Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл...
Харилцаа холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2023 оны жилийн эцсийн статистик
2024-08-01

Харилцаа холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2023 оны жилийн эцсийн статистик мэдээллийн эмхэтгэлтэй танилцана уу.

2023 оны жилийн эцсийн байдлаар харилцаа холбооны үйл ажиллагаа эрхлэх 765 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаагаас 85.75 хувь нь зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж, тайлан мэдээгээ ирүүлснийг нэгтгэн танилцуулж байна.

Татаж авах https://www.crc.gov.mn/list/zah-zeel-rs-ld-n/mn

2023 оны жилийн эцсийн байдлаар:

Нийт дүнгээр орлого өсч, хөрөнгө оруулалтын хэмжээ тогтмол байна. Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн нийт орлого 2023 оны байдлаар 2.1 их наядад хүрсэн нь өмнөх оноос 12.8 хувиар өссөн. Харин нийт хөрөнгө оруулалт 338.1 орчим тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар буурсан байна. Нийт хөрөнгө оруулалтын 79.40 хувийг үүрэн холбооны сүлжээ, үйлчилгээнд, 8.41 хувийг хот, хот хоорондын сүлжээ байгуулахад зориулсан байна.

Гар утасны дата хэрэглээ өсч байна. Үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчийн тооны өсөлт саарсан ч нийт дата хэрэглээ 28 хувиар, үйлчилгээний орлого 14.5 хувиар тус тус өссөн.  Гар утсаар интернэтэд холбогдож байгаа хөдөлгөөнт өргөн зурвасын хэрэглэгчийн тоо 3 хувиар өсчээ.

Телефон ярианы хэрэглээ тогтмол байна. Гурвалсан үйлчилгээтэй холбоотойгоор суурин телефон холбооны идэвхтэй хэрэглэгчийн тоо 10.3 хувиар өссөн ч тэдгээр хэрэглэгчдийн 36 хувь нь л суурин утсаа ашиглаж байна. Үүрэн болон суурин ярианы ачаалалд онцын өөрчлөлт гараагүй, ярианы хэрэглээ хэвээр байна.

Суурин интернэтийн нэвтрэлт орон нутагт удаашралтай байна. Суурин интернэт хэрэглэгчийн тоо  Улаанбаатар хотод 19 хувь, орон нутагт 2 хувиар тус тус өссөн ба нийт дүнгээр 14.3 хувиар өссөн. Дунджаар нийт өрхийн 48 хувь суурин интернэтэд холбогдсон нь өмнөх жилээс 4.3 нэгжээр нэмэгджээ. Интернэтийн гадаад урсгалын багтаамж 20 Гбит/сек-ээр нэмэгдсэн байна.

IPTV-ээс бусад телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний хэрэглэгч буурч байна. Нийт дүнгээр ОСДҮ-ний хэрэглэгч 0.2 хувиар буурсан ч УБ хотын IPTV хэрэглэгчийн тоо өмнөх оноос 20 хувиар өсчээ. 2022 онд IPTV хэрэглэгч орон нутагт 20 хувиар өсч байсан бол 2023 онд нэмэгдээгүй байна. (Одоогоор ОСДҮ-ний хэрэглэгчийн тоонд ОТТ үйлчилгээг оруулаагүй болно.)

Радио, телевизийн үйлчилгээний орлого өссөн. Өргөн нэвтрүүлгийн ТВ-ийн орлого 11.2%, Арилжааны болон төлбөртэй ТВ-ийн орлого 55.7%, Радиогийн орлого 19.7 хувиар тус тус өссөн байна.

Шуудангийн солилцоо болон орлого буурсан. Шуудангийн үйлчилгээний орлого 40.7 тэрбум ба өмнөх оноос 16.7 хувиар буурсан. Улс хоорондын шуудан солилцоо 32.1 хувиар, дотоодын шуудан солилцоо 3.5 хувиар тус тус буурчээ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкүүдээс татаж үзнэ үү.

Эмхэтгэл: https://www.crc.gov.mn/list/zah-zeel-rs-ld-n/mn

            Үндсэн үзүүлэлтийн PPT ба Эксел дата: https://statistic.crc.gov.mn/ecrc/#/dashboard