“МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ-2025” эрдэм шинжилгээний 12 дахь удаагийн хурлыг МУИС-ийн Мэдээлэл технологи, электроникийн сургууль “Хиймэл оюун” сэдвээр 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр МУИС-ийн Төв номын сангийн байранд зохион байгууллаа.
Хурлын хүрээнд “Хиймэл оюун”, “Кибер аюулгүй байдал”, “Дижитал конвержинс”, “Холбоо харилцаа, сүлжээ”, “Тооцоолол, мэдээллийн технологийн хэрэглээ”, “Эх хэл боловсруулалт”, “Компьютерын хараа”, “Дохио боловсруулалт, автомажуулалт” гэсэн салбар хуралдаанууд болов. Хуралд ШУА, ШУТИС, МУИС, МУБИС, АШУҮИС, СЭЗИС, ХААИС, ДХИС, ҮБХИС, Хүрээ МХТДС, Нэст Эдүкэйшин АЙТ сургууль, Отгонтэнгэр Их сургууль, Улсын Их Хурлын Тамгын газар, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг дотоодын их сургууль, төрийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагууд, мөн БНСУ-ын Квангвон Их Сургууль, Сангмён Их Сургууль, Япон улсын Шибаүра Технологийн Их Сургууль, Күмамото Их Сургууль, Рицүмэйкан Их Сургуулийн профессор, судлаачид оролцож нийт 45 аман илтгэл, 34 үзүүлэн илтгэлээр судалгааны үр дүнгээ хэлэлцүүллээ.
Их өгөгдөл, хиймэл оюуны чиглэлээр Монгол Улсаас төрийн бодлогоо тодорхойлох, хөгжлийн стратеги төлөвлөгөө гаргахаар ажиллаж байгаа бөгөөд ЦХИХХЯ-ны Инновацын бодлого зохицуулалтын газрын дарга П.Мөнхбат Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийн төслөө танилцуулсан юм.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар жил бүр шилдэг илтгэлийг шалгаруулж, ХХЗХ-ны нэрэмжит “ШИЛДЭГ СУДЛААЧ” цом, мөнгөн шагналаар шагнадаг уламжлалтай. Энэ удаагийн ММТ 2025 хурлын “ШИЛДЭГ СУДЛААЧ”-аар МУИС-ийн Мэдээлэл технологи, электроникийн сургуулийн ахлах багш Доктор (Ph.D) дэд профессор П.Далайжаргал, Г.Гантулга нар “Өсөн нэмэгдэх Стохастик Блок Загвар” сэдэвт илтгэлээр шалгарлаа.
“ММТ 2025” хурал нь Мэдээллийн технологийн чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулж буй сургууль, байгууллагуудын эрдэмтэн, судлаач, салбарын ажилтнуудын судалгааны үр дүнгээ хэлэлцүүлсэн, санал бодлоо солилцсон, мэдлэг түгээсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болов.