Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Олон улсын захидал бичгийн уралдааны дүн гарлаа
Олон улсын захидал бичгийн уралдааны дүн гарлаа
2024-04-26
Олон улсын захидал бичгийн уралдааны дүн гарлаа Олон улсын захидал бичгийн уралдааны дүн гарлаа

Дэлхийн шуудан холбооноос 53 дахь удаагаа зарласан “Ирээдүй, хойч үедээ өвлүүлэн үлдээхийг хүсэж буй дэлхийнхээ талаар бичээрэй” олон улсын өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн уралдааныг Монгол Улсын хэмжээнд 8 дахь жилдээ Монгол Шуудан ХК-тай хамтран зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

Уралдаан 2024 оны 1-р сарын 29-нөөс 2-р сарын 29-ний өдрийг хүртэл орон даяар зарлагдаж, нийт 700 гаруй ерөнхий боловсролын сургуулийн 1500 хүүхэд захидал бичиж ирүүлжээ.

Захидал бичлэгийн уралдаан нь хүн төрөлхтний түүхэн өв уламжлалын нэг болох захидал бичгийн соёлоор дамжуулан эх хэлний боловсролыг дэмжих, өсвөр насны хүүхдүүдийн бичгийн хэлний болон уран сэтгэмж, өөрийгөө илэрхийлэх ур чадварыг хөгжүүлэх, хүсэл мөрөөдлийг урамшуулах зорилготой билээ.

Хүүхдүүд захидлаараа дамжуулан байгаль орчин ногоон ирээдүй бүтээхийг уриалж, захидалдаа эх дэлхийнхээ талаар, өөрсдийн хүсдэг сайхан ирээдүйн тухай бодол санаагаа уран яруугаар илэрхийлэн бичжээ.

Уралдаанд ирүүлсэн захидлуудын эхний шалгуур нь шуудангийн хаягаа бичвэрийн дагуу зөв бичсэн эсэх байсан. Шуудангийн хаягийн бичвэр нь дараах байдлаар бичигдэх юм.

Овог: .................................... Нэр: ........................................,

Анги: .............................................. Сургууль: .....................

Сум/Дүүрэг: ..........................................Аймаг/Хот: ................................

Шуудангийн нэгдсэн код: ...............................

Холбоо барих утасны дугаар: ..........................................

Шуудангийн хаягаа хэрхэн зөв бичих зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсэн сурталчилгааны мэдээлэлд үүнийг маш тодорхой зааж өгсөн. Хаягаа зөв бичсэн захидлуудаас дараагийн шатны шалгаруулалтыг хийж, 125 захидал үлдсэнээс шагналт 15 байрны захидлыг мэргэжлийн шүүгч нар дараах шалгуурын дагуу шүүж, шалгарууллаа.

1.       Захидлын бүтэц, найруулга

2.       Сэдэв, агуулгын судалгаа

3.       Асуудлыг тодорхойлсон байдал

4.       Гаргасан санаа, уриалга

5.       Хэрэгжих боломж, шийдэл

6.       Өөрийн онцлог, өнгө аяс

7.       Бусад эх сурвалжаас хуулсан эсэх

8.       Зөв бичгийн дүрэм, бичгийн хэлбэр, цэвэр нямбай байдал

Уралдааны шагналт 15 байранд дараах хүүхдүүдийн захидал шалгарсан байна. Үүнд:

Тэргүүн байранд:

  • Б.Баярчимэг – Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 37-р сургуулийн 9а ангийн сурагч;

Дэд байранд:

  • Б.Оргилмаа - Өмнөговь аймаг Манлай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9б ангийн сурагч;
  • Э.Эгшиглэн – Нийслэлийн Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын Шинэ эрин сургуулийн 11б ангийн сурагч;

Гуравдугаар байранд:

  • С.Есүй - Сэлэнгэ аймгийн Хөтөл хотын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 7б ангийн сурагч;
  • Ц.Есүгэн - Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 75-р сургуулийн 4в ангийн сурагч;
  • З.Энхжаргал – Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 50-р сургуулийн 9б ангийн сурагч.

Дөрөвдүгээр байранд:

  • Б.Солонго - Архангай аймаг Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 11в ангийн сурагч;
  • Х.Буяндорж – Орхон аймаг Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 8-р сургуулийн 9р ангийн сурагч;
  • С.Оюун-Эрдэнэ – Завхан аймаг Улиастай сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 9б ангийн сурагч;
  • П.Цэлмүүн – Дорнод аймаг Халхгол сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8а ангийн сурагч;

Тавдугаар байранд:

  • Х.Номин – Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын Ирээдүй цогцолбор сургуулийн 6з ангийн сурагч;
  • Х.Танан – Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын Жет  сургуулийн 10а ангийн сурагч
  • Ж.Яруу-Эгшиглэн – Сүхбаатар аймаг, Уулбаян сумын Ерөнхий боловсролын сургуулийн 5а ангийн сурагч;
  • Н.Халиун- Дархан Уул аймаг, Дархан сумын Ерөнхий боловсролын Од цогцолбор сургуулийн 4-8 ангийн сурагч;
  • Б.Мөнхцацрал - Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 5б ангийн сурагч тус тус шалгарлаа.

Тэргүүн байр эзэлсэн үндэсний ялагч Б.Баярчимэг өөрийн захидалдаа “Юуны төлөө дайн байлдаан хийнэ вэ? Аавыгаа, эр нөхрөө, хүүгээ хүлээн нүдээ ширгэтэл харуулдан суух хүмүүс, алтан амины нь араас гашуудан урсгах нулимс, эх орноосоо дүрвэх шаардлагатай болсон иргэд, гэмгүй олон хүний амь, айдсаар эрх мэдэл, ноёрхлыг л тогтооно гэж үү? Ийм ирээдүйг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхийг үл хүснэ.”

Б.Оргилмаа: “Энэ дэлхийн бүх улс үндэстэн эх дэлхийгээ хайрлах хүсэл зорилгод нэгдэж, ой мод нь ногоорсон, далай тэнгис нь цэнхэртсэн, шувуу нь жиргэсэн, ан амьтад нь сүлжилдсэн, загас жараахай нь бужигнасан, агаар нь тунгалаг ийм сайхан дэлхийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийг хүүхэд бид уриалж байна. ”

З.Энхжаргал: “Бидний хойч ирээдүй хүртэх усгүй, цээж дүүрэн амьсгалах агааргүй, агаар түгээх модгүй, үүрдийн ган гачигтай, тас харанхуй ирээдүй угтаж авахыг хүсэхгүй.”

С. Есүй: “Хүүхдүүд бүхэн эдэлж хэрэглэж байгаа зүйлдээ хямгатай гамтай хандаж, амьтай бүхнийг хайрлах, өрөвдөх, хамгаалах нинжин сэтгэлтэй өсвөл энэ дэлхий минь ирээдүйд хайрлагдаж, хамгаалагдаж оршино.”

Ц.Есүгэн: “Монголын дийлэнх хүмүүс өндөр боловсрол эзэмшсэн гэх гэрчилгээтэй болох боломжтой байдаг ч ядаж, хогоо хогны саванд хийж, гудамж талбайгаа бохирдуулахгүй, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлдэг болчихвол жинхэнэ боловсрол тэндээс харагдана гэдэгт би итгэж байна.”

Б.Солонго: “Ирээдүйд бидний амьдрах дэлхийг бүтээх шидэт дохиур бол эх орон, байгаль дэлхийгээ хайрлах хүн төрөлхтний сэтгэл зүрх билээ. Үлгэрт гардаг шидэт дохиур зүрх сэтгэлд минь байсан байх нь ээ.”

С.Оюун-Эрдэнэ: “Толгойноос өлмий хүртэл эдээр биеэ гоёсон охор толгойтноос илүү, толгойноос өлмий хүртэл эрдмээр биеэ гоёсон эх дэлхийнхээ аврагч нь байцгаая.”

Х.Буяндорж: “Эх дэлхийгээ хайрлаж, хамгаалах нь их хэцүү зүйл яг үнэндээ биш ээ. Зүгээр л хандлага, ухамсар үйлдлээ хүн бүр зөв болгож чадвал, энэ бол хэцүү зүйл биш юм. Эзний сэтгэлээр хамтдаа....”

Б.Мөнхцацрал: “Бид хэрвээ одоо байгаагаараа насан туршдаа явбал Монгол Улсын минь өв соёл, мартагдаж магадгүй. Иймээс бид ирээдүйгээ сайхан байлгахын тулд бүх харилцаа, соёл, өөрийгөө хайрлах гэх мэт аргуудад суралцах ёстой.”

Ж.Яруу-Эгшиглэн: “Хүүхэд багачууд бидэнд уух усгүй, гишгэх газаргүй, үзэсгэлэнт байгаль, газар нутаг үгүй, уул уурхай олонтой, байгалийн гамшиг, цөлжилт, ган гачигтай газар нутгийг өвлүүлэн үлдээчих вий гэхээс айж байна.”

Н.Халиун: “Ирээдүй хойч үедээ эрүүл дэлхийг бэлэглэн үлдээе гэж бүх хүнд уриалмаар байна.”

Х.Номин: “Хэл соёл гэдэг хамгаас чухал. Өөрсдийн үнэт өв болсон босоо монгол бичгээрээ уншиж, бичиж чадахгүй байна гэдэг эмгэнэл.”

Энэ жилийн захидлын уралдаанд сургууль, анги хамт олноороо идэвхтэй оролцсон дараах сургуулиудын багш, сурагчдад талархал илэрхийлье. 

  • Өмнөговь аймаг Манлай сумын Ерөнхий боловсролын сургуулийн  9б анги;
  • Сэлэнгэ аймаг Сайхан сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 8а анги;
  • Дорноговь аймаг Алтанширээт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7а анги;
  • Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн 6б анги;
  • Сүхбаатар аймаг Мөнххаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8в анги, Эрдэнэцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7б анги ;
  • Дорнод аймаг Халхгол сумын Ерөнхий боловсролын сургуулийн 6а анги, Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7а анги ;
  • Төв аймаг Мөнгөнморьт сум Ерөнхий боловсролын сургуулийн 9а анги, Зуун мод сум Ерөнхий боловсролын сургуулийн 9а анги;
  • Хөвсгөл аймаг Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 6б анги;
  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 6-р сургуулийн 9г, 9в ангиуд;
  • Нийслэлийн Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын Эрдмийн Ундраа цогцолбор сургуулийн 8-7 анги;

Уралдаанд оролцож захидал ирүүлсэн бүх хүүхдүүддээ сурлагын өндөр амжилт хүсье.

ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР