Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Хөдөлгөөнт холбооны 5 дахь үеийн технологид ашиглах...
Хөдөлгөөнт холбооны 5 дахь үеийн технологид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, зохицуулалт
2022-06-07
Хөдөлгөөнт холбооны 5 дахь үеийн технологид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, зохицуулалт Хөдөлгөөнт холбооны 5 дахь үеийн технологид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, зохицуулалт
  1. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.  Энэхүү баримт бичгээр Радио долгионы тухай хуулийн 51.1.2[1], Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.5[2] дахь заалт, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны А/45 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл”-ийг тус тус үндэслэн хөдөлгөөнт холбооны 5 дахь үеийн технологи, сүлжээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, зохицуулалт ба техникийн нөхцөл шаардлагыг тодорхойлоход оршино.

1.2. Радио давтамжийн зурвасын хуваарилалт, зохицуулалт, техникийн нөхцөл шаардлагад олон улсын хөдөлгөөнт холбооны стандартчиллын 3GPP байгууллагаар тодорхойлогдсон дараа үеийн хөдөлгөөнт холбооны сүлжээний систем болон утасгүй суурин өргөн зурвасын үйлчилгээнд ашиглах радио давтамжийн зурвасууд хамаарна.

  1. ХОЛБОГДОХ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГҮҮД
    1. Харилцаа холбооны тухай хууль.
    1. Радио долгионы тухай хууль.
    1. Монгол Улсын Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт. (ХХМТГ-ын даргын 2020 оны А/80 дугаар тушаал)
    1. Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл (ХХМТГ-ын даргын 2020 оны А/45 дугаар тушаал)
    1. Радио давтамж ашиглах эрхийн бичиг олгох, түүний хугацааг сунгах, шилжүүлэх, хүчингүй болгох журам (ХХМТГ-ын даргын 2020 оны А/46 дугаар тушаал)
    1. Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам (ХХЗХ-ны 2021 оны 34-р тогтоол)
    1. Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ (ХХЗХ-ны 2020 оны 71-р тогтоол)
    1. Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-аас батлагдсан дараах шийдвэрүүдийн сүүлийн хувилбарууд. Үүнд:
  • Нэгдүгээр зэрэглэлээр суурин үйлчилгээнд хуваарилагдсан радио давтамжийн зурвасыг хөдөлгөөнт холбооны системийн суурин, утасгүй өргөн зурвасын үйлчилгээнд ашиглах (Тогтоол 175 (WRC-19));
  • Хөдөлгөөнт холбооны системд тодорхойлогдсон нэмэлт радио давтамжийн зурвасууд (Тогтоол 223 (rev.WRC-19)).
  1. ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛБАР

3.1.   Энэ баримт бичигт товчилсон үгийг дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

  • “eMBB”- enhanced mobile broadband гэж өргөтгөсөн өндөр хурдны хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээг;
  • “mMTC”- massive machine type communications гэж олон тооны төхөөрөмж хоорондын үйлчилгээг;
  • “uRLLC”- ultra-reliable and low latency communications гэж найдваржилт өндөртэй, хугацааны хоцрогдол багатай үйлчилгээг;
  • “SUL”- Supplementary Uplink гэж илгээх үндсэн зөөгчийн багтаамж, хурдыг нэмэгдүүлэх нэмэлт радио давтамжийн зурвасыг;
  • “5GC” гэж хөдөлгөөнт холбооны тав дахь үеийн үндсэн сүлжээний цөмийг;
  • “EPC”- Evolved Packet Core гэж хөдөлгөөнт холбооны дөрөв дэх үеийн үндсэн сүлжээний цөм гэж.
  1. EРӨНХИЙ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА

4.1.   Хөдөлгөөнт холбооны 5G радио хандалтын сүлжээг нэвтрүүлэх үйлчилгээ эрхлэгчийн үндсэн сүлжээ нь “EPC” эсвэл “5GC” цөмд суурилсан байх ба  хөдөлгөөнт холбооны үүрийн бүтэц, зохион байгуулалт, холболт, сайтын тоог нарийвчлан тодорхойлсон төлөвлөгөөтэй байна.

4.2. Үндсэн сүлжээний цөм (core network), дамжуулах (backhaul) болон радио хандалт (radio access network)-ын сүлжээ нь өгөгдлийн холболтод суурилсан “eMBB”, “mMTC”, “uRLLC” үйлчилгээнүүдийг үзүүлэх боломжтой байх ба эдгээр үндсэн үйлчилгээнүүдийг зэрэг үзүүлэхийг шаардахгүй.

4.3.  Үйлчилгээ эрхлэгч нь Олон улсын стандарчлалын 3GPP байгууллагаас тогтоосон стандартын дагуу боловсруулж Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газраар батлагдсан 5G радио хандалтын сүлжээний стандарт, техникийн нөхцөл шаардлагыг ханган биелүүлнэ.

4.4.   Радио хандалтын сүлжээний тоног төхөөрөмжийн загвар тус бүрийг олон улсын эсвэл үндэсний харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын байгууллагаар баталгаажуулж тохирлын гэрчилгээ авсан байна.

4.5.  Үйлчилгээ эрхлэгч нь 5G радио хандалтын сүлжээнд ашиглах зурвасын ашиглалтыг 3 жилийн дотор бүх аймгийн төвүүдэд нэвтрүүлж радио давтамжийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээг нэмэгдүүлнэ.

  1. РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ БА ЗОХИЦУУЛАЛТ

5.1.  Тав дахь үеийн технологид ашиглах радио давтамжийн зурвасыг хуваарилахдаа ОУЦХБ-ын шийдвэр, зөвлөмж, Дэлхийн радио холбооны дүрэм, үндэсний радио давтамжийн хүснэгт болон олон улсын стандартчиллын 3GPP байгууллагаас баталсан стандартыг үндэслэн ОУЦХБ-ын радио давтамжийн нэгдүгээр бүсэд зөвшөөрөгдсөн зурвасыг ашиглана.

5.2.  Хөдөлгөөнт холбооны 5 дахь үеийн радио хандалтын сүлжээний зурвасыг хүснэгт 1-т үзүүлсэн хамрах хүрээ, технологиор хуваарилна.

Хүснэгт 1. 5G радио хандалтын сүлжээний зурвасын хуваарилалт

Царааны дугаар

Давтамжийн цараа (МГц)

Хэрэглээ

Технологи

Хамрах хүрээ

1

n78

3 300 - 3 400

Хувиийн болон дотоод

TDD

Улаанбаатар хот, аймгийн төв, сум

2

n77

3 400 - 4 000

Нийтийн

3

n79

4 500 - 4 800

4

n257/258

24 250 - 29 500

Нийтийн/

хувийн болон дотоод

5

n259/260

37 000 - 43 500

 

5.3. Хувийн болон дотоод хэрэглээний радио холбооны радио давтамжийн зурвасыг Радио долгионы тухай хуулийн 13.1[3]-ын дагуу радио давтамж ашиглах эрхийн бичгээр олгоно.

5.4.  Технологиос үл хамаарах зарчмыг баримтлан нийтийн 2G, 3G, 4G радио хандалтын сүлжээнд ашиглаж байгаа радио давтамжийн зурвасыг 5G радио хандалтын сүлжээнд хэсэгчлэн болон бүрэн зурвасаар шилжүүлэн ашиглаж болно. Шилжүүлэн ашиглах радио давтамжийн царааны хуваарилалтыг хүснэгт 2-т үзүүлэв.

Хүснэгт 2. 5G радио хандалтын сүлжээнд шилжүүлэн ашиглах радио давтамжийн цараа

Царааны дугаар

Давтамжийн цараа (МГц)

Технологи

1

n1

1920-1980 / 2110-2170

FDD

2

n3

1710-1785 / 1805-1880

3

n5

824-841 / 869-886

4

n7

2500-2570 / 2620-2690

5

n8

890-915 / 925-960

6

n20

847-862 / 806-821

7

n28

713-748 / 768-803

8

n40

2300-2400

TDD

9

n78

3400-3480

 

5.5. Хэсэгчлэн болон бүрэн шилжүүлсэн радио давтамжийн зурвасыг динамик спектр хуваалцах (DSS) технологийн горимоор 2G, 3G, 4G сүлжээний үйлчилгээтэй зэрэгцүүлэн ашиглаж болно.

5.6. Хэрэглэгчийн төхөөрөмжөөс бааз станц руу чиглэсэн зөөгч дохионы чанарыг сайжруулах зорилгоор радио давтамжийн “SUL” зурвасыг 5G сүлжээнд ашиглаж болно.

5.7.  “SUL” зурвасыг ашиглах тохиолдолд Зохицуулах хороонд урьдчилан мэдэгдэж тусгай зөвшөөрөлд тэмдэглүүлсэн байна. “SUL” радио давтамжийн зурвасын хуваарилалтыг хүснэгт 3-т үзүүлэв.

Хүснэгт 3. “SUL” радио давтамжийн цараа

Царааны дугаар

Давтамжийн цараа (МГц)

1

n80

1710-1785

2

n81

890-915

3

n82

847-862

4

n83

713-748

5

n84

1920-1980

6

n89

824-841

 

  1. РАДИО ДАВТАМЖИЙН АШИГЛАЛТ

6.1.  Хөдөлгөөнт холбооны 5G радио хандалтын сүлжээний радио давтамжийн зурвасыг Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийн дагуу 2023 оноос эхлэн хуваарилж олгоно.

6.2.   Хөдөлгөөнт холбооны 2G, 3G, 4G радио хандалтын сүлжээнд ашиглагдаж буй радио давтамжийн зурвасыг 5G радио хандалтын сүлжээнд шилжүүлэн ашиглах зөвшөөрлийг 2024 оноос олгоно.

6.3. Нийтийн болон хувийн, дотоод хэрэглээний радио холбоонд ашиглах радио давтамжийн зурвасыг хүснэгт 1-т заасан хамрах хүрээ, технологиор олгох ба нэг үйлчилгээ эрхлэгчид олгох зурвасын өргөнийг хүснэгт 4-т тодорхойлов.

Хүснэгт 4. Нэг үйлчилгээ эрхлэгчид олгох зурвасын өргөн.

Царааны дугаар

Давтамжийн цараа (МГц)

Хэрэглээ

Хамрах хүрээ

Олгох зурвасын өргөн (МГц)

1

n78

3 300 – 3 400

Хувийн болон дотоод

Улаанбаатар

20 хүртэл

Аймаг, сумын төв

40 хүртэл

2

n77

3 400 – 4 000

Нийтийн

Улаанбаатар хот, аймгийн төв, сум

100 хүртэл

3

n79

4 500 – 4 800

4

n257/258

24 250 – 29 500

Нийтийн/

хувийн болон дотоод

400 хүртэл

5

n259/260

37 000 – 43 500

 

6.4. Үйлчилгээ эрхлэгч нь хүснэгт 4-т тодорхойлсон радио давтамжийн цараанаас тусгай зөвшөөрлөөр олгогдсон зурвасыг үр ашигтай ашиглах ба тусгай зөвшөөрөл авснаас хойш 1 жилийн дотор хэрэглэгчдэд үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ.

6.5.  Нийтийн хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын хамрах хүрээг Улаанбаатар хотоос эхэлж олгох ба үйлчилгээ эрхлэгчид нь уг зурвасаар 3 жилийн хугацаанд хамрах хүрээгээ аймаг сумдад өргөжүүлэх боломжтой байна.

6.6.  Үйлчилгээ эрхлэгч нь 4.5-т заасан нөхцлийг хангаагүй тохиолдолд тухайн тусгай зөвшөөрлийн радио давтамжийн зурвасыг байршил, үйлчлэх хүрээний хувьд давхцуулахгүйгээр бусад хүсэлт гаргагчид олгож болно.

6.7. Хөдөлгөөнт холбооны 5G радио хандалтын сүлжээнд ашиглах зурвасыг Радио долгионы тухай хуулийн 11.4[4], Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журмын дагуу олгоно.

6.8.  Радио давтамжийн 100 МГц-ийн өргөн зурвас ашиглаж буй үйлчилгээ эрхлэгч 5G сүлжээг өргөжүүлэх зорилгоор нэмэлт радио давтамжийн зурвасын хүсэлт гаргасан тохиолдолд энэ баримт бичгийн 4-т заасан нөхцөл, шаардлагыг бүрэн хангасныг үндэслэн n77 болон n79 дугаартай цараанаас 50 МГц хүртэл өргөнтэй зурвасыг нэмэлтээр олгож болно.  

6.9.  Радио давтамжийг ашиглах нэг удаагийн болон ашиглалтын төлбөрийн хэмжээ нь Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээгээр бодогдоно.

  1. .      РАДИО ДАВТАМЖИЙН ТУРШИЛТ

7.1.   Үйлчилгээ эрхлэгч нь 5G технологийг ашиглах радио давтамжийн туршилтыг өөрийн ашиглаж буй хөдөлгөөнт холбооны радио хандалтын сүлжээний зурваст болон энэ баримт бичгийн хүснэгт 1-т тодорхойлсон радио давтамжийн зурвасуудад хийж болно.

7.2.  Туршилтын үргэлжлэх хугацаа 3 сар хүртэл байх ба нэг удаа сунгаж болно.

7.3. Туршилтыг хийхдээ Радио долгионы тухай хуулийн 13.1[5]-т заасны дагуу Зохицуулах хорооноос радио давтамж ашиглах эрхийн бичиг авна.

7.4.  Туршилт хийгдэж буй радио давтамжийн зурваст радио давтамжийн ашиглах тусгай зөвшөөрлийн хүсэлт ирсэн тохиолдолд туршилтыг зогсоож өөр зурваст шилжүүлэх зохицуулалтыг Зохицуулах хороо хийнэ.

7.5. Үйлчилгээ эрхлэгч нь өөрийн ашиглаж буй 2G, 3G, 4G радио хандалтын сүлжээний радио давтамжийн зурваст 5G технологийн туршилтыг хийхдээ Зохицуулах хороонд бичгээр мэдэгдсэн байна.

8.    БУСАД

8.1. Дэлхийн радио холбооны их хурлын шийдвэр, олон улсын болон үндэсний радио давтамжийн төлөвлөлт, хүснэгт, техникийн нөхцөл, шаардлагаас хамааруулан энэхүү баримт бичигт тухай бүр нэмэлт, өөрчлөлт орж болно.

 

- - - o 0 o - - -

 

[1]    Радио давтамж, радио давтамжийн зурвасын хуваарилалт хийх, радио давтамжид баримтлах зохицуулалт, радио төхөөрөмжийн техникийн шаардлага, норматив баримт бичиг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих.

 

[2]    Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний өсөн нэмэгдэх хэрэгцээ, шаардлагыг хангах дэд бүтцийг байгуулж, хамрах хүрээг өргөжүүлж, багтаамжийг нэмэгдүүлнэ.

[3]    Иргэн, хуулийн этгээд хувийн болон дотоод хэрэглээний харилцаанд зориулан радио холбоо зохион байгуулах, эрдэм шинжилгээ, туршилтын ажиллагаа явуулах бусад бүх төрлийн радио төхөөрөмжийг нийтийн үйлчилгээний бус зориулалтаар ашиглахад радио давтамж ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичиг /цаашид “эрхийн бичиг“ гэх/олгоно.

[4]    Ижил радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан тохиолдолд сонгон шалгаруулах журмаар тусгай зөвшөөрөл олгоно.

[5]    Иргэн, хуулийн этгээд хувийн болон дотоод хэрэглээний харилцаанд зориулан радио холбоо зохион байгуулах, эрдэм шинжилгээ, туршилтын ажиллагаа явуулах бусад бүх төрлийн радио төхөөрөмжийг нийтийн үйлчилгээний бус зориулалтаар ашиглахад радио давтамж ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичиг /цаашид “эрхийн бичиг“ гэх/олгоно.