Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “Үндэсний хиймэл дагуул ба түүний хэрэглээ” сэдвээр...
“Үндэсний хиймэл дагуул ба түүний хэрэглээ” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа
2024-10-29
“Үндэсний хиймэл дагуул ба түүний хэрэглээ” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа “Үндэсний хиймэл дагуул ба түүний хэрэглээ” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, хиймэл дагуулын хэрэглээг нутагшуулах хэрэгцээ шаардлагын талаар сансрын холбоо, тандан судалгааны хиймэл дагуулын хэрэглэгч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, судлаач, эрдэмтдийн оролцсон хэлэлцүүлгийг 2024 оны 10 сарын 24-ний өдөр ШУТИС-ийн төв байранд зохион байгууллаа.

“Үндэсний хиймэл дагуул ба түүний хэрэглээ” арга хэмжээг нээж ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, ХХЗХ-ны Ажлын албаны дарга А.Лувсан-Очир нар үг хэлсэн бөгөөд Монгол Улс сансрын орон, сансрын нөөцийг тогтвортой хөгжил, хүмүүсийн сайн сайхны төлөө ил тод, хүртээмжтэй, хамтран ашиглах, өөрийн харилцаа холбооны болон зайнаас тандан судлалын хиймэл дагуултай болох, мөн гадаад улсуудтай сансар судлалын чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлж, сансрын чиглэлээр хүний нөөц бэлтгэх нь чухал ач холбогдолтой талаар онцоллоо.

Хэлэлцүүлгийн үеэр “Монгол Улсад сансар судлал, сансрын техник технологийн түүхэн хөгжил”, “Сансрын холбооны технологийн чиг хандлага, Монгол Улс харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөж ашиглах шаардлага”, “Зайнаас тандан судлалын хиймэл дагуул, түүний хэрэгцээ шаардлага”, “Гамшигтай тэмцэх үйл ажиллагаа ба хиймэл дагуул”  зэрэг илтгэлүүдийг танилцуулж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлэгт харилцаа холбооны болон зайнаас тандан судлалын хиймэл дагуулыг үйл ажиллагаандаа ашигладаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл, шинжлэх ухааны академи, их, дээд сургууль, төрийн бус байгууллагын эрдэмтэн судлаачид зэрэг 30 орчим байгууллагын 150 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж Сансрын бодлогын үндэсний зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэв.