Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Орон тооны бус зөвлөлийн ээлжит хурал хуралдлаа.
Орон тооны бус зөвлөлийн ээлжит хурал хуралдлаа.
2023-01-02

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих Орон тооны бус зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус хурлаар хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах ажлын хүрээнд 2022 онд хийгдсэн ажлын тайлан болон радио, телевизээр хүүхдэд зохисгүй байж болзошгүй агуулга нэвтрүүлсэн тухай болон хүүхдийн нэвтрүүлгийн талаарх Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн гомдлыг шийдвэрлэсэн талаарх тайлан мэдээг хэлэлцсэн бөгөөд, Орон тооны бус зөвлөлийн 2023 оны ажлын төлөвлөгөө, Зөвлөлд гомдол хүлээн авах болон шийдвэрлэх маягтыг батлан, хүүхдэд зохисгүй агуулга нэвтрүүлсэн байж болзошгүй тухай иргэнээс ирүүлсэн дараах  2 гомдлыг шийдвэрлэлээ.

1.    “MGL” фм радиогоор нэвтрүүлж буй “Томчуудын шивнээ” нэвтрүүлэг нь хүүхэд залуусын сэтгэхүй, хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаа тул тус нэвтрүүлгийг зогсоож өгнө үү” гэсэн иргэнээс ирүүлсэн гомдлыг хянан үзэхэд тус нэвтрүүлэг нь 22:00 цагаас хойш нэвтрүүлдэг байх бөгөөд агуулгын хувьд бэлгийн боловсрол олгох зорилготой ба нэвтрүүлэг эхлэхээс өмнө насанд хүрэгчдэд зориулсан агуулгатай тухай анхааруулж хэлж байгаа нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 87 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан Радиогийн хөтөлбөрт тавигдах шаардлагын 4.4 дэх хэсэгт “18+ нэвтрүүлгийг 06:00-22:00 цагийн хооронд нэвтрүүлэхгүй, давтан дамжуулахгүй.” гэж заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

Харин тус нэвтрүүлгээр зарим тохиолдолд уншдаг “Насанд хүрэгчдэд зориулсан өгүүллэг” нь Садар самуунтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт “Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчлахыг хориглоно.” Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2. дах хэсэгт “Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг бэлтгэх, тараах, борлуулах, энэ зорилгоор хадгалахыг хориглоно.” гэж заасныг зөрчих тул нэвтрүүлэг бэлтгэн хүргэхдээ тус хуулийг баримтлах талаар зөвлөмж хүргэхээр шийдвэрлэлээ.

2.    “Гадаад кино нэвтрүүлгийг орчуулан хүргэхдээ хараалын үгийг тэр чигт нь орчуулж хэлж байгаа нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна” гэсэн иргэнээс ирүүлсэн гомдлыг хянан үзээд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 01 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлагын 4.1 дэх хэсэгт “Телевиз нь хөтөлбөр бэлтгэж дамжуулахдаа хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах зорилгоор редакцад хяналтын тогтолцоог бүрдүүлж, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7-д заасан хөтөлбөрийн дүрмийг мөрдөж ажиллана.” 4.2 дах хэсэгт “Телевиз нь нэвтрүүлэг, бүтээлд Монгол Улсын холбогдох хуулиар хориглосон болон энэхүү шаардлагын 4.1-д заасан хөтөлбөрийн дүрэмд тусгасан зохисгүй контент бүхий зураг, дуу, авиа, дүрс бичлэг болон бүдүүлэг, доромж үг хэллэг байгаа эсэхийг хянаж, зохисгүй агуулга бүхий хэсгийг хасах, дууг хаах, дуут сигналаар орлуулах, дүрсийг бүдгэрүүлэх зэрэг техникийн хязгаарлалт хийх арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөн боловч иргэнээс гомдлыг ирүүлэхдээ тодорхой тохиолдлыг дурьдаагүй тул Зөвлөлөөр тухайлан бүдүүлэг үг хэллэгийг авч үзэх, аль нэг телевиз дүрэм зөрчсөн эсэхийг хэлэлцэн шийдвэр гаргах боломжгүй гэж үзлээ. Иймд телевизүүдэд дээр дурьдсан асуудлаар зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн Орон тооны бус зөвлөлийн Ажлын албанаас дээр дурьдсан асуудлаар болон хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах, хүүхдийн нэвтрүүлгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар зөвлөмж бэлтгэн нийт радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.