Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас зохион байгуулдаг Дэлхийн радио холбооны ээлжит их хурал (WRC-15) 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдрүүдэд Швейцар улсын Женев хотноо зохиогдох гэж байна. Энэхүү хурал нь утасгүй технологийн бодлого, зохицуулалт, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог нилээд өндөр ач холбогдолтой юм. Энэ хурлын талаар ХХЗХ-ны Радио давтамж зохицуулалт хяналтын албаны дарга З.Амгалангаас тодруулъя.
- Та юуны өмнө утасгүй холбооны өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын талаар товч тайлбар өгнө үү?
Өнөөдөр утасгүй технологийн асар хурдтай хөгжлийн үр дүнд дэлхий нийтээр бүхий л зүйлийн тухай хөдөлгөөнт..., хөдөлгөөнт..., хөдөлгөөнт... гэж ярьж байна гэхдээ энэ утасгүй технологийн хөгжлийн амин сүнс нь радио давтамж, радио давтамжийн зурвас юм. Радио давтамж, радио давтамжийн зурвас нь байгалын хязгаарлагдмал нөөц бөгөөд аливаа улс орны төрийн өмч байдаг. Энэхүү байгалийн хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай хуваарилах, ашиглах үндсэн зохицуулалтыг Дэлхийн радио холбооны их хурлаар шийдвэрлэдэг бөгөөд үүнийг Дэлхийн радио холбооны дүрэм гэнэ. Энэ нь 4000 гаруй хуудастай 4 боть олон улсын засгийн газар хоорондын албан ёсны гэрээ, хэлэлцээр юм.
Сүүлийн 5 жилд дэлхий нийтэд хөдөлгөөнт интернетийн ачаалал огцом нэмэгдсэн. Энэ нь интернет орчны олон нийтийн мэдээллийн сүлжээ (facebook, twitter, youtube гэх мэт), ухаалаг утасны хөгжилтэй шууд хамааралтай юм. Өнгөрсөн жил дэлхий нийтээр хөдөлгөөнт өгөгдөл, интернетийн ачааллын хэмжээ 2000 онтой харьцуулахад ойролцоогоор 30 дахин нэмэгдсэн статистик үзүүлэлт байна. Тухайлбал хөдөлгөөнт өгөгдөл, интернетийн ачаалал жил бүр европт 80%, Азид 150%, Америкт 180%-ийн өсөлттэй байна.
Сиско компанийн судалгаагаар дэлхий нийтэд 2014 оны эцэст ухаалаг утас, хөдөлгөөнт интернетийн хэрэглэгч 500 сая байх ба 2020 он гэхэд энэ тоо 2.8 тэрбум-д хүрнэ гэж тодорхойлсон. Мөн GSMA байгууллагаас 2020 он гэхэд хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээнд зориулж 600-800 МГц -ийн радио давтамжийн зурвасыг нэмэлтээр хуваарилах шаардлагатай болно гэж тооцоолсон байна.
- Энэ их хэмжээний хөдөлгөөнт өгөгдлийн ачаалалд оператор компаниуд хэрхэн бэлдэх вэ?
Энэхүү хурдтай өсөн нэмэгдэж буй хөдөлгөөнт өгөгдлийн ачаалал, хэрэгцээ шаардлага нь хөдөлгөөнт холбооны оператор компаниудад багагүй дарамт үзүүлж байна. Хөдөлгөөнт холбооны сүлжээ нь нарийн хоолой эсвэл машин замтай яг адил хязгаарлагдмал зурвас зайтай байдаг. Жишээ нь их хэмжээний ачаалал нэгэн зэрэг ирэхэд сүлжээний ачаалал огцом ихсэж тэр хирээр хурд саарна, машинаар бол мөлхөж заримдаа гацаж зогсоно. Энэ нь илүү оргил ачаалалтай цагуудад хэрэглэгч бүрд мэдрэгддэг.
Орчин үед өндөр хурдны хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээ нь нийгэм ба эдийн засгийн хөгжилд бодитоор эерэг нөлөө үзүүлж эхэлсэн. Цаашид хөдөлгөөнт холбооны операторууд нь сүлжээний ачааллын өсөлтөө тогтмол хянаж, урьдчилан төлөвлөж, зохицуулах шаардлагатай.
Хөдөлгөөнт холбооны сүлжээний хүчин чадлыг сайжруулах дараах 4 арга байдаг. Үүнд:
1. Сүлжээг нягтруулах – бааз станцын тоог нэмэгдүүлэх.
2. Ачааллыг хуваах – гол ачааллыг хөдөлгөөнт бааз станцаас холдуулж суурин сүлжээ, Wi-Fi сүлжээнд шилжүүлнэ.
3. Радио давтамжийн ашиглалтыг нэмэгдүүлэх - шинэ технологи ашиглан ачааллыг шахаж бага хэмжээний радио давтамжийн зурвасаар дамжуулах.
4. Нэмж хөдөлгөөнт холбооны радио давтамжийн зурвас авах - хэрэв засгийн газар нь хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээнд нэмэлт зурвас хуваарилвал оператор компаниуд нь түүнээс авч сүлжээний хүчин чадлаа нэмэгдүүлж болно.
- Дэлхийн зарим улс орнууд хөдөлгөөнт холбооны 5G технологруу шилжиж байгаа тухай яригдаж байна. Манай орон 4G-г алгасаад шууд 5G-д шилжиж болохгүй юу?
Өнөөдөр 5G технологийн талаар гарсан тодорхойлолт болон тодорхой техникийн стандарт батлагдаагүй байна. Өнөөдөр Европ, Зүүн Ази, Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд нь 5G технологи дээр бүгд бие даан судалгаа, шинжилгээ явуулж байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллага болон эдгээр судалгаа, шинжилгээний ажлын хэсгүүд нь 5G технологийг IMT-2020 гэж нэрлэсэн бөгөөд 2020 онд зах зээлд танилцуулагдана гэж үзэж байна. Олон улсын судалгааны илтгэлүүдээс дүгнэхэд 5G үйлчилгээг радио давтамжийн 6-60 ГГц-ийн зурваст төлөвлөж байна.
- Мэдээж ухаалаг утасны интернет хэрэглээ өмнө нь зөвхөн ярих, мессеж бичих үйлчилгээнээс илүү өндөр өртөгтэй болж хэрэглэгчдээ төлбөрийн дарамтад оруулах хандлагатай юу?
Гар утсаараа интернетэд ордог болсон цагаас хойш хүмүүсийн ажиллах, нийгэмших, мэдээлэл солилцох, дэлхий даяар бараа түгээх зэрэгт хувьсал өөрчлөлтүүд гарч улс орны нийгэм, эдийн засагт бодитой нөлөөлж эхэлсэн. Судалгаагаар хүмүүс ухаалаг гар утсаа авч үлдэх, интернет холболттой байхын тулд тэвчиж болох зардалаас татгалзаж байна. Жишээ нь архи, тамхи, кофе, шоколад гэх мэт шаардлагагүй зуршлуудаасаа татгалзаж байна.
Манай орны гар утас идэвхтэй хэрэглэгчдийн тоо 3 сая гаруй, ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо 1.6 сая гаруй байгаа судалгаагаар хүн амтайгаа харьцуулахад ухаалаг утасны хэрэглээ дэлхийн хөгжингүй орнуудтай ижил төвшинд байдаг.
- Зохицуулах хороо нь утасгүй өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээнд зориулж шинээр радио давтамжийн зурвас хуваарилж байна уу?
Дэлхийн радио холбооны их хурлаар (ДРХИХ) сансрын холбоо, сансрын орбитын ашиглалт болон газрын радио давтамж ашиглалттай холбоотой олон асуудлыг шийдвэрлэдэг. Үүн дотор хөдөлгөөнт холбооны дараа үеийн технологид ашиглах радио давтамжийн зурвасууд, зурвасын зохицуулалтыг баталдаг. Ирэх ДРХИХ-д бэлтгэх бүс нутгийн чуулга уулзалтуудаар дараа үеийн хөдөлгөөнт холбооны технологид зориулж тодорхой хэмжээний зурвасыг батлахаар хэлэлцэж байна. Гэвч тодорхойлж буй зурвасууд нь аль хэдийн өөр өөр үйлчилгээнд ашиглагдаж байгаа учир хуучин үйлчилгээг зогсоох, өөр радио давтамжийн зурваст шилжүүлэх гэх мэт нилээд их зохицуулалтын ажлууд хийгдэх шаардлагатай байгаа.
- Дэлхийн радио холбооны их хурал нь дээрх тулгамдаж буй асуудлуудад хэрхэн нөлөөлдөг, сүүлийн хурлын үр дүн юу байсан талаар танилцуулна уу?
ДРХИХ нь 4 жилд 1 удаа хуралддаг ба дэлхийн 170 гаруй орны 3000 гаруй төлөөлөгчид, 200 гаруй ажиглагч, 800 гаруй үйлдвэрлэгч болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцдог дээд хэмжээний уулзалт юм. Энэхүү хурал нь утасгүй холбооны үйлчилгээг зохицуулах шинэ, сайн арга замуудыг тодорхойлохоос гадна технологийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж өгдөг. 2012 оны ДРХИХ-аас хөдөлгөөнт холбоонд баталсан зарим шийдвэрийг дурдвал:
- Дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд 700 МГц-ийн радио давтамжийн зурвасыг баталж улс орнуудыг энэхүү зурвасыг аналог ТВ-ийн өргөн нэвтрүүлгээс 2016 оны 6 сарын 16 гэхэд бүрэн чөлөөлөхийг уриалсан.
- LTE-Advanced болон WirelessMAN-Advanced технологиудыг 4G технологи гэх ба аль аль нь суурин горимд 1 Гбит/с хурдыг, хөдөлгөөнт горимд 100 Мбит/с хурдыг дэмжих чадвартай байна гэх мэт олон шийдвэрүүд бий.
- Одоо удахгүй болох Дэлхийн радио холбооны их хурлын талаар сэтгэгдэлээ хэлэхгүй юу?
Энэ удаагийн Радио холбооны их хурал нь (WRC-15) Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд радио давтамжийн зурвас нэмж хуваарилах, хиймэл дагуул хөөргөхөд холбогдох зохицуулалтын асуудлуудыг өөрчлөх асуудлууд хэлэлцэж байгаа нь олон улсын анхаарлаа хандуулах голлох сэдвүүд болж байна.
· Ажлын хэсэг 1-ийн хэлэлцэх асуудал 1.1-ээр дараах радио давтамжийн зурвасыг Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд тодорхойлсон. Үүнд: 1 427-1 452 МГц, 1 492-1 518 МГц, 470-694/698 МГц, 1 350-1 400 МГц, 1 518-1 525 МГц, 1 695-1 710 МГц, 2 700-2 900 МГц, 3 400-3 600 МГц, 3 600-3 700 МГц, 3 700-3 800 МГц, 3 800-4 200 МГц, 4 500-4 800 МГц, 5 350-5 470 МГц, 5 725-5 850 МГц, 5 925-6 425 МГц, 1 452-1 492 МГц, 3 300-3 400 МГц, 4 400-4 500 МГц, 4 800-4 990 МГц.
Ази номхон далайн цахилгаан байгууллагын (АНДЦХБ) гишүүн орнуудын нэгдсэн санал нь дээрх радио давтамжийн зурвасуудаас зөвхөн 1 427-1 452 МГц, 1 492-1 518 МГц-ийн зурвасыг Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд (IMT) дэмжсэн байр суурьтай байна. Европын орнууд буюу Дэлхийн радио холбооны 1-р бүсийн орнууд 1 427-1 452 МГц, 3400-3800 МГц-ийн радио давтамжийн зурвасыг Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд дэмжиж байна.