Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит...
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио, телевизийг бүртгэж дууслаа
2024-05-29
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио, телевизийг бүртгэж дууслаа Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио, телевизийг бүртгэж дууслаа

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9 дэх хэсэгт заасны дагуу олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх бол сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг мөн хуульд заасан бичиг баримтын хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө буюу 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөрт багтаан хүргүүлж, бүртгүүлэх үүрэгтэй.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь дээрх чиг үүргийнхээ хүрээнд 2024 оны 05-р сарын 10-ны өдрөөс 05-р сарын 28-ны өдрийн 24:00 цаг хүртэл сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио, телевизийн мэдэгдлийг хүлээн авч ажиллалаа. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9  (46.9 дэх хэсгийн 46.9.1, 46.9.2, 46.9.3 заалтууд), 46.11 дэх хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 02-р сарын 26-ны өдрийн 12 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журмын 3.7 дах хэсэгт тус тус заасны дагуу радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс ирүүлсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хуульд заасан хугацаанд хүлээн авч, хууль, журамд заасан шаардлага хангасан эсэхийг хянаж, бүртгэсэн болно.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны 05 сарын 29-ний өдрийн Хуралдааны 121 тоот тогтоолоор сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхээр мэдэгдэл ирүүлсэн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэж, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио, телевизийг жагсаалтыг тус тогтоолын 1 дүгээр хавсралтаар гаргалаа. 

Тайлбар: * тэмдэглэгээтэй тоонд МҮОНРТ –ийн сувгуудыг оруулаагүй болно.

       Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх боломжтой нийт 153 радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс 125 үйлчилгээ эрхлэгч буюу 83 телевиз, 42 радио сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлээ ирүүлж бүртгүүлсэн байна.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.21 дэх хэсэгт “Харилцаа холбооны зохицуулах хороо олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн баталсан хуваарь, цаг болон сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон радио, телевизийн жагсаалтыг сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд хүргүүлж, өөрийн байгууллагын цахим хуудаст байршуулан нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхээр бүртгүүлсэн радио, телевизийн жагсаалтыг олон нийтэд мэдээлж байна.

        Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.10-т зааснаар зөвхөн бүртгүүлсэн радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй болно.

 

Харилцаа холбооны зохицуулах хороо

Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар