Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Улаанбаатар хотод харуул хамгаалалт, такси үйлчилгээ эрхлэгч...
Улаанбаатар хотод харуул хамгаалалт, такси үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын тайлан
2015-12-10
Улаанбаатар хотод харуул хамгаалалт, такси үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын тайлан Улаанбаатар хотод харуул хамгаалалт, такси үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын тайлан

Ажлын зорилго:

Хорооны даргын  2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/246 дугаар тушаалын дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй харуул хамгаалалтын аж ахуйн нэгж, байгууллагууд болон такси үйлчилгээ эрхлэгч компаниудад Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”, “Харилцаа холбооны тухай хууль”,  “Радио долгионы тухай хууль” тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, хэрэгжүүлэхтэй холбогдох шалгалтыг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахад оршино.

2.      Ажил гүйцэтгэсэн хугацаа:

2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл.

3.      Хэмжилт, шалгалтын хамрах хүрээ, байршил

Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул  дүүргүүдэд банк санхүү, барилга угсралт, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын харуул хамгаалалтын алба болон такси үйлчилгээ эрхлэгч компаниуд болон 2015 онд радио давтамж ашиглах эрхийн бичиг нь цуцлагдсан аж ахуй нэгж байгууллагууд хамрагдав.

4.      Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:

-        ACECO SC-1 давтамж тоологч

-        Bird 4420 гаралтын чадал хэмжигч

-        Anritsu 2724B спектр анализатор

5.      Ажлын хэсгийн бүрэлдэхүүн:

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны хяналтын инженерүүд. Үүнд:

Ажлын  хэсэг 1:        Н.Амарзаяа

/Радио долгион хяналтын станцын инженер, ХХХУлсын байцаагч/

М.Болдбат

/Радио долгион хяналтын станцын инженер/

Ц.Батхүү

/Радио долгион хяналтын станцын инженер/

Б.Баттулга

/Радио долгион хяналтын станцын инженер/

С. Буянжаргал

/Радио долгион хяналтын станцын жолооч/

 

Ажлын  хэсэг 2:        Ч.Энхболд

/Радио долгион хяналтын станцын ахлах инженер, ХХХУлсын байцаагч/

Д.Санжсүрэн

/Радио долгион хяналтын станцын инженер/

Ц. Өсөхбаяр

/Радио долгион хяналтын станцын инженер/

Л.Одсүрэн

/Радио долгион хяналтын станцын инженер/

П. Ганболд

/ЭЗМЗАлбаны жолооч/

6.      Шалгалтын ажлын явц, гүйцэтгэл:

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй радио давтамжийн эрхийн бичиг эзэмшигч харуул хамгаалалтын аж ахуйн нэгж, байгууллагууд болон такси үйлчилгээ эрхлэгч компаниуд мөн радио давтамж ашиглах эрхийн бичиг нь цуцлагдсан хувь хүн, албан байгууллагуудад хийх шалгалтын ажлыг гурван үе шаттайгаар хийж гүйцэтгэв. Үүнд:

 6.1.1 Такси үйлчилгээ эрхлэгч компаниудад хийсэн шалгалт:

 Улаанбаатар хотод такси үйлчилгээ эрхлэгч компаниудад “Харилцаа холбооны тухай хууль, “Радио долгионы тухай” хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам болон Радио давтамжийн эрхийн бичигтэй холбоотой төлбөр, сунгалт, нөхцөл шаардлагын биелэлт, ашиглаж байгаа радио давтамжийн зурвас, ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн гаралтын чадлыг тодорхойлох хэмжилт шалгалтыг 2015 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэв.

Такси үйлчилгээ эрхлэгч компаниудад шалгалт хийх тухай мэдэгдсэний дагуу шалгалтанд нийт 10 байгууллага хамрагдсанаас 7 байгууллага нь тогтмол үйл ажиллагаа явуулж “Сити такси” ХХК, “Тариат трейд ХХК, “Монгол такси” ХХК-ууд нь үйл ажиллагаа явуулаагүй байв.

Мөн байгууллага бүрийн такси дуудлагын төв /диспетчерийн байр/-д ашиглаж байгаа болон тухайн байгууллагын 5-10 таксийг дуудан хөдөлгөөнт байдлаар ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүдийн давтамжийг тоолох замаар хэмжилт хийж, гарсан зөрчил болон авах арга хэмжээний талаар тухай бүрд нь танилцуулж байлаа.  

Улаанбаатар хотын “Цагдаагийн газрын Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлыг Хангах хэлтэстэй” хамтран явуулах хэмжилт, шалгалт хийх ажлыг зохион байгуулалтыг хангаж ажиллах хүрээнд такси үйлчилгээ эрхлэгч компаниудын дуудлагын жолооч нарын ашиглаж байгаа радио тоног төхөөрөмжийн мэдээлэл, суурин станцтай машинуудын дугаар, бүртгэлийн мэдээллийг авч ажиллав.  

6.1.2 Дуудлагын такси үйлчилгээ явуулдаг жолооч нарын үйл ажиллагаанд Замын цагдаагийн газартай хамтарч хийсэн хэмжилт, шалгалт: 

ХХЗХороо болон Улаанбаатар хотын “Цагдаагийн газрын Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлыг Хангах хэлтэс”-ийн хамтарсан удирдамжийн дагуу такси үйлчилгээ эрхлэгч компаниудын суурин станцтай машинуудын радио тоног төхөөрөмжид хэмжилт, шалгалтын ажлыг Замын цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн цагдаагийн бие бүрэлдэхүүнтэй хамтарч Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул  дүүргүүдийн нутаг  дэвсгэрт 2015 оны 11дүгээр сарын 09-13-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэв.

Шалгалтын явцад дараах арга хэмжээг авч ажиллаа. Үүнд:

  • Радио тоног төхөөрөмжийн радио давтамжийн зурваст болон гаралтын чадалд хэмжилт хийж, эрхийн бичигт заагдсан радио давтамжийн зурвас болон гаралтын чадлын норм, хэмжээг хангаж ажиллаж байгаа эсэхийг тодорхойлж ажиллав
  • Шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг байцаагчийн албан шаардлагын хамт өгч, ашиглаж буй радио тоног төхөөрөмжийг түр хураан авч зөрчлийг арилгуулан тоног төхөөрөмжийн буцан өгч ажиллав
  • Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг таниулан мэдүүлэх, мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгч тус тус ажиллав.

Шалгалтын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

Шалгалтанд нийт дуудлагын такси үйлчилгээ явуулдаг 5 аж ахуй нэгжийн дуудлагын 60 такси үйлчилгээ үзүүлэгчид хамрагдсанаас зөрчилгүй ажиллаж байсан 28 /үүнээс гар утас буюу Mobile App ашиглан дуудлага авдаг 7, машины станц дээр радио давтамж тохируулан үйл ажиллагаа явуулж байсан 21/, ашиглаж байгаа машины станцын гаралтын чадлыг шахаж нэмэгдүүлсэн буюу бусдын радио давтамжийг зөвшөөрөлгүй  тохируулан үйл ажиллагаа явуулж байсан зөрчилтэй 32 такси үйлчилгээ үзүүлэгчид шалгалтанд хамрагдав.

Шалгалтын хугацаанд машины суурин станцын гаралтын чадал нэмэгдүүлсэн, зөвшөөрөлгүй радио давтамж тохируулсан ажиллаж “Радио долгионы тухай хууль”-ийн 20.5.1 дэх заалтыг зөрчин ажиллаж байсан 4 жолоочид тус бүр 20000 төгрөгний торгууль оногдуулж үүссэн зөрчлийг арилгуулан ажиллав. Шалгалтын явцад илэрсэн зөрчлийн хүснэгт 1-т үзүүлэв.

Хүснэгт 1

Илэрсэн зөрчлийн төрөл Тоо ширхэг тайлбар
Зөрчилтэй ажиллаж  байсан нийт 32  
Станцын чадал нэмж хэтэрсэн 17 Станцынхаа гаралтын чадлыг бууруулж эргэн шалгуулсан 
Зөвшөөрөлгүй давтамж тохируулсан  зөрчил 15 Зөвшөөрөлгүй ашиглаж байсан радио давтамжийг устгаж эргэн шалгуулсан 
 Станцын чадал болон давтамж зөвшөөрөлгүй тохируулсан зөрчил давхардсан 7 Зөрчлийг арилган шалгуулсан 
Торгуул тавьсан 4 Торгуулийг барагдуулсан
 

Шалгалтын явцад илэрсэн нийтлэг зөрчлүүд:

·         Радио давтамж ашиглах эрхийн бичигт тусгагдсан радио давтамж дээр тохиргоо хийгдээгүй.

·         Зөвшөөрөлгүй радио давтамжийг тохируулан ажилласан

·         Такси үйлчилгээнд ашиглагдаж байгаа суурин станц нь гаралтын чадал заагдсан хэмжээнээс их.

Дүгнэлт.

1.   Такси үйлчилгээ эрхэлдэг үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд нь дахин дамжуулах станцаа ажиллуулахгүй зогсоосноос дуудлагын жолооч нар нь диспетчерийн дуудлагыг сонсохын тулд ашиглаж байгаа машины станцын гаралтын чадлыг хэтрүүлэн нэмэх асуудал их гарч байна.

2.   Такси үйлчилгээ эрхлэгч байгууллагын ашиглаж буй дахин дамжуулах станцын гаралтын чадлыг баталгаажуулж хамрах хүрээний тооцооллыг хийж найдвартай сонсголын бүсийг тодорхойлж өгөх шаардлагатай байна. Долгионы тархалт муугаас алсаас дуудлага авахын тулд машины станцыг чадлыг нэмэх нэг үндэслэл болж байна.

3.   Техник технологийн хөгжлийн дагуу такси үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд гар утсан дээр Mobile App суулгасан программ ашиглаж эхэлсэн байна. 

Шалгалтын дагуу авах арга хэмжээ:

  • Дахин дамжуулах станцад ашиглах радио давтамжийн зөвшөөрөлтэй боловч станцаа ашиглахгүй байгаа аж ахуй нэгж байгууллагуудад албан тоот хүргүүлэн үйл ажиллагааг нь сэргээн ажиллуулах 
  • Такси үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудад радио давтамж ашиглах эрхийн бичгийн зөвшөөрөл олгохдоо дахин дамжуулах станцаас тархаж байгаа радио долгионы тархалтын тооцоог хийж найдвартай сонсголын бүсийг тодорхойлон ашиглах дахин дамжуулах станцын тоог тогтоон өгч зөвшөөрөл олгох. 
  • Дуудлагын такси үйлчилгээ явуулахгүй байгаа аж ахуйн нэгж байгууллагын радио давтамж ашиглах эрхийн бичгийг дуусгавар болгож ашиглаж байгаа радио давтамжийг чөлөөлөх.

6.2 Харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад хийсэн шалгалт:

Улаанбаатар хотод харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа радио давтамж ашиглах эрхийн бичгийн зөвшөөрөлтэй  аж ахуйн нэгж байгууллагуудад  ашигладаг хэт богино долгионы радио станцын давтамжийн зурвасыг  тогтоох, илэрсэн зөрчлийг арилгуулахаар хэмжилт, шалгалтыг 2015 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэлээ. 

Шалгалтын явцад дараах арга хэмжээг авч ажиллаа. Үүнд:

  • Радио давтамжийн эрхийн бичигтэй холбоотой төлбөр, сунгалт, нөхцөл шаардлагын өөрчлөлтийн талаар мэдээллийг өгөх
  • Харуул хамгаалалтын байгууллагын радио тоног төхөөрөмжийн давтамжийн зурваст хэмжилт хийж, эрхийн бичигт заагдсан радио давтамжийн зурваст ажиллаж байгаа эсэхийг тодорхойлох
  • Радио давтамжийн эрхийн бичиг эзэмшигч иргэн хуулийн этгээдүүдийн ашигладаг радио давтамжийн зурваст харилцан нөлөөлөл үүсгэж байгаа харилцааны радио станцууд болон бусад радио долгион үүсгэгч тоног төхөөрөмжүүдийг илрүүлэх, холбогдох арга хэмжээ авах
  • Шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг албан тоотоор хүргүүлж, ашиглаж буй радио тоног төхөөрөмжийг түр хугацаагаар битүүмжлэн хураан авч, холбогдох хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллав
  • Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг таниулан мэдүүлэх, мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Шалгалтанд харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулж байгаа радио давтамжийн эрхийн бичиг эзэмших зөвшөөрөлтэй нийт 220 аж ахуйн нэгж байгууллага хамрагдлаа. Хөдөө орон нутагт  үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд хэмжилт шалгалтанд хамрагдаагүй болно.  

Радио давтамжийн эрхийн бичиг эзэмшигч харуул хамгаалалтын аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын ажлын гүйцэтгэлийг ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус бүрээр хүснэгт 2-т үзүүлэв.

Шалгалтанд хамрагдсан байдал Хүснэгт 2.

Хэмжилт, шалгалтын үзүүлэлт Харуул хамгаалалтын аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын зөрчлийн бүртгэл Нийт
1-р ажлын хэсэг 2-р ажлын хэсэг
1 Нийт радио давтамжийн эрхийн бичиг эзэмшигч 220  
2 Шалгалтанд хамрагдсан 116 104 220
3 Зөрчил, дутагдал илрээгүй 54 14 68
4 Радио давтамжийн зөрчилтэй 35 17 52
5 Тоног төхөөрөмжийн тоо ширхэг зөрүүтэй 3 7 10
6 Хаяг байршлын өөрчлөлтөө тэмдэглүүлээгүй 7 11 18
7 Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг 2 5 7
8 Радио давтамж ашиглах эрхийн бичиг эзэмших зөвшөөрөлтэй боловч радио давтамж ашигладаггүй 10 37 47
9 Шалгалтанд хамрагдаагүй 3 7 10
10 Хамрах хүрээндээ өөрчлөлт оруулах 1 3 4
11 Радио давтамж ашиглах эрхийн бичигийн хугацаа сунгуулах 1 3 4

Шалгалтын явцад дараах нийтлэг зөрчил дутагдлууд илэрлээ. Үүнд:

  • Радио давтамж эзэмших эрхийн бичигт тусгагдсан давтамжаас өөр давтамж хэрэглэсэн.
  • Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчиж орон сууц дээр дахин дамжуулах станцын нэвтрүүлэх антенн суурилуулсан.
  • Эрхийн бичигт тусгагдсан байршлын хаяг болон тоног төхөөрөмжийн тоо ширхэг зөрүүтэй байсан.
  • Дохиолол хамгаалалтанд ашиглах Радио давтамж ашиглах эрхийн бичигт дохиоллын станцын мэдээлэл тусгагдаагүй байсан.

Шалгалтын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

Шалгалтын хугацаанд зөрчилтэй ажиллаж байсан 52 аж ахуй нэгж байгууллагад үүссэн зөрчлөө арилгах хугацаатай  үүрэг даалгавар өгсний дагуу хугацаандаа илэрсэн зөрчлийг арилган албан тоотоор болон ирж шалгуулсан 20, шалгалтын хугацаанд зөрчил арилгуулахаар 32 аж ахуй нэгж байгууллагад албан тоот хүргүүлэн ажилласан болно.   

Илэрсэн зөрчил авсан арга хэмжээний тухай мэдээллийн  хүснэгт 3-т үзүүлэв

Хүснэгт 3.

Шалгалтын дагуу авсан арга хэмжээ Илрүүлсэн зөрчил, авсан арга хэмжээ Нийт тайлбар
1-р ажлын хэсэг 2-р ажлын хэсэг
Зөрчил арилгасан Зөрчил арилгасан
1 Зөрчил арилгах хугацаат үүрэг даалгавар өгсөн 12 12 8 8 20  
2 Зөрчил арилгуулах хугацаатай албан бичиг өгсөн. 26 24 /2/ 6 2 /4/ 26 /6/ Хариу ирүүлээгүй 4.      Утсаар хариу өгсөн 2
3 Шалгалтын дагуу ашиглагдахгүй байгаа эрхийн бичгийг цуцлуулах хүсэлт ирүүлсэн. 2   5   7  

Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • Дохиолол хамгаалалтанд ашиглах Радио давтамж ашиглах эрхийн бичигт дохиоллын станцын мэдээлэл тусгагдаагүй байсан нийтлэг зөрчил дутагдал илэрч байлаа. Иймд дохиоллын станц ашиглах зөвшөөрөл бүхий албан байгууллага хувь хүний эрхийн бичгийг нягталж тус мэдээлэл орсон эсэхийг нь шалгах шаардлагатай
  • Ихэнх харуул хамгаалалтын алба дохиоллын станцын хувьд телефон станц, интернет ашигладаг болсон байна.  Мөн үүрэн холбооны Жи-Мобайл ХХК-ийн үйлчилгээг холбоо барихад ашиглаж байсан.

6.3.   Цуцлагдсан радио давтамжийн эрхийн бичгийн ашиглалтын байдалд хийсэн шалгалт:

Радио давтамж ашиглах эрхийн бичиг нь цуцлагдсан аж ахуйн нэгж байгууллагуудын ашиглаж байсан радио давтамжийн зурваст үйл ажиллагаа явж байгаа эсэхийг тодорхойлох хэмжилт шалгалтыг  2015 оны 11 дүгээр сарын 01-09-ний хооронд давхар хийж гүйцэтгэв.

Шалгалтанд 2015 онд радио давтамж ашиглах эрхийн бичиг нь цуцлагдсан нийт 117 аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлийг гаргуулан авч шалгалтын ажлын хэсгийнхэн төлөвлөгөөт шалгалтын хугацаанд хамруулан хэмжилт шалгалтыг суурин болон явуулын нөхцөлд хийж гүйцэтгэв.

Шалгалтын хугацаанд нийт 60 аж ахуй нэгж байгууллагыг хамруулан шалгасан ба үүнээс үйл ажиллагаа явуулж байсан 4 байгууллагыг илрүүлэн зөрчлийг арилгуулж ажиллав. Бусад 56 байгууллага нь үйл ажиллагаа явуулаагүй болохыг нягтлан шалгаж тодорхойлсон болно. Радио давтамж ашиглах эрхийн бичиггүй үйл ажиллагаа явуулж байсан 2 байгууллагад тус бүр 100000 төгрөгний торгууль оногдуулан арга хэмжээ авсан болно.