэгчдэд зөвлөж байна.